Д.Дашпүрэв: Жижигхэн орон гэж өөрсдийгөө жижигрүүлж болохгүй
Дэлхийн улс төрийн бодлого, гадаад харилцаа судлаач, доктор, профессор Д.Дашпүрэв
2014.08.05

Д.Дашпүрэв: Жижигхэн орон гэж өөрсдийгөө жижигрүүлж болохгүй

Дэлхийн улс төрийн бодлого, гадаад харилцаа судлаач, доктор, профессор Д.Дашпүрэвийг  “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

-Энэ жил Монгол Улсын гадаад харилцаанд ихээхэн онцлог бүхий түүхэн шинэ хуудсыг нээсэн  төрийн дээд хэмжээний  айлчлалууд болох гэж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаас  улс хоорондын харилцаанд ямар ахиц дэвшил гарах бол, монголчууд  юу хожих бол?

-Монгол Улсын шинэ үеийн буюу 1990-ээд оноос хойш явуулж байгаа гадаад улстөрийн бодлого  дэлхий нийтэд ч, Монголын ард түмэнд  ч тодорхой юм. Нэгдүгээрт, хоёр хөрштэйгээ найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өмнө тогтсон сайн харилцааг бэхжүүлэхэд анхаарч ирсэн. Энэ Монгол Улсын гадаад бодлогын маш том чиг шугам. Үүний зэрэгцээ 1990-ээд оноос хойш манай улс төрийн гадаад бодлогод нэн шинээр гарч ирсэн нэг зүйл бол гуравдагч хөршийн үзэл санаа юм.

Өөрөөр хэлбэл, дэлхийн бусад орон, түүний дотор Баруун Европ, Хойд Америк, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн бодлогыг тодорхойлоход оролцдог өндөр хөгжилтэй улс орнуудтай хөрш гүрнүүдтэйгээ хэрхэн харилцдаг вэ тэр хэмжээнд харилцах, түүнийгээ гуравдагч хөршийн бодлого гэсэн байдлаар гадаад бодлогынхоо үзэл баримтлалд томъёолсон.

Үүнийг дэлхий нийт мэдэж байгаа. Гэхдээ  бид хоёр том хөрштэй, тэдэнтэй харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах чиг шугамд чухал алхмууд хийж буйн  нэг нь одоо БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ойрхон айлчлах тухай хэлэлцээ, тохироотой байгаа нь юм.

Энэ бол манай гадаад улс төрийн бодлогод  маш чухал ач холбогдолтой үйл явдал. Гэхдээ энэ үйл явдлыг зөвхөн манай улсад ашигтай байгаасай, бид  ашиг олохсон гэсэн байдлаар  улс төрийн гадаад бодлогод хандаж  болохгүй.

Харилцан ашигтай  байхаар  манай хамтын  ажиллагаа цааш хөгжвөл зохистой. Хэн хэнийхээ ашиг сонирхол болоод  улс төрийн гадаад бодлогыг  хүндэтгэсэн  байдлаар хамтран ажиллах нь илүү ач холбогдолтой.

Энд нэг  зүйлийг онцолж хэлэхэд, манай нийтлэлчид болоод  зарим хүн  манай хөрш гүрнүүд том, манайх жижигхэн гэж ярьж, бичдэг. Манай улс жижигхэн гэж байж болохгүй.

Бид жижигхэн орон гэж өөрсдийгөө  жижигрүүлж болохгүй.

Дэлхийн  улстөрийн, олон улсын харилцааны түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр дэлхийн хэмжээнийх  байсан шүү дээ.

Тэр нь XIII зуунаас бүр ч тодорхой. Түүнээс өмнө бүр эртний улс гүрнүүдийн үед ч гэсэн монголчууд дэлхийн улс төрийн бодлогод чухал хувь нэмэр оруулж ирсэн өөрийн байр суурьтай, ийм үндэстэн байсан.

Одоо манай улс гурван сая орчим хүн амтай, 1.5 сая  гаруй км  хавтгай дөрвөлжин газар нутагтай, эдийн засгийн хөгжлийн талаас бид тийм ч хөгжилтэй биш ч гэсэн бүр аргаа барж хямралд орчихсон орон бас биш. Тийм учраас үүнийгээ зөв ойлгох, хоёр хөрштэйгээ харилцан бие биеэ хүндэтгэсэн хэмжээнд харилцаж чадаж л байвал манай гол бодлого тэр юм.

