Нийт 200 гаруй гишүүд цуглалаа.
2014.08.27

Хяргас нуурын хөвөөнд МАХН-ын гишүүд чууллаа

МАХН-аас энэ жилийг Намын анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд тус намаас Шударга ёсны хуралдай, бүсчилсэн зөвлөлгөөнийг хийж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд хангайн болон төвийн бүсийн зөвлөлгөөнийг хийсэн бол энэ удаад баруун бүсийн зөвлөлгөөнийг Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнд хийлээ. Зөвлөлгөөнд Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн МАХН-ын анхан шатны байгууллагын идэвхтэн сонгуультан, гишүүд дэмжигчид оролцлоо.

Баруун таван аймгийн 200 гаруй гишүүд дэмжигчдийг хамруулсан энэ удаагийн зөвлөлгөөнд МАХН-ын даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, Нийслэл хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Сургалт судалгаа, гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга З.Батбаяр нар оролцжээ.

Тэд алслагдсан аймгийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах, намаас барьж буй бодлого, гарч буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна.

Аливаа улс төрийн хүчний амин сүнс нь анхан шатны байгууллага, тэдгээрийн чадавхийн асуудал байдаг тул салбар хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх, аймаг аймгийн намын хороодын арга туршлагыг өвөр зуур нь солилцуулах, тэднийг нэгтгэх зорилгоор энэ удаагийн зөвлөлгөөнийг зохион байгуулжээ.

Хяргас нуурын хөвөөнд чуулсан МАХН-ын гишүүд дэмжигчид хий улс төржих, хэт нэг талыг барьсан шүүмжлэл өрнүүлэхээс илүүтэй баруун хязгаарын ард иргэдийн амьдралын бодит үнэн, тулгамдаад буй асуудлуудыг өвөр зуураа хэлэлцэхийг илүүд үзэж байлаа.

Тэд МАХН-ыг ямар нэг эрх ашгийг харж, хэн нэгэн даргаас албан тушаал гуйх гэж биш зөвхөн өөрсдийн итгэл үнэмшлээр сонгож, өөрсдийн үйл хэрэг болгон явдгаа илэрхийлжээ.  

МАХН-ын гишүүд баруун аймгуудыг холбосон авто замын сүлжээг яаралтай барьж дуусгах, байгаль орчны өмнө нүүрлээд буй бодит аюулаас урьдчилан сэргийлэх, бүсийн нэмэгдэл гэж ярьсаар удаж буй асуудлыг бодитоор ажил хэрэг болгох талаар саналаа хэлсэн байна.

МАХН-аас зохион байгуулж байгаа тус зөвлөлгөөн зүүн, говийн бүсүүдэд бол болон нийслэл хотод үргэлжлэн зохиогдох ажээ.

Мөн жилээс жилд байгаль орчны доройтол газар авч байгаа тул байгалиа унаган төрхөөр нь хамгаалж үлдэхийг баруун аймгийн иргэд хүсч байна. Хөгжүүлэх шаардлагагүй зүйл бол байгаль. Түүнийг хамгаалах нь өөрөө хөгжлийн том түшиц гэдгийг МАХН-ын гишүүд дэмжигчид хэлж байна.

Мөн уул уурхайн олборлолттой холбоотой санал шүүмжлэл гарч байв. Тэд нэгэнт эдийн засгийн нэг хөдөлгүүр болсон уул уурхайг ашиглахыг эсэргүүцэхгүй байгаа ч нэгэнт ашигласан талбайг нөхөн сэргээж унаган төрхөнд нь оруулахад онцгой анхаарахыг сануулж байсан.

МАХН-ын гишүүд дэмжигчдийн дунд томоохон хүлээлт үүсгээд байгаа өөр нэг асуудал нь МАХН-ын дарга Н.Энхбаяр хэзээ эх орондоо ирж, ажил хэргээ явуулах вэ гэдэг асуулт байв. Энэ асуултад МАХН-ын Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар хариулахдаа, “Биеийн байдал бүрэн гүйцэт эдгэрч, тэнхэрсний дараа эх орондоо ирэх болно.

Тэр цаг ойрхон байгаа. Түүнээс биш зарим нэг хэвлэлээр гараад байгаа шиг Н.Энхбаяр даргад эрүүгийн хэрэг үүсгэсэн, МАХН-ын байрыг лацдаж битүүмжилсэн асуудал байхгүй” гэв.

Баруун бүсийнхний зөвлөлгөөн спортын арга хэмжээгээр үргэлжилж, гар бөмбөг, сумо бөхийн барилдаан, хөл бөмбөг, олс таталтын төрөл тус бүрт аваргуудаа шалгаруулснаар өндөрлөсөн байна.

МАХН-аас зохион байгуулж байгаа тус зөвлөлгөөн зүүн, говийн бүсүүдэд бол болон нийслэл хотод үргэлжлэн зохиогдох ажээ.