Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг эрчимжүүлнэ
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугам
2014.08.04

Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг эрчимжүүлнэ

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар хэрэгжиж байгаа төсөл, орон нутгийн гэгээрэл хөгжлийн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Үүнд:
-Албан бус боловсролын үйлчилгээг насан туршийн боловсролын тогтолцоо болгон өргөжүүлж, иргэдэд тасралтгүй боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох хүрээнд аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвүүдэд Германы Олон улсын хамтын ажиллагааны шугамаар хэрэгжиж буй мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөрийг дүйцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авах,

-Зарим аймаг, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын хөтөлбөрт мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөрийг тусгаж, туршин хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчдыг ирээдүйн ажил, мэргэжил, дараа шатны сургалтын байгууллагад бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор тэдний сонголтыг харгалзан агуулгаар сургалт зохион байгуулах, сургалтын агуулгыг багц цагаар хэмжих, ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр их, дээд сургууль, политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөтөлбөр хоорондын уялдаа, агуулгын залгамж холбоо, сонголтыг уян хатан болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, “Хүүхэд, залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр” боловсруулж, батлуулах зэрэг багтжээ.