Тариат сумыг хөгжүүлэх төслийн нээлт болов
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.07.25

Тариат сумыг хөгжүүлэх төслийн нээлт болов

Засгийн газраас 2014 онд сумын төвийн шинэчлэл хөтөлбөрт 16 сумыг хамруулахаар болсон.

Үүнд Архангай аймгаас сонгогдсон Тариат сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргаж их ажлын бэлтгэлээ базааж дуусчээ. Тариат сумын шинэчлэл төслийн нээлт болж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Улсаас олгосон таван тэрбумын төслийг орон нутгийн барилга, дэд бүтэц, дулааны компанийн хамтарсан “Архангай бүтээн байгуулалтын нэгдэл” гүйцэтгэж байна.

Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Уг ажлыг Архангай бүтээн байгуулалтын нэгдэл гүйцэтгэж нутагтаа хийж буй их ажлыг өндөр бүтээмжтэй хийх хүсэл эрмэлзэл хүн бүхэнд дүүрэн байгаа.

Тиймээс эхлүүлсэн ажил нь богино хугацаанд чанартай, үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна” гэлээ. Удахгүй Тариат сум гурван мегаваттын дулааны станцтай 150 шоо метр эзлэхүүнтэй цэвэрлэх байгууламжтай, 3,1 км хатуу хучилттай авто замтай болно.