Д.Оюунхорол: Нам дотор талцах, хуваагдах зүйл болоогүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2014.09.30

Д.Оюунхорол: Нам дотор талцах, хуваагдах зүйл болоогүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа. 

-Ерөнхий сайдын Засгийн бүтцийн өөрчлөлтийн талаар хийсэн мэдэгдлийг бүлгийн дэд даргын хувьд хэрхэн харж байгаа вэ. Хүмүүс бол оройтсон мэдэгдэл байлаа гэж байна?

Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл хийснийг хувь гишүүний үүднээс зөв гэж харж байгаа. Засгийн газрын зүгээс энэ асуудлаа харин ч эрт оруулж Их хурлаар шийдүүлээд явсан бол илүү үр дүнтэй болох байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд оруулж ирсэн “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй” хуулийн төслийг хэлэлцэх үед Ерөнхий сайд оруулж ирсэн бол цаг хугацааны хувьд оновчтой байх байлаа.

Гэхдээ хожимдсон ч гэсэн  эдийн засаг  хямарсан энэ үед Засгийн газар нүсэр бүтцээр ажиллаж байгаагаа шийдвэрлэн төсвөө хэмнэж, цомхон бүтцээр үр дүнтэй ажиллана гэж байгааг би зөв алхам гэж үзэж байна. 

Яамдын тоо олширч давхардсан чиг үүрэг нэмэгдсэн нь бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид илүү их дарамт учруулдаг.
-Яамдын тоог цөөллөө гээд төсөв төдий л хэмнэгдэхгүй юм биш үү?

Яамдын тоо олширч давхардсан чиг үүрэг нэмэгдсэн нь бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид илүү их дарамт учруулдаг. Манайд 100 ямаанд 60 ухна гэсэн үг байдаг биз дээ. Засгийн газрын бүтэц яг ингэж л явж ирлээ. Даргын тоо олшрох тусам ажил хийж байгаа хүмүүст илүү их дарамт бий болдог.

Тиймээс хөрөнгө мөнгө хэмнэх гэдгээс илүүтэйгээр төрийн үйлчилгээг цогцоор нь хүргэх нэгдсэн бодлоготой байх нь  үр дүнтэй. Яам, агентлагийн тоо нэмэгдсэнээр олон хүнд даргын сэтэр зүүлгэж албан тушаал олгосон. Энэ алдаагаа ухамсарлан засах гэж байгаа нэг хэлбэр л дээ. Аймаг, орон нутаг, нийслэлд босоо удирдлагыг бий болгосноор аймаг, сумын Засаг дарга нар орон нутгийн хийж хэрэгжүүлсэн ажлын сайн мууг хүлээж байгаа хирнээ эрх мэдэлгүй албан тушаалтнууд болж хувирсан.

Бид эрх мэдлийг хэрэгжүүлэх тухай ярьдаг боловч амьдрал дээр  орон нутгийн эрх мэдлийг хязгаарлаж тэр бүгдийг нь яамдуудад өгчихсөн. Энэ нь бие даасан төсөвтэй вант улсыг бий болгосон. Аймаг, сумын Засаг дарга агентлагийн даргад үг хэлэх эрхгүй л болчихоод сууж байна. Бидний хүсч зориод буй засаглалын хэлбэр биш.

Босоо удирдлагатай агентлагуудыг орон нутгийн удирдлагуудад шилжүүлж, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, төвлөрлийг сааруулах ажлыг бодитоор хиймээр байгаа юм.

-Яамдын тоо цаашид хэд болох бол. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай асуудлыг хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэх байсан ч завсарлага авснаар чуулган завсарласан. Энэ асуудлыг хэлэлцэх үү?

Яамдын тоо хэд болж орж ирэхийг мэдэхгүй. Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн тул цаашид энэ асуудлаа оруулж ирэх юм байна гэж ойлгож байна. Хэрэв ороод ирэх юм бол МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг ярихгүй. Үнэн хэрэгтээ Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал УИХ-ын Дэгийн тухай хуулиар намрын чуулганд хэлэлцэх асуудлын дарааллаар хамгийн эхэнд хэлэлцэх ёстой л доо. Парламент намрын чуулганы хөшгөө нээж байгаа эхний өдөр энэ талаар яриагаа эхлээд яахав. Тиймээс асуудлуудаа хэлэлцээд явах үед Засгийн газар бүтцийн асуудлаа оруулж ирэх нь зөв гэж үзсэн. Засгийн газрыг энэ асуудлаа шуурхай, зөв оруулах байх хэмээн харж байна.

