Л.Гантөмөр: Голч дүн нь 2.0-оос доош бол 70 мянгын тэтгэлэг олгохгүй
БШУ-ны сайд Л.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Одоогоор цаг үеийн халуухан асуудал цэцэрлэгийн хүртээмж болчихоод байна. Энэ хичээлийн жилд хэчнээн мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах вэ?
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 8000 орчмоор нэмэгдсэн. Гэвч 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Үүнээс 156 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25.8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдана.
-Нийслэлийн хэмжээнд баригдах 83 сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил ямар шатандаа явж байна вэ. Уг нь дээрх сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж мэдэгдсэн?
Одоогоор сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил гэрээ, хэлэлцээрийнхээ төвшинд явж байна. Гэхдээ ирэх онд 30-ыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд 83 сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор өнөөдөр иргэдийг бухимдуулж буй бүх асуудал шийдэгдэх юм.
Энэ жил 2500 хүүхдийг хувийн цэцэрлэгт хамруулахын тулд 600 орчим сая төгрөг шаардагдсан
Бидний хувьд цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг боломж, боломжийн хэрээр шийдвэрлэх гэж хичээж байна. Тиймээс ч хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг дэмжиж ажиллахаар төлөвлөсөн. Нийслэлд хувийн цэцэрлэг байгуулахын тулд чирэгдэлгүй болсон. Бидний зүгээс тэднийг дэмжиж байгаа. Хувийн цэцэрлэгүүд ч аль болох олон хүүхэд хамруулах үүднээс үнэ, төлбөрөө ч хямдруулж байна.
Цаашид бид хувийн цэцэрлэгүүдтэй арай өөр байдлаар хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Хувийн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдүүдийн урсгал зардлыг тэдэнд өгөөд хамруулахаар төлөвлөж байна. Энэ хичээлийн жилд 2500 хүүхдийг хувийн цэцэрлэгт хамруулахын тулд 600 орчим сая төгрөг шаардлагатай болсон.
Харин ирэх хичээлийн жилд хоёр тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан баланс байна. Үүнийг улсын төсөвт суулгаж, асуудлыг шийдвэрлүүлэхээр ярилцаж байгаа юм.
-Уг нь хотын дарга Э.Бат-Үүл орон сууцны хороолол бүр дэргэдээ сургууль, цэцэрлэгтэй байх захирамж гаргасан. Гэтэл зарим хорооллууд сургууль битгий хэл цэцэрлэггүй байна?
Бид энэ асуудлын талаар ярилцаж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод шинэ тутам орон сууцны хороолол ашиглалтад орж байна. Гэвч тэр бүр сургууль, цэцэрлэг дэргэдээ барьж, байгуулахгүй байгаа юм. Уг нь барилгын компаниуд дэргэдээ сургууль, цэцэрлэг барихыг дуртайяа зөвшөөрч байгаа.
Гэвч тэд барьсан сургууль, цэцэрлэгээ төрд худалдахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, ТОСК дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль барьж өгье гэсэн. Хариуд нь төр тэдний бүтээн байгуулалтыг худалдаж авах шаардлага тавьж байгаа юм. Бид энэ асуудлыг хэлэлцэж, судалж байна.
Намайг ажлаа авахад цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 30 хувь нь гэртээ байсан. Одоо энэ тоо 20 болж буурсан байна.
Намайг ажлаа авахад цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 30 хувь нь гэртээ байсан. Одоо энэ тоо 20 болж буурсан байна. Ирэх хичээлийн жилд дахиад буурах болно.
-2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд бага ангиуд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын 40 лаборатори сургуулийн 1680 багш бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн. Бага боловсролын цөм хөтөлбөрөө батлан, багш нэг бүрт хэвлэн хүргэж, 860 гаруй сургагч багш нар үндэсний хэмжээнд 13310 багш, удирдлагуудад бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн сургалтыг амжилттай зохион байгуулсан юм.
Өөрөөр хэлбэл, сургалтын хөтөлбөрийн оронд боловсролын хөтөлбөртэй болсон, боловсролын нийтлэг удирдамжийн оронд ерөнхий чиглэл өгдөг, хичээллэхийн оронд туршдаг болсон зэрэг өөрчлөлт гарсан юм. Тэгэхээр бүх зүйл шинэчлэгдэж байна.
