Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөршүүдийн тусламж хэрэгтэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар тус бүс нутгийн хотын дарга нарын анхдугаар форум өчигдөр Улаанбаатарт нээлтээ хийлээ.
2014.08.19

Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөршүүдийн тусламж хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр хот гэдэг аливаа улсын цаашид хөгжих, эс хөгжихийг шийдэх тулааны талбар юм. Хуурай газрын ердөө хоёр хувийг эзэлдэг өнөө цагийн их хотуудад дэлхийн хүн амын талаас илүү нь амьдарч байна.

Тэдний гуравны нэг нь дэд бүтэц сайн хөгжөөгүй, уур амьсгалын эрс тэс нөхцөлд, хагас дутуу хотожсон газарт амьдардаг гэдэг. Тийм “дутуу хөгжсөн” хот олонтой, тогтвортой хөгжил үгүйлэгдэж буй бүс нутгийн нэг нь Зүүн хойд Ази юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар тус бүс нутгийн хотын дарга нарын анхдугаар форум өчигдөр Улаанбаатарт нээлтээ хийлээ.

“Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдэвт энэхүү чуулганд манай улсаас гадна БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, БНАСАУ-ын нийт 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэдний дунд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын орлогч дарга, тус хотын захиргааны Хот төлөвлөлтийн хорооны дарга, Тяньжин хотын захиргааны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, БНСУ-ын Пёнчан хотын орлогч дарга, БНАСАУ-ын Пхеньян хотын Ардын хорооны дарга, Японы Нийгата хотын орлогч дарга ирсэн бол ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Эрхүү хотын төлөөлөгчид хүндэт зочноор уригджээ.

ХӨГЖИЛ ТОДОРХОЙЛОГЧИД НЬ ХОТЫН ДАРГА НАР

Улаанбаатар хотыг 2030 он гэхэд дэлхийн жишигт хүрсэн их хотуудын тоонд багтаах зорилтыг нийслэлээс дэвшүүлж, хөгжлийн хөтөлб өрийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд бүс нутгийн орнуудаасаа туршлага судлах зорилгоор уг форумыг зохион байгуулж буй. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн хөгжлийг хотын дарга нар тодорхойлох болсон.

Тэд хэзээд иргэдийнхээ хамгийн их дэмжлэг хүлээсэн удирдагчид байдаг.

Том хотууд хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, оршин суугчдын удирдлагатай болж чадвал хөгжилд хүрнэ.

Хотыг хэрхэн хөгжүүлэхийг сайн мэддэг хүмүүс энд цуглажээ.

Тиймээс чуулган үр дүнтэй болно гэдэгт итгэж байна” гэсэн. Тэрбээр хотын удирдлагыг нислэгийн удирдлагын төвтэй адилтгаад “Зохион байгуулалттай байж чадвал хот удирдана гэдэг дааж давшг үй ачаа биш. Хот суурин газарт үүсдэг олон хүндрэлийг нөгөө талаас боломж, өсөн дэвжих орон зай болгон харах хэрэгтэй” гэв.

Мөн энэхүү чуулган хоёр хөршийн төрийн тэргүүн нарын айлчлалын өмнөхөн болж буй, чуулганы үеэр яригдах олон чухал санааг Си Зиньпин, В.Путин нарын айлчлалын үеэр ажил хэрэг болгох боломж бий гэж онцолсон. Харин Гадаад харилцааны сайд Л.Болд зочид, төлөөлөгчидтэй мэндчилэхдээ “Энэ зууныг Азийн зуун болно гэдэг. Азийн зууны гол хөдөлгүүр нь Зүүн хойд Азийн орнууд юм” гэв. Тэрбээр тус бүс нутгийн зургаан орны иргэдийг харилцан чөлөөтэй зорчдог болгохын тулд холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаагаа мөн дурдсан юм.

НИЙТЛЭГ БЭРХШЭЭЛ, НЭГ ШИЙДЭЛ

Чуулганыг санаачлагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл форумын зорилгыг “Нийтлэг бэрхшээлүүдээ бүтээлчээр шийдвэрлэх” хэмээн тодорхойлсон. Зүүн хойд Азийн орнууд байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг, худалдаа арилжааны төв байх газар зүйн ашигтай байрлалтай.

Гэхдээ газар нутаг, уур амьсгалын онцлогоосоо болж олон тааг үй зүйлтэй тулгардаг.

Тухайлбал, агаарын бохирдол, автомашины түгжрэл, орон сууцтай холбоотой хүндрэл бэрхшээл үүд нь голдуу эрс тэс уур амьсгалаас болдгийг чуулганд оролцогчид онцолж байв.

Тиймээс ч хөрс, агаарын бохирдол ихтэй, дэд бүтцийн хөгжил тааруу, орон сууцжуулалт нь зуун задгай манайх шиг нийслэлд хөрш орнуудын туршлага, санаа оноо чухал.

Үүнийг олонтаа онцолсон Э.Бат-Үүл дарга Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвл өгөөг хөршүүдийнхээ туслалцаа, дэмжлэггүйгээр хэрэгжүүлэх аргагүй гэсэн юм. Ялангуяа хоёр хөрштэйгөө илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хэрэгтэйг тэмдэглэв.

Жишээлбэл, манайхаас ч хүйтэн уур амьсгалтай Орос, хавьг үй олон хүн амтай Хятадын хот суурингууд агаарын бохирдол, түгжрэл зэрэг асуудлаа хэрхэн шийдвэрлэснийг судлах, туршлагаас нь суралцахад энэ удаагийн чуулган тус нэмэр болох гэнэ.

