Д.Ганбат: Бүтцийн өөрчлөлтийг хамгийн сүүлд зогссон цэгээсээ үргэлжлүүлэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Таныг МоАХ-ноос гарч, “Шонхор” фракцид элсч байгаа гэх мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?
АН-ын фракциудад ялгаа гэх юм бараг байхгүй. Бараг л нэг зоосны хоёр тал гэсэн үг. Манай намын нөхдүүд л байдаг. Бүгд Монголын ардчилсан холбооноос үүссэн фракци гэж ойлгож болно. Тэдэнтэй үзэл бодлоо солилцох, ярьж хөөрөх зүйл байлгүй яах вэ.
-МоАХ-ыг нам болж, дараагийн сонгуульд өрсөлдөнө гэсэн яриа байгаа шүү дээ.
Ташаа мэдээлэл байна. Энэ бол албан ёсны байр суурь биш шүү дээ.
-Хууль зүйн байнгын хороо намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа гаргасан уу?
УИХ-ын даргын зөвлөл уржигдар хуралдсан. Уг хурлаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа гаргалаа. Гэмт хэргийн тухай, тодорхой албан тушаалтанд хариуцлага тооцох хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хэд хэдэн чухал хуулийн төсөл багтаж байгаа.
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
Засгийн бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг намрын чуулган эхлэнгүүт ярих байх. УИХ намын бүлгээрээ, Засгийн газар нь дотроо ярьж, эрх бүхий хүмүүс нь уг асуудлыг оруулж ирэх байх. Одоогоор бусад гэдэг асуудалд тавьчихаад байгаа. Чуулганы эхэнд транзит тээврийн асуудал хэлэлцэнэ.
-Ер нь энэ асуудал “Давхар дээл”-тэй адилхан замхарч магадгүй юм биш үү?
Би хувьдаа үгүй болов уу гэж бодож байна. Засгийн газрын тэргүүн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлачихсан. Олон нийтийн хүлээлт ч их байхад энэ асуудал чимээгүй өнгөрөхгүй байх. Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах саналыг МАН-ын бүлгийнхэн гаргасан байсан ч хаврын чуулган өндөрлөсөн. Одоо зогссон цэгээсээ эхлээд үргэлжлүүлэхээс өөр арга байхгүй.
Засгийн газар бэрхийг туулахаар бий болсон гэж өөрсдөө ярьдаг шүү дээ. Бэрхээ туулж чадсан уу, үгүй юү гэдгийг ярьж, хариуцлага тооцож, засч залруулаад явах ёстой.
-Та Ерөнхий сайдын мэдэгдлийн талаар ямар бодолтой байгаа вэ?
Гадны хөрөнгө оруулалт тааруухан байна. Валютын ханш хэлбэлзэлтэй байна. Энэ бүхэн иргэдэд нэлээд хүнд тусч байна. Нөгөө талдаа гурил, будаа, шатахууны үнийг барьж байна. Гэхдээ удаан хугацаанд үнийг тогтвортой барьж чадах эсэх нь эргэлзээтэй. Дээр нь эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд хүсэн хүлээсэн үр дүнд хүрсэн үү, үгүй юү гэдэгт хэнд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг ярьж таарна.
-АН-д “Засгийн газарт хариуцлага тооцох ёстой” гэсэн байр суурьтай гишүүд байдаг. Та нар дотроосоо хариуцлага ярьж болдоггүй юм уу?
Ерөнхий сайд бүтцээ өөрөө оруулж ирнэ гээд зарлачихлаа. Үүнийг харж байгаад дараагийнхийг нь шийднэ. Олон хувилбар бий. Эндээс Монголын ард түмний эрх ашигт нийцсэн хувилбарыг сонгоно. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал гадаад, дотоодын хүчин зүйлс, хүмүүсийн ажиллаж байгаа байдал ч байна.
Засгийн газар бэрхийг туулахаар бий болсон гэж өөрсдөө ярьдаг шүү дээ. Бэрхээ туулж чадсан уу, үгүй юү гэдгийг ярьж, хариуцлага тооцож, засч залруулаад явах ёстой. Засгийн газар бүтцийн өөрчлөлтөө хийчихээд дахиад нэг зүтгээд үзэх хэрэгтэй.
-Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд чуулганы завсарлагаанаар салбартайгаа хэр уялдаа холбоотой ажилласан бэ?
Манай байнгын хороо маш чухал байнгын хороо. УИХ хууль батлахаас гадна хуулийн хэрэгжилт иргэдийн аж амьдралд ямар байдлаар тусч байгаад хяналт тавих чиг үүрэгтэй. Ер нь тойргоороо ч явсан. Хууль зүйн байнгын хорооны харьяа Тахарын алба, Хилийн цэргийн газрын ажилтай танилцлаа.
Өнгөрсөн чуулганаар Хилийн боомтын тухай хуулийг баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Удахгүй ОХУ-тай харилцан визгүй зорчих гэж буйтай холбогдуулан бэлтгэл ажил ямар байгааг харлаа.