Хятад улс хүчирхэг гүрэн байхад Хүннү гүрэн хүчирхэгжээд байгуулсан анхны гэрээндээ “Хан гүрэн Хүннү гүрэн  бол эн тэнцүү хоёр орон мөн”  гэж харилцаагаа тодорхойлон тэмдэглэсэн байдаг шүү дээ. Тиймээс одоо ч гэсэн бид аль болохоор бие биеэ харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримтлахыг монголчууд эрмэлзэж байгаа. Тэр эрмэлзлийн үргэлжлэл нь  энэ намрын хоёр хөршийн төрийн тэргүүний дээд хэмжээний айлчлал болно байх гэж бодож байна.

-Түүнээс гадна хоёр хөршийн төрийн тэргүүний  айлчлалтай холбогдуулж асуухад дэлхийн улстөрийн өнөөдрийн нөхцөл байдал сонирхолтой сэдэв юм. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Дэлхийн улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд  ихээхэн өөрчлөлт гарсан. Тэр нь юу вэ гэвэл, Дэлхийн II дайны дараа  хүйтэн дайны үе дууссан, дэлхий нэг төвтэй, нэг туйлтай ертөнц боллоо хэмээн ном зохиолд  бичиж байсан ч хэрэгжсэнгүй. 

Дэлхийн шинэ дэг журам, шинэ төлөв байдал илүү  тодорхой болж эхэллээ. 1990-ээд оноос хойш дэлхийн шинэ дэг журам тийм ч баттай байж чадсангүй. АНУ энэ ертөнцийн улстөрийн бодлогыг тодорхойлогч, дэлхий нэг нэг туйлтай боллоо гэж байсан боловч одоо тийм биш боллоо.

Яагаад гэвэл, дэлхий өнөөдөр нэг бус түүнээс ч илүү туйлтай болж эхэлсэн. Ялангуяа тэр нь   олон жил бэлтгэгдэж ирсэн Украины хямралаас хойш бүр ч хүчтэй өрнөлөө.

Дэлхий нэг туйлтай болно гэж Европын холбоог маш их өргөжүүлж ирсэн. Гэтэл болохгүй хэмжээнд хүрсэн нь Украины асуудлаас тод боллоо. Украйны асуудлаас юу тодорхой болов гэвэл, ОХУ өөрийн байр суурийг бэхжүүлж, дэлхийн улстөрийн том байр суурьтай байгаагаа харуулж эхэллээ.

Түүний дүнд БНХАУ, ОХУ, Казахстан оролцсон Евразийн  нэг том холбоо бий боллоо. Одоо дэлхийн улстөрийн бүс нутагт Еврази  гэдэг нэг бүс зүй ёсоор гарч ирж байна. Цааш яаж хөгжих нь цаашдын үйл явцаар улам тодорхой болох байх.

Энэ хоёр улс  Евразийн бүс нутгийн хоёр том гүрэн. Монгол Улс бүр эртнээсээ Евразийн орон байсаар ирсэн  шүү дээ. Евразид улстөрийн том бодлого хэрэгжүүлдэг субьект байсан. Одоо энэ бүс нутагт Монгол маань байж л байна. Гэхдээ яаж харилцах вэ гэдэг харилцааны маш нарийн асуудал бий.

Жишээ нь, одоо болтол үргэлжилж  Шанхайн хамтын ажиллагааны байгууллага  маш олон жил явж ирлээ. Энэ байгууллагад манай улс ажиглагчийн статустай байдаг. Энэ зөв байр суурь шиг харагдаж байгаа юм. Дэлхийн улстөрийн бодлого судлагчид ч тэгж хардаг.

-Тэгэхээр манай улс одоо  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын гол дунд  байж байгаа шүү дээ. Цаашид Евразийн бүс нутгийн улстөрийн нөхцөл байдал бүрдээд ирвэл бид энэ бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох нь дамжиггүй. Гэхдээ ямар байр сууриас оролцох нь зүйтэй вэ?

-Шууд гишүүн болохоос илүү Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай байгаа шигээ цаашид ч тийм л байр суурьтай явах  бодлого баримталбал зөв болов уу.  Еврази  цаашид улстөрийн маш чухал бүс нутаг болно.

Дэлхийн улстөрчид ч тэгж бичиж байна. Ер нь бол XX зууны эхэн үеийн монголчуудын улстөрийн бодлого заримдаа ухамсартайгаар, заримдаа урсгалаараа яваад байгаа юм.

