Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг өмөөрөхийн учир...
2012.03.19

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг өмөөрөхийн учир...

Тэр буруу юм юу хийсэн гэж


-Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг сайдын суудлаас нь огцруулахыг хичээж АН-ын хэсэг хүмүүс сүүлийн үед тун ч идэвхтэй байгаа. Бүр Ж.Энхбаярыг огцруулахгүй бол Засгийн газрыг тараана гэж мэдэгдэж эхлэв. Гэвч болж үйл явдлын дүр зургаас Ж.Энхбаяр Засгийн газрыг тарааж, төрийг бужигнуулахад хүргэх алдаа хийсэн нь харагдахгүй байна. Тэрбээр ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа сайдын зөвлөлийн хуралдааныхаа үеэр “Байлдааны бэлэн байдалд байх ёстой. Долдугаар сарын нэгэн шиг юм болбол яах юм бэ.Тиймээс мэргэн бууч бэлтгэнэ” гэсэн утгатай зүйл хэлсэн нь түүнийг ард түмнийхээ өөдөөс буудах гэсэн хэрэгт унагачихсан.

Түүний хэлсэн энэ үгийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар ард түмнийг буудах бэлтгэл хийх нь гээд ойлгочихжээ. Үнэхээр ингэж ойлгосон уу эсвэл зүгээр л улстөр хийж, жүжиг тоглож байна уу гэдгийг өөрсдөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Мэдэхгүй ч гэж дээ, магадгүй тэдний байр суурийг дэмжиж байгаа хүмүүс хоорондоо ярьж тохирсон ч байж болно. “Түүний хэлсэн энэ үгийг ингэж мушгиад сайхан улстөр хийчихье” гэж хор найруулсан байхыг үгүйсгэх аргагүй.Одоо ч энэ намуудад, улстөрчдөд итгэлтгүй болж. Үнэн, худал эсэх нь, үнэхээр улс үндэстнийхээ төлөө юу, үгүй юу гэдэг нь мэдэгдэхгүй, үр дүн харагдахгүй жүжгээс нь ард түмэн залхаж гүйцлээ. Ж.Энхбаяр сайдын хэлсэн үгийг нийгмийн дийлэнх хэсэг “Сайд хүн ажлаа хүлээж аваад салбартаа хийх бодлогын шинжтэй зүйлийг л ярьж. Яагаад Монгол Улс мэргэн бууч бэлтгэж болдоггүй юм. Тэр хүн долдугаар сарын нэгнийх шиг хэрэг гарвал мэргэн буучид оруулна гэж хэлээгүй л байна шүү дээ” гэж санал бодлоо илэрхийлцгээж байна.

Угаасаа ч ийм. Зориуд мушгин гуйвуулах зорилго агуулаагүй хүнд бол түүний хэлсэн үг ингэж л ойлгогдож байгаа. Тэр хүн ард түмнийг буудах бэлтгэл хийх гээгүй гэдгээ УИХ-д ч тайлбарлаж л байна билээ.УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нарынхаар бол шинэ албан тушаал авсан хүн тухайн салбартаа ямар нэгэн шинэ юм сэдэж, ажлаа яаж хийх, юу санаж бодож байгаагаа хамт ажиллагсаддаа ярих ёсгүй болж байх шиг. Үнэхээр түүнд ард түмнийхээ өөдөөс буудах бэлтгэл хийх муу санаа байсан бол түүнийгээ сайдын зөвлөлийн хурал дээр дэлгээд суухгүй л байсан байх. Манай улс байлдааны зэвсэглэлийн хувьд хэчнээн хоцрогдсон, батлан хамгаалах боловсон хүчнээ хэр сайн бэлтгэдэг орон билээ. Залуучууд нэгхэн жилээр цэргийн албыг хааж, цэрэгт явах дургүй зарим нь мөнгө төлөөд энэ албанаас чөлөөлөгддөг.

Гэтэл бидний хамгийн сайн мэдэх БНСУ-д эр хүн болж төрсөн л бол тэр хүн заавал эх орноо батлан хамгаалах үйлсэд оролцож, цэргийн албаа хаадаг хатуу хуультай. Бүр нэртэй жүжигчид, одод нь хүртэл цэрэгт явдаг.Бидний хоёр хөрш болон бусад орнууд цэрэг зэвсгийн хүчин чадлаар хол илүүтэй. Энэ мэт ялгааг жирийн иргэн бүр л анзаарч байгаа. Ж.Энхбаяр ч гэсэн энэ л өнцгөөс харж, санал бодлоо хэлсэн нь тэр байх. Түүний энэ санааг дэмжиж байгаа хүн бишгүй л байна. Залуу хүн улс үндэстнийхээ эрх ашгийг ямагт хамгаалж, улсынхаа сүр хүчийг хэзээд хадгалж байх үүднээс зорьж яваа зүйлээ хэлсэн. Мэргэн буудагчдын рот батлан хамгаалахын салбарт зайлшгүй байх ёстой биз дээ гэцгээж байгаа. Үнэхээр ч тийм.Ж.Энхбаяр сайдын хэлсэн үгийн хариуд “Та санаагаа буруу илэрхийлж байна.

