Татварын цахим төлбөрийн шинэ системийн нээлтийн ажиллагаа боллоо
Интернет банкны данснаас татвараа шууд төлөх боломжтой болно.
2014.08.08

Татварын цахим төлбөрийн шинэ системийн нээлтийн ажиллагаа боллоо

 Монгол Улсын Татварын ерөнхий газар нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр татварын цахим төлбөрийн шинэ системийг хөгжүүлж байгаа юм.

Энэхүү шинэ системийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Сангийн сайд Ч.Улаан, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл болон Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар оролцсон юм. Интернет банкны данснаас татвараа шууд төлөх боломжтой болно.

 Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Татварын ерөнхий газраас хэрэгжүүлж буй цахим татварын тайлангийн системийг одоогийн байдлаар нийт татвар төлөгчдийн 70-аас илүү хувь нь ашиглаж байгаа аж.

Татвар төлөлтийг хялбаршуулах ажлыг цаашид үргэлжлүүлэх зорилгоор интернет болон мобайл банкны үйлчилгээг өргөжүүлэн төрөлжүүлж, хэрэглэгчдэд таатай хоёр хувилбарыг нэмэх саналыг Бизнесийг дэмжих санаачилга төсөл гаргасан.

Нэгдүгээрт, татварын төлбөрөө дебит/кредит картаар хийх, хоёрдугаарт, хувийнхаа интернет банкны данснаас татвараа шууд өтлөх боломжийг татвар төлөгчдөд олгож байгаа байх. Хоёр дох хувилбарыг Хаан банк, Голомт банк, Төрийн банк зэрэг арилжааны банкууд амжилттай туршиж, нийт татвар төлөгчдийн 80 гаруй хувийг цахим татвар төлөлтийн системд холбох боломжийг бүрдүүлсэн байна.  

Татвар төлөгчид өөрсдөө хяналт тавина.

Ч.Улаан

Ч.Улаан: Татвар төлөгчдийн ажлыг хөнгөвчилж байна. Энэхүү татварын цахим төлбөрийн системийг нэвтрүүлж байгаа явдал нь эдийн засгийг эрчимжүүлэх аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг юм. Бид аль болох бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, бизнесийн ажлыг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдийн санал бодол дээр тулгуурлаж тэдний үйл ажиллагаанд тулгарч буй аливаа хүндрэл бэрхшээл, саадыг арилгах зорилго тавьж ажилласан.

Энэ зорилгодоо ч хүрч, татвар хураах үйлчилгээг хөнгөвчилж байна. Төр засгаас хөнгөлөлттэй, харилцан итгэлцсэн үйл ажиллагаа болж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн энэ нь зөвхөн бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн ажлыг хөнгөвчлөх биш цаашдаа татварын бодлогын өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа давуу талтай юм. Мөн нэмүү өртгийн цоо шинэ тогтолцоог бий болгож байна.

Үүнийг ажил болгосноор татвар төлөлтийн байдалд өөрсдөө хяналт тавих, татварын буцаан олголтыг өөрсдөө саадгүй авч байх боломжтой болно.

 Т.Батмагнай: Татвар төлөгчид бэлэн мөнгөнөөс бэлэн бус гүйлгээнд шилжинэ

 Мэдээллийн технологийг сайжруулах нь татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголын татварын албаны үйл ажиллагааг шинэ шатанд аваачих юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд арилжааны банкуудтай амжилттай хамтран ажиллах нь Монгол Улсын хэмжээнд манай татвар төлөгчид бэлэн мөнгөнөөс бэлэн бус гүйлгээнд шилжихэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Одоогоор Хаан банк, Голомт банк, Төрийн банк интернет банк ашиглан татвар төлөх систем рүү шилжсэн, мөн Худалдаа хөгжлийн банк шилжилтийнхээ дунд шатанд явж байгаа.

Түүнчлэн энэ ондоо багтааж татварын дотоод мэдээллийг цахим хэлбэр лүү шилжүүлэх болно. Ингэснээр татван төлөгчид татварын өөрчлөлт зэрэг нэмэлт мэдээллүүдийг хурдан шуурхай авах боломжтой болох юм.