1920-оод онд Шинэ Үндсэн хуулийг баталж байх үед Монголын  улстөрчид  “Монгол Улс нь Азид Швейцарь мэт байвал зүйтэй” гэж үзэж байсан, ийм баримтууд ч түүхэнд бий.

Үндсэн хуулиа боловсруулахдаа хүртэл  тэр үеийн үндэсний бодлоготон, сэхээтнүүд Швейцарийн Үндсэн хуулийг орчуулан судалсан байдаг. Тэгэхээр цаашид бид энэ бүс нутагт  Швейцарь шиг байж чадахгүй ч,  өвөрмөц маягийн өөрийн гэсэн байр суурьтай байх чухал. Монголчуудын ярьдаг “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”  гэдэг  муу үг биш юм шүү дээ.

Юмны эвийг олно гэсэн үг. Тэгэхээр манай улс тийм бодлого баримтлах  нь зүйтэй гэж бодож байна. Хоёр хөрш маань аль аль нь том гүрэн. Мөн аль аль нь шууд харилцаагаа чухалчилж манай  баруун, зүүн талаар байгалийн хийн хоолойгоо барьж байгаа. Хамтын ажиллагааныхаа дэд бүтцийг ч тэгж  байгуулж байна. Тэр зүгээр. Манайхан заавал манай нутгаар дамжуулаач гэж хадаг барьж, өвдөг сөгдөх шаардлагагүй.

Тэртэй тэргүй бид анхаарлын төвд байж л байгаа. Харин түүнийгээ бид зөв ухаарч зөв ашиглах ёстой. Миний  энэ үг бол судлаачийн байр суурь. Харин манай бодлого  тодорхойлогчид юу гэж үздэгийг мэдэхгүй. Гэхдээ улстөрийн удирдагчид ирдэг, явдаг. Улс орон, ард түмэн байж л байдаг.

Тийм учраас миний судалгаа улс орны тухай учраас хэн ч ирж, буцаж байсан би хэлдгээ хэлж, судалдгаа судлаад сууж л байна. Нэмж хэлэхэд бид ашиг харах хэрэггүй ч  ашиггүй байна гэж юу байхав. Гэхдээ  байдгаараа л байна.

-Эртнээс өнөөг хүртэлх гурван улсын харилцааны тухай танд  ямар дүгнэлт байна?

-Монгол-Оросын харилцаа олон зуун жилийн түүхтэй. Алтан ордны улсын үеэс ярина. Гэхдээ ХХ зуунд Орос орон Зөвлөлт Холбоот Улс гэсэн том гүрэн байхдаа манайд сайн юм ч их хийсэн, хэцүү юм ч хийсэн.

Хөдөөгийн жирийн иргэдтэй ярихад, жишээ нь Булган аймагт Зөвлөлтийн цэргийн маш том анги байсан юм шүү дээ. Түүнийг малчид хэлэхдээ “Оросууд сайн, гэхдээ тус, ус хоёр нь зэрэг л явдаг золигнууд байгаа  юм даа” гэдэг байсан. Энэ жирийн ардын үг. ХХ зуунд тус ч их, хэцүү юм ч их байсан.

Гэхдээ бид хэцүүг нь томруулж, Оростой муудах шалтгаан байхгүй, сайнаар харилцах учиртай. Гэтэл сүүлийн үед 1990-ээд оноос хойш Монгол-Оросын харилцаа зогсонги  байдалтай явж ирсэн. Хичнээн зогсонги байдалтай ч гэлээ Орос-Монголын ард түмэн хоорондын харилцаа хэвээрээ байсан.

Цаашид ч тийм байна. Орос-Монгол хоёр муудалцаж болохгүй шиг хоёр хөрштэйгээ бид муудаад байх хэрэггүй. Бид олон мянган жил Хятад улстай хил залгаа оршиж ирсэн. Бие биеийнхээ сайн мууг мэднэ. Манайд Хятадын эсрэг үзэл, Хятадаас  болгоомжилсон үзэл ард түмний дунд байдаг.

Нуух юм алга. Гэхдээ тэр бас бодитой, байх ёстой зүйл. Бид уусчихаж болохгүй. Уусахын тухайд бид Орост уусахаас илүүтэй Хятадад уусах нь амархан. Бидний нүүр царай, нүд адилхан. Гэтэл оросууд ялгаатай, огт өөр угсааны улс.