Яг юу гэсэн үг вэ” гэж асууж, тодруулаад зөвлөчихийн оронд, эсвэл үнэхээр ард түмнээ буудах гэсэн далд санаа агуулсан уу гэдгийг олоод мэдчихийн оронд зориудаар улстөржүүлж, сонин сайтуудад хов болгож зөөсөн батлан хамгаалах салбарын эрхмүүдийг ч ойлгохгүй юм. Тэдэнд уг нь тийм ухаан байж л таарна. Тэгээгүйг бодоход тэд бараг л Ж.Энхбаярын эсрэг ашиглах “но” цуглуулах үүргийг дээрээс аван сууж байсан ч магадгүй юм.Ямар ч улс оронд цэргийн тусгай анги нэгтгэл байнгын бэлэн байдалтай байдаг. Бид тийм байж чадахгүй байгаатай эвлэрч, тийм болчих юмсан гэж зорьж, зүтгэхийн оронд юм хийх гэсэн нэгнээ янз бүрээр оролдож, зориг зүрхийг нь мохоох гээд байхын хэрэггүй л баймаар байна. Ж.Энхбаяр сайдыг хэлсэн үгийнх нь төлөө огцруулахыг хүсэж байгаа УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энхбаяр гэх залуу Монголчуудаа буудаж ална гээд байхад МАН нь өмгөөлсөөр байгаад аваад үлдлээ. Энэ асуудал л яах аргагүй Р.Гончигдорж бид хоёрыг сэртхийлгэсэн байхгүй юу” гэж ирээд ярьжээ.

Яг үнэндээ түүний ярьсныг уншиж, сонсоод сэрдхийсэн хүн байгаа юмуу. Харин ч бүр эсрэгээрээ “Нээрээ манай улс хүчирхэг цэрэг, армитай болох цаг нь болсон” гэж харах хүн олон байсан байх.Мэдээжийн хэрэг улс, үндэстнийхээ эрх ашгийн эсрэг зүйл ярьсан, хийсэн хүн хамгийн хатуу цээрлэлийг хүлээх ёстой. Хүлээлгэх нь ч зайлшгүй. Гэвч Ж.Энхбаяр цээрлэл хүлээх юм огт хэлээгүй, хийгээгүй л байна. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг ард иргэдрүүгээ буудаагүй, буудах ч гээгүй байхад аль хэдийнэ ард иргэдээ буудаад эхэлчихсэн юм шиг сүр бадруулан ярих УИХ-ын нэр бүхий хоёр гишүүнийг ч үнэндээ ойлгохгүй юм. АН-ынхан өөрснөө л Засгийн газраас гарна гэж гарсан.

Гарсан хойноо харин тэр нь ч болохгүй байна, энэ нь ч болохгүй байна гэж авгай хүүхнүүд шиг хэрүүл уруул гаргаад, улс орныг бужигнуулаад байх шаардлагагүй мэт. Иймэрхүү ямар ч ач холбогдол, үр дүнгүй улстөржилт үнэндээ ард түмнийг залхааж гүйцлээ. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийг нь үгүйсгээгүй ч жаахан зангарагтай л байгаач гэдгийг ард түмэн магадгүй хэлэхийг хүсч байгаа.Эцэст нь тэмдэглэхэд, Ж.Энхбаяр сайд яс юман дээрээ ард түмнийхээ төлөө л хэлсэн. Залуу хүн зоригтой, зорилготой ажиллая гэж л санаж бодсон байлгүй. Харин ч хэлсэн үгийнх нь төлөө Ж.Энхбаяр сайдад амжилт хүсье. Зөв бодлого бариад, сайн багтай, гар нийлээд ажиллахад ажлын үр дүн гарч, эх орон, ард түмэнд үнэлэгдэж л таарна. Цэргийн хүний хүү шиг гялалзтал ажиллаад, хатуужилтай байгаарай. Шинэ залуу үеийн төлөөлөл болоод шижигнэтэл ажиллаарай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.