Монгол-Солонгосын бизнес форум анх удаа манай улсад зохиогдож байна.
2014.08.12

Монгол-Солонгосын бизнес форум уулзалт боллоо

Монгол-Солонгосын бизнес форум  анх удаа манай улсад зохиогдож байна. БНСУ нь бүс нутаг дахь өндөр хөгжилтэй, өрнөдийн хэв маяг бүхий, манай гуравдагч түнш  улс билээ.

 БНСУ-тай бид улс төр, эдийн засгийн хүрээнд төдийгүй иргэд хооронд өнгөрсөн 24 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа  идэвхжсэн. Хоёр улсын хооронд зорчих иргэдийн урсгал  жилдээ 100 гаруй мянга болон өсч, дээд хэмжээний айлчлалууд үргэлжилж, худалдаа нэмэгдсээр иржээ.

Солонгос улс нь манай худалдааны дөрөв дэх том түнш болдог бөгөөд томоохон компаниуд нь бүтээн байгуулалтын төслүүдэд  оролцож  хөрөнгө оруулах эхлэл тавигдаж байгаа юм. 

Жишээлэхэд: “Самсунг” групп шинэ нисэх онгоцны буудал, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барих төсөлд тус тус гүйцэтгэгчээр оролцож байгаа бол “Тоско”  групп V цахилгаан станц барих тендэрт оролцож байгаа билээ.

Эдийн засгаа эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдаа татахаар   зорьж байгаа манай орны хувьд  энэ форумаар уламжлан хууль эрх зүйн орчны шинэчлэл, таатай орчин, тогтвортой байдал хийгээд бүх салбарт хамтран ажиллах нээлттэй боломжийг  санал болгож байна.

Ялангуяа Монголын нөөц боломж байгалийн баялгийг Солонгосын техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцтэй хослуулан ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааны үндэс суурийг одооноос тавих шаардлага тулгарч  байгааг хэлж байлаа.

“Монгол Улс зүүн хойд Азидаа эдийн засгийн идэвхтэй хэсэг болно”

Форумаар улс  хоорондын харилцаа, иргэдийн харилцан зорчих нөхцөл, эдийн засаг, бизнесийн орчны талаар ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат:

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд маш идэвхтэй, хурдацтай хөгжиж байгаа.  Монгол Улс зүүн хойд Азийн бүс  нутгийн эдийн засгийн чухал идэвхтэй хэсэг болохоор оролдого хийж байна. Зүүн хойд Азийн  эдийн засаг өнөөдөр дэлхийн  эдийн засгийг тодорхойлж байгаа.

Энэ найм, есдүгээр сард Хятадын удирдагч Си Жинпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Монголд ажлын айлчлал хийнэ. Энэ үеэр бүс нутагтай холбоотой дэд бүтцийн том асуудлыг шийдвэрлэнэ. Энэхүү төсөлд Өмнөд Солонгосын компаниуд хамтарч ажиллаж болно.

Өнгөрсөн сард Монгол-Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ нь бүс нутагтаа Монгол Улс идэвхтэй ажиллаж байгаагийн нэг илрэл юм.

Монгол Улс , БНСУ-ын хооронд ч хамтын ажиллагааны шинэ хэлбэр хэрэгтэй байх гэсэн санал байна.  Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааг чөлөөт худалдааны гэрээний хүрээнд компаниуд илүү итгэлтэйгээр хамтарч ажиллах юм. 

Өнөөдрийн хувьд бүтээн байгуулалтын том, том төслүүд хэрэгжиж байгаа. Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх 50 том төсөл байна.

Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал  Ч.Хашчулуун:

- Монгол Улс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад дэд бүтцийн хөгжил маш чухал.  Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил эхэлж, далд уурхайгаас зэс олборлож эхэлбэл, манай эдийн засаг өргөжин тэлэх боломж бий.

Түүнчлэн дэлхийн ховор металын зах зээлд Хятадын дараа орох том нийлүүлэгч болох бололцоотой.  Манай улс газрын ховор элементийнхээ дөнгөж 1/3-нийг судалсан.   Цаашдаа ховор элемент манай улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болов уу гэсэн хүлээлт байгаа гэсэн юм.

Солонгосчууд нүүрс тээвэрлэж, хийн цооногыг судална

Монгол-Солонгосын эдийн засгийн форумын үеэр “Эрдэнэс Тавантолгой” болон “Делим” корпорацийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр “ Эрдэнэс Тавантолгой” компани  Солонгосын “Дэлим” компанитай нүүрс тээвэрлүүлэх талаар гэрээ байгуулав. Гэрээний дагуу тус улсын давхар чиргүүтэй машинаар Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх тээврийн ажлыг Солонгосын “Дэлим” компани хариуцахаар болж байна.