-“Ном”, “Авьяас” хөтөлбөр хэрэгжсэн. Үр дүн нь хэрхэн харагдаж байна вэ?
“Ном”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 756 сургуулийн 430 мянган сурагч 121 төрлийн секц дугуйланд, хамрагдаж байгаа нь нийт хүүхдийн 90 орчим хувь байна. Энэ хичээлийн жилээс ЕБС-ийн дунд ангийнхан ангийн номын сантай болно. Тэгэхээр энд нэг зүйлийг онцлоход дунд, ахлах ангийнхан төгсөхдөө сургуульдаа юу авч өгөх талаар ярилцдаг. Тэгвэл ангид чинь номын сан бэлэн байна.
Түүнийгээ өөрсдийнхөө унших дуртай номоор баяжуулж, сургуульдаа бэлэглэ гэж сурагчиддаа хэлмээр байгаа юм. Үүнээс гадна төрийн өмчийн 220 сургуульд тус бүр 10 сая, 764 цэцэрлэгт тус бүр хоёр сая төгрөг олгож багш, суралцагчид өөрсдөө сонгон хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авсан.
Муу сурлагатай оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгөхгүй байхаар шийдвэрлэсэн
Төрийн өмчийн сургуулиудад 128 физикийн, 128 химийн лаборатори, 110 сургуульд ухаалаг хөгжмийн самбар, 1000 морин хуур зэрэг тоног төхөөрөмж олгосон бол удахгүй 100 физик, 100 химийн лаборатори болон бусад тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр бэлтгэж байна.
Мөн энэ хичээлийн жилд орон даяар бүх багш нарыг комьютертэй, бүх сургуулийг интернэттэй болгоно. Өөрөөр хэлбэл, 25 мянган багшийн гарт Laptop хүрнэ гэсэн үг.
Түүнчлэн хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаан зарлаж, роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын зохиолын төрлүүдээр нийт 61 бүтээл шалгаруулаад байна. Энэ уралдаанд шалгарсан 61 бүтээл сайн ном болно.
Гэхдээ энд нэг зүйлийг хүүхдийн зохиолч нартаа хандаж хэлмээр байгаа юм. Уралдаанд ирүүлсэн ихэнх бүтээл үзэл, санаагаа хүүхдүүдэд шууд тулгасан өнгө, аястай байсан. Тиймээс ч дараа, дараагийн уралдаанд бүтээлээ ирүүлэхдээ хүүхдийн өмнөөс сэтгэж, харж, бодсон тийм зохиол ирүүлээрэй гэж хэлэх байна.
-Дүрэмт хувцасны хангамжийн хувьд?
Өнгөрсөн жилд 497 мянган сурагчийн 38 хувь болох 189000 сурагч шинэ дүрэмт хувцсаар хангагдсан.
Энэ хичээлийн жилд 186104 сурагч дүрэм хувцас захиалжээ
шинээр захиалга өгсөн. Энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон.
Дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт улс орон даяар хийгдэж байна. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн оны үнэтэй адил төвшинд байна.
-Энэ хичээлийн жилд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журамд өөрчлөлт орсон уу?
ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан элсэгч их дээд сургуульд элсэн орох эрхтэй болсон. Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилээс нийт их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт босго оноо 400 байхаар БШУ-ны сайдын тушаал гарсан болон босго оноог жил бүр шинэчлэн тогтоох болно.
Энэ нь сургалтын чанарыг сайжруулах алхам. Хэрвээ та энэ жилийн шалгалтад тэнцээгүй бол сайн бэлдэж байгаад дараа жил шалгалт өгөх эрхтэй. Энэ нь хүссэн хүн бүр их, дээд сургуульд элсдэг байдлыг хязгаарлах алхам юм. Үүнээс гадна багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд 650, 750 дээш оноо авч 70, 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна.
Мөн хөдөө орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувийн тэтгэлэгтэй 2000 гаруй оюутан суралцаж байгаа. Энэ бүхнээс үүдэж өнөө жил муу сурлагатай оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгөхгүй байхаар шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, голч дүн нь 2.0-оос доош бол 70 мянгын тэтгэлэг авахгүй. Тиймээс тэтгэлэгээ авахын тулд оюутнууд маань хичээх болов уу.