БЭЭЖИН ХОТТОЙ ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА

Улаанбаатар, Бээжингийн хооронд ах, дүүгийн харилцаа тогтоох тухай санамж бичигт албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зуржээ. Энэ нь “Найрсаг Улаанбаатар” болон нийслэл хотыг бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгж үүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж Э.Бат-Үүл ярьсан.

Харин “Хоёр хот ах, дүүгийн найрамдалт харилцаатай болсноор дэд бүтцийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах тал дээр илүү хамтран ажиллах боломжтой боллоо” гэж Бээжин хотын орлогч дарга Чэнь Ган хэлэв. Тэрбээр Улаанбаатарыг маш ирээд үйтэй хот, Э.Бат-Үүл мээрийг санаачилгатай удирдагч хэмээн сайшаасан юм.

Түүний ярьснаар талууд хоёр хотын хамтын ажиллагааны цэцдийн зөвлөл байгуулахаар ярилцаж байна. Энэ нь бүхий л салбарын асуудал эрхэлсэн албаны хүмүүс багтах “холимог” хороо байх гэнэ. Бээжин хэмээх их хотын хүн ам 1978-2013 онд 170- аас 730 сая болтлоо өсчээ. Тэр хугацаанд Бээжингийн иргэд эрчим хүч хэмнэх тал дээр арвин туршлага хуримтлуулсан хэмээн ярьсан Чэнь Ган улаанбаатарчуудтай туршлагаа хуваалцахад бэлэн гэсэн.

Яваандаа эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах тухай тусдаа санамж бичиг ч байгуулах боломжтой гэж тэрбээр мөн онцолсон юм. НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн хороо буюу UNESCAP-ийн тооцоогоор манай улсын хот суурин газарт амьдрах иргэдийн тоо 2030 он гэхэд 2.7 саяд хүрэх аж. Тэр үед ус, агаараас гадна эрчим хүчний асуудал хүндхэн болохыг мэргэжилтн үүд анхааруулж байлаа.

Анхдугаар форумд 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцож байна

ОЛИМПИЙН ХОТ БОЛОХЫГ ЕРӨӨВ

Анхдугаар форумд 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцож байна

БНАСАУ, БНХАУ, Японы төлөөлөгчдийг үг хэлсний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын төлөөлөгч Хёнг Гэн Житэй уулзав. Долоон жилийн өмнө анх Монголд ирж байсан тэрбээр 2018 онд өвлийн XXIII олимп болох Пёнчан хотын орлогч дарга аж.

Тэрбээр хотоо танилцуулахдаа дэд бүтэц, аялал жуулчлалын салбарын хөгжлөөрөө улсдаа сүүл мушгидаг Канвонь мужийнх хэмээгээд олимп зохион байгуулах эрхийн төл өө гурван удаа өрсөлдсөн ч бүдэрсэн гэсэн юм. Ийн мэрийсний учир нь олимпоор “далимдуулан” хотоо хөгж үүлээд авах төлөвлөгөө боловсруулжээ.

“Хот төлөвлөлтийн бодлогод юуны өмнө иргэдээ ая тухтай байлгах, хоёрт байгаль орчинд ээлтэй байх гэсэн үндсэн хоёр зарчмыг тусгах ёстой. Пёнчаны шинэ төлөвлөлтөд ч гэсэн энэ хоёрыг онцгойлон анхаарсан. Тийм ч учраас олимп дууссаны дараа аялал жуулчлалын хот болж, тогтвортой хөгжинө гэж тооцож байгаа. Одоо манай мужид жилд гадаад, дотоодын 100 сая орчим жуулчин ирдэг. Энэ тоо олимпийн дараа 200 сая болж нэмэгдэнэ” гэж Хёнг Гэн Жи ярьсан юм.

Өвлийн олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа Э.Бат- Үүл Пёнчан хотын орлогч даргад уламжилсан бол Хёнг Гэн Жи 2019 оны Зүүн хойд Азийн орнуудын наадмыг зохион байгуулах эрхийг Улаанбаатар хотод олгоосой гэж хүсэж байна хэмээгээд олимпийн наадам ч гэсэн нэгэн цагт Монголын нийслэлд “зочилно” гэдэгт найдаж байна гэв.

Харин өвлийн хотын хувиар Улаанбаатарт өвлийн олимп зохион байгуулах хүсэлтэй гэсэн Э.Бат-Үүл мээрийн “уялга” үгийн хариуд Пёнчаны орлогч дарга “Холын зүйл мөрөөдөөд яах вэ” гэсэн шиг “Иргэн бүртээ мод тарихыг уриална уу” хэмээн хүссэн юм. Долоон жилийн өмнөхтэй харьцуулахад манай нийслэлийг хөгжсөн гэсэн ч ногоон байгууламж бараг байхгүй байгаад тэрбээр сэтгэл дундуур байлаа. Энэ тал дээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажиллахад бэлэн, санхүүгийн тусламж ч үзүүлж болохыг Хёнг Гэн Жи дурдсан. Хойд Азийн хотын дарга нарын форум өнөөдөр Хотуудын эдийн засгийн хөгжил, Ногоон хотууд гэсэн сэдвийн хүрээнд үргэлжилж, их үдэд хаалтаа хийнэ. Чуулган цаашид тогтмол зохиогдох юм.