Бүтцийн өөрчлөлт орж ирэх үед УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүд битгий тавигдаасай, тухайн салбартаа мэргэшсэн мэдлэг боловсролтой жаргал зовлонг нь мэддэг Их хурлын гадна байдаг хүмүүсээс оруулж ирээсэй гэж хүлээж байна даа. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг салбараа мэдэхгүй унагааж байгаа олон хүмүүс энэ Засагт бий. Ямар нэгэн лобби бүлэг, фракцын хамаарлаас болоод бие биедээ хатуурхаад байж чаддаггүй юм шиг байна лээ. 

-МАН-ын зүгээс өргөн барьсан хуулиудыг чуулганаар хэлэлцэхгүй байна. Энэ нь ард түмнийг хохироож байгаа нэг үйлдэл гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа. Танайхны өргөн барьсан хуулиуд хэлэлцэгдэх нь үү?

Манай эрх баригчид цөөнхдөө хүндэтгэлгүй хандаж байгаа. Цөөнхийгөө үгийг үл ойшоож, цөөнхтэйгээ зөвшилцөх төрийн ажлын уламжлалт арга барилаас ухраад байна. Энэ нь эргээд улсын эдийн засаг, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна гэдгийг хэлье. МАН-ын бүлгийн гишүүд “Бид сөрөг хүчин” гээд зүгээр суугаагүй. Асуудалд ажил хэрэгч байдлаар хандаж нэлээдгүй хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан. Манай бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүдийг шийдвэрлэж өгөөч ээ гэсэн хүлээлт ард иргэдэд бий. Гэтэл өргөн барьсан хуулийн төслүүдийн заримыг нь хэлэлцэх асуудлын дарааллаас хойшлуулсаар байна. Одоо хүлээлттэй байгаа хэд хэдэн хуулийн төслийг зайлшгүй хэлэлцэх шаардлага тулгараад байгааг ойлгох хэрэгтэй.

-Ямар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх шаардлага байгаа юм бэ?

Хамгийн эхэнд Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Өнөөдөр малчдын хөдөлмөр үнэлгээгүй байна. Монголын малчид жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөрлөж гадаа гандан, хөдөө хөхөрч яваа ч төрд дарамт бололгүйгээр өөрсдийнхөө болон, үр хүүдийнхээ амьдралыг болгоод л байгаа.

Бидний хийсэн алдаа бол малчдын хөдөлмөрийг олон жилээр үнэлж ирээгүй явдал.

Бидний хийсэн алдаа бол малчдын хөдөлмөрийг олон жилээр үнэлж ирээгүй явдал. Үнэлэгдээгүй өнөөдрийг хүрсэн малчид нийгмийн даатгал төлөлт байдаггүй тул тэтгэвэр тэтгэмжид хугацаандаа гарч чаддаггүй. Төр үнэхээр байдаг юм бол нүүдэлчдийн өв соёлыг тээж яваа хүмүүстээ сэтгэл гаргаж энэ хуулийг л батлаад өгчих хэрэгтэй байна.  

Хөдөлмөрийн харилцаан дээр суурилсан тогтолцоонд хамруулж малчдын хөдөлмөрийг хүнд, хортой нөхцөл гэж үзэж тэтгэвэрт гарах насыг таван жилээр нааш татах зайлшгүй шаардлагатай. Ажил хийсэн хүн  тэтгэвэр авдаг байх ёстой гэдэг төлөвшлийг бий болгох нь чухал.

Ингэснээр малчдыг бид хөдөлмөрийн харилцаанд бага багаар  татан оролцуулж  байгаа юм. Энэ хууль батлагдсаны дараа  бүрэн дүүрэн хөдөлмөрийн харилцаанд  орох боломж бүрдэх юм шүү. Мөн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай байна.

-Уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байх гэсэн хүлээлт байна?

Хаа хаанаа намрын чуулганаар Сонгуулийн хуулийг батлах байх гэсэн хүлээлт байна. Авлигад идэгдсэн улс төрийн системийн эсрэг бид олон зүйлийг өөрчлөх шаардлага байна. Жишээ нь, Хотын ИТХ-ын  төлөөлөгч бүрт 20 сая төгрөг өгдөг. Гэтэл дүүргийн ИТХ-ын  төлөөлөгч таван сая төгрөг авч байна. Эдийн засаг хүнд байхад ингэж болох юм уу. Өмнө нь байгаагүй ийм нэг жишиг тогтоосныг өөрчлөх хэрэгтэй.

Сонгуулийн систем холимог хэлбэрээр явах нь зөв байх. Намууд доторх асуудлаа зохицуулахын тулд хариуцлагатай, төлөвшилтэй болохын тулд пропорциональ нь 28, мажоритар нь 48 байвал зөв байх болов уу. Ингэж чадвал улс төрийн намууд лидер улс төрчдөө хаана яаж нэр дэвшүүлэх үү, хэнийгээ намын жагсаалтаар оруулах уу гэдгийг шийднэ.

