Д.Батцогт: Цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ
Нийслэлийн цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна
2014.08.27

Д.Батцогт: Цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

УИХ-ын гишүүн, Нийгмийн , бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл танай байнгын хороогоор хэлэлцэгдэх байх. Энэ төсөл юу болсон бэ?

УИХ-ын гишүүд наад хуулийн төслийг чинь өргөн барих гэсэн боловч эргүүлэн татсан шүү дээ.

Одоо Засгийн газраас өргөн барихаар зэхэж байгаа. Хэрэв Засгийн газар өргөн барьчих юм бол УИХ-аар хэлэлцээд даруй батлах бүрэн боломжтой шүү дээ.

-Яагаад Засгийн газраас өргөн бариулж байгаа юм бэ. Ингэж цаг хугацаа алдах хэрэг юунд байсан юм бол?

Мөнгө төгрөгтэй холбоотой учраас Засгийн газраас өргөн бариулж байгаа юм. Наад хуулийн төсөл чинь эцсийн байдлаар манай байнгын хороон дээр орж ирээгүй.

Хэрэв Засгийн газар яаралтай өргөн барьчих юм бол энэ намрын чуулганаар төслийг баталчих байх гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн болоод УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл зэргийг нэгтгэчихсэн гэсэн үг үү?
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг даруй батлах шаардлагатай.

-Ер нь нэгтгэчихсэн бөөндөө л явж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилснаар гэдэг байдлаар орж ирэх болов уу. Гишүүд бол цөм дэмжиж байгаа шүү дээ.

-Энэ хуулийг яаралтай гаргахгүй бол цэцэрлэгийн асуудал үнэхээр хүнд болжээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

Өнөөдөр манай байнгын хороо Төсвийн байнгын хороотой хамтраад нийслэлийн цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн боловсролын газрын дарга ирж мэдээлэл өгнө. Энэ үеэр цэцэрлэгтэй холбоотой бүх асуудлыг тал талаас нь ярина.

Ирэх жил ямар арга хэмжээ авахыг ч хэлэлцэнэ. Иргэдийн зүгээс ч УИХ-д цэцэрлэгийн талаар нэлээд гомдол, санал ирж байгаа. Үүний дагуу ярина. Нэгэнт манай улс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулж чадахгүйгээс цааш Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг даруй батлах шаардлагатай.

Тэгсэн тохиолдолд сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг асуудал эрс багасна.