Аваргатай, арслантай наадам
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.07.31

Аваргатай, арслантай наадам

Ховд аймагт болсон Галдан бошигт хааны 370 жилийн ойн баяр наадамд дархан аварга А.Сүхбат, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс, харцага Т.Амартүвшин, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 256 бөх зодоглосон чансаатай наадам болсон тухай наадамчин олон ярьж буй.

Тэгвэл тус наадамд зодоглосон дээрх бөхчүүдийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гэртээ урьж, хүндэтгэл үзүүлжээ. Ховд нутгийн уугуул тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Нутгийн маань наадам сайхан боллоо.

Наадамд хүрэлцэн ирж, бөхийн барилдааныг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон аварга, арслан бөхчүүдээ гэртээ урьж, хүндэтгэл үзүүллээ” хэмээн бичжээ.

С.Бямбацогт гишүүний хувьд ч наадмын сонин ихтэй суугаа нь лавтай. “Нью прогресс” группийн нэр дээр барилддаг харцага Б.Пүрэвсайхан өнөө жилийн улсын наадамд хурц дайчин барилдаан үзүүлж, цол хүртсэнийг нутгийн гишүүн унаж явсан “Land-200”-гаараа мялаасан.

Ховдчууд түүний эл үйлдлийг “Манай түшээ баавартай загналаа.

Аль сайхан юм амлаад буцах хүн алийг тэр гэх вэ. Амлаад байх хэрнээ өгдөггүй юм билээ. Нялх хүүхдүүдийг хүртэл хуурахыг яана” хэмээн ярьж сууна.

Хүүхэд гэснээс, дээрх наадамд морь унахаар ирсэн Говь-Алтай аймгийн Халиун сумын хүү авто машинаасаа хоцрон уйлж зогсохтой УИХ-ын гишүүн С.Бямбацогт таарч, морь гарах газарт хүргэж өгсөн гэж байгаа. Харин хязаалан насны морьд барианы газарт хүрч ирэхэд унаанаасаа хоцорчихсон уйлж явсан хүү гуравт давхин ирж, шандастай хүлэг унадаг болохоо баталсан гэсэн шүү.