Ганц дайчин
Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт аргагүй л ганцаардав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус намын бүлгээс өргөн барьсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг сар шахам хойш нь тавьсны эцэст өчигдөр арайхийн хэлэлцсэн.
Ингээд байнгын хорооны хуралдааны төгсгөлд хэлэлцэж, санал хураах үеэр С.Бямбацогт даргаас өөр үг хэлж, эсрэг санал өгөх хүн гарсангүй. Уг нь байнгын хорооны хуралдаан 14 гишүүний ирцтэй байсан гэх. Гэхдээ Эдийн засгийн байнгын хороонд даргатайгаа цуг харьяалагддаг Л.Энх-Амгалан, А.Тлейхан нар ирээгүй. Ц.Нямдорж гишүүн ирсэн хэрнээ гар өргөөгүй.
Ингээд Ардчилсан намын зарим гишүүн байтугай бүлгийнхээ гурван гишүүний туслалцааг авч чадаагүй
С.Бямбацогт дарга сөрөг хүчинтэйгээ ганцаараа нүүр тулсан нь энэ. Тэрбээр дэмжлэг авахгүйгээ мэдэж байсан ч “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, ажилтай, орлоготой хүний тоо буурч байгаа. Хөрөнгө оруулалт зогссон, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж байгаа. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хийгээд бусад хуулиудыг сайд Н.Батбаяр зөрчсөн” хэмээн огцруулах үндэслэлээ тайлбарласан юм.
Мөн байнгын хороо дэмжсэн ч, дэмжээгүй ч чуулганаар орох үед болъё гэж бодсон уу яасан Н.Батбаяр сайдаас ганц ч асуулт асуухгүй өнгөрнө билээ. Магадгүй эсрэг талд түүнийг хамгаалах хүмүүс эгнээд суучихсан байхад үг хэлээд ч нэмэргүй гэж бодсон байх. Гэхдээ байнгын хорооны хуралдаан дээр ганцаардсан түүнийг чуулганы хуралдаан дээр намынхан нь дэмжих нь дамжиггүй.