Мөн улс төрчдийг бэлтгэхэд маш их цаг хугацаа шаарддаг. Улс төрд үүссэн нөхцөл байдлаа  бид зөв тодорхойлох цаг болсон. Уламжлалаа хадгалах боломжийг сонгуулийн  холимог тогтолцоо бий болгож  өгөх байх гэж үздэг. Жишээ нь намаас нэр дэвшигчийн жагсаалтын эхний аравт 4-5 туршлагатай улс төрчид, 2-3 эмэгтэй, 2-3 залуу хүмүүсийг гэх мэт байдлаар  нэрээ гаргах боломжтой шүү дээ. Улс төрийн намуудыг хариуцлагажуулна гэдэгт эргэлздэггүй. Хэрэв тэгж чадвал улс төрчдийн ёс зүй өндөрсөнө.

Нэг намаас нэр дэвшиж Их хурлын гишүүн болчихоод өөр нам руу ордог гаж тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Үүнээс болоод Их хуралд итгэх итгэл алдарч байна. Бидний мөрдөж буй Улс төрийн намын тухай хууль хэтэрхий цаг үеэсээ хоцорсон. Зайлшгүй нэмэлт өөрчлөлт орох ёстой гэж үзэж байна. Улс төрийн намуудын санхүүжилтыг ил, тунгалаг болгох асуудлыг хуульд тусгаж өгөх ёстой. Мөн улс төрийн намуудыг хариуцлагажуулах, бэхжүүлэхэд улсын төсвөөс санхүүжүүлэх нь зөв.

-Та намрын чуулганыг хэрхэн төсөөлж байгаа вэ. Хаврын чуулган шиг сандал ширээ гээд Засагтайгаа зууралдаад таарах юм биш биз?

Бид хуулиудаа явуулах хэрэгтэй. Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа юм. Энэ оны наймдугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 153 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Би хувьдаа У.Хүрэлсүх даргыг МАН-ын лидер байсан, одоо ч байгаа, цаашид ч байх болно гэж боддог.

Улсын төсвийн орлого 443 тэрбум, орон нутгийн төсвийн орлого 64.9 тэрбум төгрөг, хүний хөгжил сангийн орлого 145.2 тэрбум, нийгмийн даатгалын сангийн орлого 60.4 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээс дутуу биелсэн.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн дагуу 24 төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа 48 байгууллага улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсний 28 нь орлогын төлөвлөгөө биелүүлж, 20 нь 0.2-100 хувиар тасалдуулаад байгаа дүнтэй байна шүү дээ. Улсын төсвийн орлого 623.4 тэрбум төгрөгөөр тасарч байгаа тул есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бүтээгдэхүүн ажил үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй гэж байна.

Үүнээс болж хичнээн олон компани хаалгаа барих вэ. Зээл авсан компаниуд ам.долларын ханшийн савлагаанд өртөөд зээлээ бус дөнгөж хүүгээ төлөх хэмжээнд явж байна.Ийм хариуцлагагүй байдлаар төсвийг удирдаж болохгүй. Энэ алдаануудаа засах шаардлагатай.

-МАН-ын бүлэг хэр ажиллаж байгаа вэ?

Бид өөрсдийгөө дүгнээд байх нь хаашаа юм. Гэхдээ бид хэзээ ч зүгээр суугаагүй.

-Өнгөрөгч долоо хоногт Зүүний хүчний холбоо хуралдаж У.Хүрэлсүх, С.Баяр, Сү.Батболд нар хүчээ нэгтгэн хамтраад ажиллах ёстой гэдгээ хэлсэн байна. Уг хурлыг та хэрхэн харж байгаа вэ. Нам гүм байсан хүмүүс хүчээ нэгтгэн намдаа эргэн ирж байгаагаа зарлаж байна гэх юм. Энэ нь нам дотроо талцлыг бий болгоод байгаа юм биш үү?

Зүүний хүчний холбоо өнгөрөгч долоо хоногт ээлжит хурлаа хийсэн. Би хувьдаа У.Хүрэлсүх даргыг МАН-ын лидер байсан, одоо ч байгаа, цаашид ч байх болно гэж боддог. МАН-ын дэргэдэх ТББ-ууд улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.

2016 оны сонгуулийн чимээ гараад эхэллээ. Бид чимээгүй суух цаг биш боллоо гэдэг дохиог өгсөн болов уу. Би Зүүний хүчний холбооны хуралд очсон. Нам дотроо талцах хуваагдах ямар нэг зүйл болоогүй.