СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2014.09.12

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Онцгой Байдлын Ерөнхий газраас ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэлээ.

Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.     

Өнөөдөр:Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи говь болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, говь, талын нутгаар 24-29 градус, Туул голын сав газраар 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна. Төлөв байдал:  13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 15-наас нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ..... 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 09 дүгээр сарын 12-нд баруун болон төвийн нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 13-нд говь талын нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэх юм байна. 

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин шатахууны нөөцтэй замд гарах, үр тариа төмс, хүнсний ногоо хураах, өвс, тэжээл бэлтгэх зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цаг агаарын болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ой, хээрийн түймэр

Хөвсгөлаймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Хөшгийн гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай мэдээллээр /2014.09.05/ сумын иргэд ажиллан түймрийг унтраасан. 

 Сүхбаатараймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Замын шандны-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр /2014.09.11/аймгийнОнцгой байдлын хэлтсийналбан хаагчид, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг унтраасан.Уг гал түймэрт иргэн А /59 настай, эрэгтэй/ түлэгдэж гэмтсэн. 

 Хэнтийаймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Их бага-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр /2014.09.11/ аймгийнОнцгой байдлын газрыналбан хаагчид, Баянхутаг, Баян-Овоосумдын иргэд ажиллаж, түймрийг унтраасан.   

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Өвөрхангай аймгийн Сант сумын төвийн 5 дугаар багийн иргэн М нь /15 настай, эрэгтэй/ 2014.09.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тул дээж авч ЗӨСҮТ-д шинжлүүлэхэд /2014.09.10-ны өдрийн хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2014.09.11-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар сумын нутагт 6 хоногийн хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, сумын Засаг даргын 2014.09.10-ны өдрийн А/66 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тус тус тогтоосон.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ....

          Нийслэлийн Засаг даргын  “Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн дагуу нийслэлийн шалган бүртгэх товчоодод Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22-ын товчоо, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад 24 цагаар 3 ээлжээр ажиллаж байна

Уг захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналтын цэгийг ажиллуулна.

Монгол орны нутаг дэвсгэрийн 18 аймгийн 132 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомттой. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.

2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний 5 тохиолдол бүртгэгдсэн. Иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй.

Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй.

Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.  

     Онцгой байдлын ерөнхий газар

2014.09.12