УИХ-ын дарга З.Энхболд
2014.06.20

Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны ойн баярын мэндчилгээ

Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нэн хариуцлагатай энэ албанд оюун ухаан, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж ирсэн үе, үеийн удирдлага, албан хаагчид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Та бүхэн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох эрхэм үүрэгтээ эзэн нь болж, улс орон, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах талаар ихээхэн хүч чармайлт, зориг тэвчээр, идэвхи санаачлага гарган хөдөлмөрлөж байгаад Монголын төр засаг, олон нийт гүнээ талархаж байдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ой, хээр, говь тал хосолсон өргөн уудам нутагтай, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд дэлхийн улс орнуудыг хамарсан экологийн өөрчлөлтөөс үүдэн байгалийн гаралтай гамшгийн тоо, давтамж нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ иргэд, байгууллагын анхаарал, болгоомжгүй, хариуцлагагүй байдлаас шалтгаалсан гамшиг, ослын тоо ч төдийлөн буурахгүй байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх үйл ажиллагаагаа иргэдийн идэвхитэй оролцоонд тулгуурлах, албан хаагчдын мэргэжлийн ур чадварт тавих шаардлагыг нэмэгдүүлж, сургалт, бэлтгэлийг чанаржуулан үүрэг гүйцэтгэх чадварыг өндөр түвшинд хүргэх нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн бүх шатны байгууллагын эрхэм зорилт болж байна. Үүнтэй холбоотойгоор материаллаг бааз, техник хэрэгслийн хангалтыг сайжруулж Онцгой байдлын албыг бүх талаар бэхжүүлэх, ажиллагсадын ажиллаж амьдрах эрх зүйн баталгааг бий болгоход төр, засаг онцгойлон анхаарч байна.

Онцгой байдлын албаныхан өнгөрсөн 10 жилийн хугацаанд 30 мянга гаруй удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осолтой тулгарч, зөвхөн сүүлийн 5 жилд нийт 6800 гаруй эрдэнэт хүний амь насыг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 78,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Энэ нь Онцгой байдлын албаны энх цагийн эрэлхэг баатруудын төр, ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавьяа мөн.

Бид энэ албаныхны гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа, хичээл зүтгэлийг мөнхөд эргэн дурсаж, талархан хүндэтгэж байх учиртай.

Өргөсөн тангарагаа сүлдлэн дээдэлж, өргөн түмэн, өлгий сайхан эх орныхоо аюулгүй байдал, амар жимэр, аз жаргалант амьдралыг сахин хамгаалахын төлөө өдөр, шөнө, өглөө, үдэш, халуун нар, хахир хүйтэн, салхи шуурга, цас бороог үл анзааран эр зориг, тэсвэр хатуужил, авьяас чадвараа нэгэн үзүүрт сэтгэлээр дайчлан шамдаж яваа Онцгой байдлын албаны тэргүүн шугамын байлдагч Та бүхний ариун үйлс үеийн үед батжин бэхжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэнд эрүүл энх, эрдэм билиг, ялалт амжилтын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

САЙН БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД