Азийн барс дундах Төв Азийн чоно
Путин Монголд хоёр дахь удаагаа айлчлав.
2014.10.02

Азийн барс дундах Төв Азийн чоно

Монголын талаарх бидний төсөөлөл жил ирэх тутам бодит байдалтай нийцэхээ болилоо. Учир нь өнөөдөр Монгол бол Дорнод Ази дахь эдийн засгийн хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэг.

Орос орон гадаад бодлогоо Дорно зүгт эргүүлж Хятад, Энэтхэгтэй хамтран ажиллах болсон нь Монгол-Оросын харилцаанд нөлөөлөх нь гарцаагүй. Путин Монголд айлчилж Элбэгдорж ерөнхийлөгчтэй Монгол, Орос, Хятад гурван талын хэлэлцээр хийх шаардлагатай талаар тохиролцов. Монголын Засгийн Газар хоёр улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэ юуг хэлээд байна вэ?

Хэдийгээр Монголын эдийн засаг Хятадаас хараат ч улс төрийн хүрээнд АНУ, НАТО-тай нягт хамтарч ажилладаг. Монголын цэргийн баг Ирак, Афганистанаас эхлээд Судан, Сьерра-Леон зэрэг олон оронд бий.

Орчин үеийн Монгол улс Төв Азийн бүсэд лидер болох боломж бий. Үүний үндэс нь барууны шинжээчдийн судалж гаргасан ардчиллын хөгжлийн түвшин. 2005 онд Джордж Буш Монголыг Умард Ази дахь ардчиллын оч гэж нэрлэсэн. Мөн нэрт Монголч Алисия Кэмпийн үзсэнээр дорно зүгээс Монгол, баруун зүгээс Турк улс бүс нутгийн хөгжлийг тодорхойлогч улсууд болж магадгүй аж. Гэхдээ Монголын гадаад бодлого зөвхөн Барууныг чиглэсэн гэж ойлгож болохгүй. Монголчууд Японтой дэд бүтцийг хөгжүүлэх олон сонирхолтой төсөл хэрэгжүүлдэг. Тухайлбал нисэх онгоцны буудал, цөмийн эрчим хүчний төслүүдийг дурьдаж болно. Түүнчлэн Өмнөд Солонгос, Малайз, Сингапуртай хамтарч ажилладаг нь Азийн том зах зээлтэй нэгдэх гэсэн эрмэлзэлтэй байгааг гэрчилнэ. Барууны шинжээчид Монголыг Азийн барс дундах Төв Азийн чоно хэмээн нэрлэдэг. 2012 онд Монголын эдийн засаг огцом өссөн. Цаашдаа уул уурхайн олборлолт эдийн засгийн хөгжлийн хамгийн ирээдүйтэй салбар хэвээр байна.

Монгол нь Орос, Хятадын хооронд түгжигдсэн ч худалдааных нь сүлжээ олон янз

Өнөөдөр Дэлхийн банкны судалгаагаар Монгол улс нь бизнесийн орчин нөхцлөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орж, уг үзүүлэлтээрээ Испани, Польшийг ардаа орхив.

Энэ бүхний үндэс юу вэ? Нэг талаас алт, уран, молибден, зэсийн баяжмал, газрын тос зэрэг байгалийн баялаг. Нөгөө талаас дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч Хятадтай хөрш оршдог нь нөлөөлжээ. Ийм нөхцөлд Монгол Оросоос шатахууны хувьд хараат байгаа ч өөрийгөө Оросын өрсөлдөгч болгон харуулахыг хичээж байна. Энэ хараат байдлаас гарах нь Элбэгдоржийн хэлснээр стратегийн зорилт. Монголд эдүгээ уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байгаа ч бүрэн хэрэгжтэл нэлээд хугацаа орно. Гэхдээ хамгийн чухал нь Монгол орон эдийн засгийн хувьд бие дааж, Зөвлөлт маягийн эдийн засгийн хөгжлөөс татгалзаж байгааг онцлох хэрэгтэй.

Амьдралын хэв маяг өөрчлөгдөв

Монгол эдүгээ бидний боддог шиг хуучны зөвлөлт маягийн Монгол биш болсон. Сүүлийн 10-аад жилд Өмнөд Солонгосын соёлын нөлөө хүчтэй тархсан. Энэ нь нийтийн соёл, хувцаслалт, заримдаа шашинд хүртэл тусгалаа олсон.

Монголд Хятадыг зэвүүцсэн уур амьсгал бий. Монголын хувьд Хятад улс нэг номерын хөрөнгө оруулагч, нэг номерын өргөн хэрэглээний барааны нийлүүлэгч. Гэхдээ хүмүүс энэхүү эдийн засгийн нөлөөг Монголыг хараат болгох гэсэн цаад санаа гэж үздэг. Хятадын эсрэг Монголчуудын үзэл олон зуун жилийн нүүдэлчин болоод суурьшмал соёл иргэншлийн сөргөлдөөнтэй холбоотой.

Сүүлийн 20 жилд Монголын түүх гүрэн улсын шинжтэй болж ирсэн. Монголын эзэнт гүрний өв уламжлал хөшөө, цогцолбор зэрэг материаллаг обьектуудад түлхүү шингэсэн. Гэтэл Чингис хааны орчин үеийн удам өөрөө Солонгос, Япон шинжтэй болсон. Энэ нь гадны боловсролын систем Монголд хөгжсөнтэй холбоотой. Зөвлөлт маягийн боловсролын тогтолцооноос татгалзаж, үндэсний хэв маягтай боловсрол унаж, эдүгээ Монголын залуус Европ, Солонгос, Японы их сургуулиудад сурч байна. Тэд өмнөх үеэсээ сэтгэлгээний хэв маяг, үнэт зүйлс, ирээдүйг харах үзлээрээ эрс ялгаатай. Хүн ам нь бага ч залуучуудын эзлэх хувь их учраас Монгол орны ирээдүй ямар байхыг тааж хэлэхэд улам хэцүү болж байна.

Солонгосын Монголчууд

Энэ бүхний зэрэгцээ Монголд ядуурал өндөр түвшинд байдаг учраас ажиллах хүчний багагүй нөөц Өмнөд Солонгос, Япон руу гарсан. Өмнөд Солонгост гэхэд 19,5 мянган хүн ажилладагаас 9,5 мянга нь хууль бусаар амьдардаг.

Цаашдаа Монголын эдийн засгийн хөгжил Оросын Дорнод Сибирийн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх нь гарцаагүй. Монголыг бараг гаалийн татваргүй бүс гэж хэлж болно. Азийн олон төрлийн бараа Оростой харьцуулахад хамаагүй хямд. Ойрын ирээдүйд Монголд шинэ ажлын байрууд бий болж, гаднаас ажиллах хүч татах боломжтой.

Эх сурвалж: expert.ru