“Дэлим” корпорацийн гүйцэтгэх захирал Сан Ки Лий:

-Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах санамж бичиг өнгөрсөн өвөл байгуулсан. Өнөөдөр хамтран ажиллах гэрээн гарын үсэг зурлаа.  Манай компани  усан замын, хуурай  газрын  тээвэрлэлтээр Өмнөд Солонгос улсдаа эхний тавд ордог. Тавантолгойгоос Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс Тавантолгой”-той гэрээ байгууллаа.

Нүүрсний тээвэрлэлтэд давхар чиргүүлтэй машин ашиглана. Танай компани тээвэрлэлтийн хөлсөө төлөхгүй байх вий гэж санаа зовж байна.  Манай машинууд бүгд JPS-тэй. Тиймээс тээвэрлэлтээс буулгах хүртэл бүх ажиллагааг хянах системтэй гэсэн үг. Монголд ложистик тээврийн салбарыг хөгжүүлнэ. Монголоор дамжин Хятад руу тээвэрлэлт хийх боломжийг хайж байна  гэлээ.

Солонгосын “Дэлим” корпораци нь 1939 онд байгуулагдсан, 75 жилтийн түүхтэй. Эдүгээ 20 гаруй охин компанитай. Солонгосдоо шингэн тээвэрлэлтээрээ тэргүүлдэг “TOP” компани аж. Манай улстай нүүрс тээвэрлэлтээр гэрээ байгуулан ажилласнаар хүний нөөц, эрүүл мэнд, боловсролын талд анхаарч ажиллана гэдгээ ч онцолж байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь:

-Энэхүү чуулга уулзалт нь эрдэнэс баялаг болон бусад салбарыг энэ тэнцүү хөгжүүлэн, эдийн засгийн өсөлтийг хангах,  бизнесийн таатай орчныг харилцан бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ санаа шийдлүүдэд хүргэхэд бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох зорилготой. Бидний хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн сацуу байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төслүүдийг хамтран хөгжүүлэхэд бэлэн байна. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний метан хийг ашиглах төслийг “Корей газ” корпорацитай эхлүүллээ.

Манай компани Монголд анх удаа нүүрсний давхрагын метан хийг ашиглах боломжийг бүрдүүлж байна. Энэ төслийг Монгол, Солонгосын компани хамтран хэрэгжүүлнэ. Бид өнөөдөр 700 метрээс доош нүүрсний давхрагын хийн хуримтлал их хэмжээтэй байгааг хайгуулын үр дүнд тогтоосон. Үүнийг судлах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа” гэж хэлсэн юм.Хамтын ажиллагааны дагуу хийгдсэн ажлын төлөвлөгөөний хүрээнд хийн цооногийн албан ёсны нээлтийг маргааш уурхай дээрээ хийх аж.

Эдийн засгийн форумын үеэр Солонгосын хөрөнгө оруулагчид Монгол Улс өргөн газар нутагтай боловч цөөн хүн амтай, дэд бүтэц сайн хөгжөөгүй. Солонгос улс жижиг газар нутагтай, хүн ам нь суурьшмал. Хөрөнгө оруулалт хийх гэдэг амаргүй. Асуудал хаана ч байдаг. Асуудлыг даван туулах хэрэгтэй. Хууль эрхзүйн тогтвортой байдал хэрэгтэй байна. Нэг гараар товч оёх боломжгүй гэдэг. Тиймээс хамтдаа ажиллаж байж амжилтанд хүрнэ гэж байлаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн орчны тогтворгүй байдлаас болгоомжилсон аяс анзаарагдсан.

Харин манайхан “УИХ, Засгийн газраас гаргасан  баталсан хууль, шийдвэрүүд хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай, тогвортой  орчныг бүрдүүлсэн. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хөрөнгө оруулалт хийсэн  нөхцөлд гэрээний хугацаа дуустал эрхзүйн орчин тогтвортой үйлчилнэ гэдгийг онцолж байлаа.

Ямартай ч Солонгосын бизнесмэнүүдэд Монголд хөрөнгө оруулах сонирхол байгаа. Тиймээс тэд   Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн улс орны хөгжлийн олон талт бүтцийг бий болгож,  эдийн засгийг солонгоруулах  бодлогод шинэ өнгө нэмэх биз ээ.