Дэлхийн байгаль орчны өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.06.05

Дэлхийн байгаль орчны өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна. Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдрийн  нэг юм. Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа байгаль хамгаалагчид, экологийн салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй хүн бүрт талархал илэрхийлье.

 Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарласан билээ. Энэ нь эдүгээ байгаль орчныг хамгаалах талаар дэлхий нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа болсон бөгөөд жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулагдаж ирлээ. Энэ жил Дэлхийн байгаль орчны өдрийг “Далайн түвшнийг биш дуу хоолойгоо нэмэрлэе” гэсэн нэгдсэн уриан дор улс орнууд өөр өөрийн онцлогийг шингээсэн уриаг дэвшүүлэн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Монгол Улсын хувьд “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” гэсэн уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Улсын Их Хурлаас байгалиа хамгаалах зорилгоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж, хэрэгжүүлснээр олон гол горхи, нуур цөөрөм ширгэхээс аюулаас хамгаалсан чухал арга хэмжээ болсон гэдгийг энэ өдөр онцлон тэмдэглэмээр байна. Миний бие Монгол Улсын Их Хурлын Байгаль орчны, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд цаашид байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрт байдлыг хангах талаар идэвхи санаачлагатай ажиллах болно. Байгаль орчноо хамгаалж, хойч ирээдүйдээ өв болгон үлдээх нь бидний үүрэг хариуцлага юм.

Дэлхийн байгаль орчны өдрийн мэндийг та бүхэнд дэвшүүлье.


Хүндэтгэсэн,
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин,
Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан