Л.Болд: Хоёр хөрштэйгөө харилцаагаа шинэ шатанд гаргана
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.08.20

Л.Болд: Хоёр хөрштэйгөө харилцаагаа шинэ шатанд гаргана

Гадаад харилцааны сайд Л.Болдоос дараахь тодруулгыг авлаа.

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал дараалж болох нь. Энэхүү айлчлалаас юу хүлээж байна вэ?

-Бид хөрш орнуудтайгаа харилцаагаа цоо шинэ төвшинд гаргахаар зорьж байна. Одоо бол стратегийн түншлэлийн харилцаатай байдаг. Энэ бол дээд шат байсан. Харин одоо үүнийгээ ахиулах ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд БНХАУ, ОХУ-гаас гадна өөр хэд хэдэн улстай стратегийн түншлэлийн харилцаатай болсон.

Гэвч хамгийн энгийн жишээ хэлэхэд эдгээр улстай бид хиллэдэггүй. Иймээс хөрш хоёр оронтойгоо иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр болсон.

Зөвхөн хоёр хөрш оронтойгоо л бүх талаар, иж бүрэн түншилнэ гэсэн үг.

Ингэж зорьж ажиллаж байгаа. Мэдээж айлчлалуудын үеэр хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулж, Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд гэрээ хэлцэл байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр бүхий л чиглэлд ахиц гарна гэж үзэж болно.

-БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үеэр эдийн засгийн томоохон гэрээ, хэлэлцээр байгуулах болов уу гэсэн хүлээлт байгаа. Транзит тээвэр ч гэдэг юм уу?

-Төрийн дээд хэмжээний айлчлал учраас аль болох нийт улсыг хамарсан, эдийн засгийн том зорилтуудаа багтаахыг хичээнэ. Худалдаа, эдийн засгийн томоохон асуудлыг шийдсэн гэрээ хэлцэл байгуулна гэсэн хүлээлттэй байгаа.

Энэ дотор хамгийн олон жил ярьж, хүлээгдэж, хэлэлцээ хийж байсан зүйл бол транзит тээвэр. Монгол Улс маань хоёр хөрштэй, далайд гарцгүй улс.

Ийм улсын хувьд гурав дахь зах зээл зайлшгүй чухал. Тэгэхээр дамжин өнгөрөх буюу транзит тээврийн хэлэлцээр байгуулах нь ач холбогдолтой юм. Энэ хэлэлцээр өнөө маргаашгүй бэлэн болж айлчлалын үеэр илүү тодорхой болно.

-Хятад улсаас авах хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Яг одоогоор тийм, тийм төсөлд гээд хэлэх боломж алга. Эцсийн мэдээллийг айлчлалын үеэр өгнө. Одоо бол ярьж байна.

-10 тэрбум юанийн хөнгөлөлттэй зээлийн сураг сонсогдож байгаа. Ер нь бол айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн, эсвэл Ерөнхий сайд ч гэдэг юм уу тохиролцоо гэж бодъё.

Гэтэл энэ шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ. Монгол Улсын өрийн тааз тулчихаад байгаа шүү дээ. Үүнийг нэмэхийг УИХ дахь сөрөг хүчин дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

-Монгол Улс ардчилсан төртэй, төрийн дээд эрх мэдэл парламентдаа байдаг. ТэгэхэЭр УИХ-ыг өөр хэн ч төлөөлж чадахгүй. Зөвхөн парламент л үүнийг шийднэ. Аливаа асуудлаа яриад саналаа оруулна, тэрийг шийддэг газар нь ойлгомжтой л гэж хариулъя.

-Нүүрс шингэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төслийн хөрөнгө оруулалтыг шийднэ гэсэн хүлээлттэй байгаа юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ бол хамгийн бодитой томоохон төслийн нэг нь. Ямар ч байсан 2-3 тэрбум ам.долларын томоохон төсөл байгаа. Мэдээж энэ нь Оюутолгой шиг том төсөл биш ч байгаль экологи, эдийн засгийн үр ашиг талаас нь харвал маш том төсөл. Үүнийг эхлүүлэх алхам хийнэ.

-БНХАУ өнгөрсөн онд болсон их хурлаараа нээлттэй бодлогын гүнзгийрэл гэсэн нэр томъёог гаргаж тавьсан. Ингэснээр гадаад бодлогоо илүү нээлттэй болгоно гэсэн. Энэ нь манайд ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Хятадын бодлогын шинэчлэл бидэнд үнэхээр ач холбогдолтой. Өмнө нь хүйтэн дайны үеийн, XX зууны түүх угаасаа өөрөө олон нугачаатай байсан шүү дээ. Энэ бол улс орнуудыг хооронд нь хөндийрүүлсэн, хаагдмал боогдмол болгосон.

Ийм нөхцөлүүд байсан л даа. Одоо бол Хятадын шинэ бодлого, хөрш орнуудтайгаа хамтарч нээлттэй хөгжих, аль болох харилцан дэмжих, ил тод ирээдүйг харсан ийм хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар та товч мэдээлэл өгөхгүй юу?

-Эдийн засаг, харилцааны бүхий л асуудлаар ярилцана. Харилцаагаа шинэ төвшинд гаргах, мөн тулгамдсан асуудлаа ярина. Хамгийн гол хүлээгдэж байгаа зүйл бол иргэд хоорондоо харилцан визгүй зорчих асуудлыг шийднэ. Энэ бол бүхэл бүтэн шинэ үе авчрах түүхэн шийдвэр байх болно.

-Талын зам, таван хоолойн талаар ямар нэгэн шийдвэр гарах уу?

-Дэд бүтцийн, бидний яриад байгаа таван хоолой, талын замын асуудлын хувьд ярина. Ер нь бол хоёр хөршийг холбосон транзит хоолой гээд энэ талын бүхий л ярилцах сэдвийг нээлттэй авч үзэх болно.