Тиймээс ХХ зуунд бидний харилцаа хэчнээн сайн байлаа ч гэсэн монгол эхнэр авсан 2-3-хан орос хүн байдаг. Харин орос эхнэр авсан 30 гаруй хүн бий. Энэ сонин тоо баримт шүү. Гэтэл түүхээсээ үзсэн ч хятад хүн монгол эхнэр авах дуртай байдаг.

Энэ түүхэн шалтгаантай байсан юм. Тиймээс уусах асуудал гарч ирдэг нь ор үндэсгүй юм биш. Гэхдээ тэр зүгээр ээ, олон улсын харилцаанд зөвшөөрөгдсөн дэг журмыг баримталж, харилцан бие биеэ хүндэтгэж, соёлтой харилцах ёстой.

-Түүнээс гадна эдийн засгийн чиглэлд хоёр хөршөөс манайд тавих санал, ярилцах гол асуудал юу байх вэ гэдгийг дэлхий нийт сонирхож байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-ОХУ-ын зүгээс манай баруун талаар Асгатын мөнгөний ордыг хамтарч ашиглах талаар сонирхол байгаа байх. Хятадын тал Тавантолгойн нүүрсний ордод анхаарал хандуулж буй болов уу. Аль алинд нь ийм бодит шалтгаан бий.

Хятадын нүүрс түлж цахилгаан гаргаж, түүгээрээ Бээжинг хангадаг маш олон станц  нь Өвөрмонголд л байгаа шүү дээ. Тэдэнд түүхий эд хэрэгтэй. Мөнгөний орд Орост ашигтай байж таарна.

-Сүүлийн үед манай эдийн засагт урд хөрш илүү нөлөөлж байна. Энэ талаар?

-Тэр үнэн. Энэ байдлаар багагүй хугацаанд явах байх. Миний бодоход  бид өмнө нь БНМАУ, БНХАУ гэсэн статусаар харилцаж байлаа. Одоо бие даасан Монгол Улс болж, тэр үүднээсээ харилцаж байгаа. Харилцан бие биеэ хүндэтгэсэн байдалд харилцаа, хамтын ажиллагаа явж таарна.

Түүнээс биш элдэв тулган хүлээлгэлт зэрэг зүйл гарахгүй байх. Хятадын улс төрийн бодлого угаасаа аядуу зөөлөн, уян хатан, холыг харсан байдгаараа онцлог. Уламжлалт бодлого нь тэр, цаашид ч тийм л байна.

-Дэлхийн хоёрдугаар дайн, Халх голын ялалтын 70 жилийн ойг гурван улс анх удаа хамтран тэмдэглэх гэж байгаагаараа түүхэнд шинэ хуудас нээж байна. Гурван улс хамтарч гэрээ хийхээрээ манайд муу юм болдог гэж цахим хуудаст олон хүн үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ. Харин та юу гэж үзэж байна?

-ХХ зууны эхэнд хийж байсан   гурван улсын гэрээнд   сайнтай, муутай тал бий. Тэр нь манай улсын хувьд таагүй гэж болохоор. Гэхдээ тэр үеийн нөхцөл байдал тийм л байсан. Өнөөдөр Халх голын үйл явцыг  хамтран тэмдэглэх гэж байна.

Цаашид энэ үйл явдлыг тэмдэглэхдээ гуравдагч хөршийн бодлогоосоо татгалзаж болохгүй. Гуравдагч хөршүүддээ буруу ойлголт өгч болохгүй. Яагаад гэвэл, Халх голын байлдаан ерөнхийдөө Дэлхийн II дайны өмнө Зөвлөлт холбоот улс, Япон улсын хооронд болсон дайн шүү дээ.

Тэр тухай эх сурвалжуудад Номун хааны хэрэг явдал гэж бичдэг. Япончууд ч өөрсдөө тэгж үздэг юм. Орос-Япон хоёрын хооронд  тэнд хилийн будлиан гарсан. Гэхдээ Халх голд ойрхон болсон учраас Оросын болон манай эх сурвалжуудад Халх голын дайн гэж нэрлэдэг. Бид тэгж ойлголцоод ХХ зууныг туулсан ХХI зуунд  мөн тэгж ойлголцоод явах байлгүй.

Өөр арга байхгүй юм чинь. Гэхдээ тэр бол дэлхийн үндэстнүүдийн хоорондох шинжээр ярихаас илүүтэй Дэлхийн II дайны өмнө болсон их гүрнүүдийн хоорондох эрх ашгийн зөрөлдөөнөөс үүдсэн зүйл шүү дээ. Ийм л юм.