МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.08.12

МАХН Хангайн бүсийн "Шударга ёс" хуралдай боллоо

Энэ амралтын өдрүүдэд МАХН-ынхан “Шударга ёс”-ны хуралдайгаа хангайн бүсийнхний дунд зохион байгуулжээ. Тус зөвлөгөөн Архангай аймгийн Өгийн нуурын хөвөөнд болсноороо онцлогтой аж.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр МАХН-ынхан социаль демократ үзэл баримтлалын талаархи ойл­голт, энэ үзэл баримтлалын давуу талуудын талаар хангайн бүсийнхэндээ сурталчлан та­ниулж, хэлэлцэхийн сацуу 2012 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэг­жилтдээ үнэлэлт дүгнэлт өгсөн аж. 

Нөгөө талаар тус намын удирдлагууд хангайн бүсийн гишүүддээ УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн үйл ажиллагаа, МАХН-ын Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарга­сан шийдвэр, тогтоол түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч тус намд өнөөгийн байдлаар тулгамдаад буй асуудлын талаар харилцан санал бодлоо солилцсон байна.

Хангайн бүсийнхний зөвлөгөөний дараа ирэх амралтын өдрүүдэд баруун, зүүн болон говийн бүсийн зөвлөлгөөнийг шат дараатай зохион байгуулах юм байна.

Түүнчлэн, МАХН-ын удирд­лагуудын зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл нь МАНАН гэх улс төрийн хүчин дахин бий болох гэж байгаа болон энэ бүлэглэл ямар хор хөнөөлтэй талаар тусгажээ.

Мэдэгдэлд “Улс төрийн зорилготойгоор дээрээс өг­сөн даалгаврыг хууль хя­налтын байгууллагын зарим ёс суртахуунгүй ажилтан хэрэгжүүлэхийн тулд илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг МАХН эсэргүүцэж дараах мэдэгдлийг гаргаж байна.

Сүүлийн үед нам нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ёс суртахуунгүй ажилтнууд нийлж, дахин МАНАН байгуулж, улс орны байгалийн баялгийг урьд нь гадаад, дотоодын олигархиудад тарааж өгсөн хууль бус, ёс суртахуунгүй, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хор хөнөөлтэй үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлэхийг санаархаж, энэхүү явуургүй зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөд нь “саад” болж болзошгүй гэж үзсэн улс төрийн нам, улс төрчдийг намнан хэлмэгдүүлэх бусармаг ажиллагааг идэвхжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна” хэмээсэн байна.