Үхэл ба статистик
Зөвлөлтийн дарангуйлагч асан Иосиф Сталин нэг хүний үхэл бол эмгэнэл, сая хүний үхэл бол зүгээр л статистик гэж хэлсэн гэдэг.
Үнэндээ хүмүүс бид ойр дотны хүнийхээ хойноос эмгэнэн гашууддаг болохоос биш өөрт хамааралгүй хэдэн арав, хэдэн зуу, хэдэн мянга, хэдэн сая хүн үрэгдсэн тухай мэдээг сонсоод зүгээр л халаглаад өнгөрдөг биш гэж үү? Сталины хэлсэн үг түүний дэглэмийн үед амиа зольсон энгийн иргэд, эсвэл Аугаа Эх орны дайнд амиа өргөсөн цэрэг эрсийн үхлийг зөвтгөхгүй ч гэсэн үхэл олон байх тусам зүгээр л тоо баримт болдог аж.
Газын Зурвас дахь Палестины Дэйр аль-Балах хэмээх жижиг хотод оршин суудаг 23 настай Шайма аль-Шэйх Канан гэгч бүсгүй Израйлийн армийн Ф-16 загварын сөнөөгч онгоцны дайралтад өртөж, байшинтайгаа бөмбөгдүүлжээ.
Цаг гаруйн дараа бүсгүйг нурангин доороос гаргаж, эмнэлэгт хүргэсэн боловч нэгэнт оройтсон байлаа. Гэтэл эмч нар найман сартай жирэмсэн бүсгүйн хэвлийн хэсэг хөдөлж байгааг ажиглажээ. Улмаар кесарево хагалгаа хийж, нялх үрийг нь аварсан.
Бяцхан охин Шаймагийн тухай мэдээ Палестин даяар тэр дороо тархаж, Газын Зурвасын гайхамшигт хүүхэд гэж нэрлэсэн байна.
Эх нь нас бараад цаг гаруй болсон ч, хүчилтөрөгчгүй орчинд нялх үр нь амьд байж чаджээ. Энэ бол үхэл ба амьдрал гэж юу болохыг илэрхийлсэн гайхамшигтай мэдээ.
Бяцхан охин Шаймагийн тухай мэдээ Палестин даяар тэр дороо тархаж, Газын Зурвасын гайхамшигт хүүхэд гэж нэрлэсэн байна.
Газын Зурваст бараг сарын турш үргэлжилж буй Израйлийн цэргийн ажиллагааны улмаас Палестины 1,100 орчим иргэн амь эрсдэж, 6,200 гаруй хүн шархдаад байна. Амьд үлдсэн Шайма охины тухай мэдээ л бидний сэтгэлийг хөдөлгөснөөс бид амь эрсэдсэн Палестин иргэдийн тоо зүгээр л статистик болж хувирчээ.
Израйлийн цэргийн ажиллагаа үргэлжилж буй нөхцөлд Палестины хохирол улам л нэмэгдэнэ.
Исламын тулгар үзэл баримтлалтай Палестины Хамас бүлэглэлийн босогчид Газын Зурваст аялж явсан гурван еврей хөвгүүний амийг хөнөөчихжээ. Израйлийн үндсэрхэг үзэлтнүүд араб хүүг хороож, хариу барив.
Хамасын босогчид Израйлийн нутаг дэвсгэр лүү пуужин харваж эхлэв. Израйлийн нисэх хүчин пуужингийн хариуд Газын Зурвасыг салам бөмбөгдөж, улмаар хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Хямрал ингэж өрнөсөн. Үнэндээ Израйль-Палестины хооронд гал дэгдээх тун амархан. Хамас бүлэглэл Ливаны Хезболла болон Иран улстай адил Израйлийн төр улсыг хүлээн зөвшөөрдөггүй.
Харин Израйль улс аюулгүй байдлаа хангах асуудалд онцгой анхаарал хандуулдаг. 2006 онд Ливаны Хезболла бүлэглэлтэй дайтсан Израйлийн арми энэ удаа Газын Зурвас дахь Хамас бүлэглэлд хүчтэй цохилт өгөхөөр нэгэнт шийджээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Арабын Холбоо сөргөлдөгч талуудад хандан гал зогсоохыг уриалсан боловч амжилт олсонгүй.
Гал зогсоох хэлэлцээрийн төслийг санал болгосон ч Хамас бүлэглэлийн толгойлогч Халед Мешаал хүлээж авсангүй
Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сиси АНУ-ын засаг захиргаа болон Арабын Холбооны зуучилснаар гал зогсоох хэлэлцээрийн төслийг санал болгосон ч Хамас бүлэглэлийн толгойлогч Халед Мешаал хүлээж авсангүй.
Энэ хэлэлцээр Израйлийн талд хэтэрхий ашигтай гэж мань эр тайлбарлажээ. Палестинчууд амь үрэгдсэн хүмүүсээ оршуулж байхад Израйльчууд гудамжиндаа бүжиглэж байдаг юм гэнэ. Бэньямин Нэтаньяхугийн засаг захиргаа Бямба гарагт хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагаанд туслах зорилгоор түр хугацаатай гал зогсоосон ч гэсэн дахин цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон.
Арабын улс орнууд Израйлийн эсрэг ширүүн үг дуугарч чадахгүй байна. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган л ганцаараа Израйлийн эрх баригчдыг нацизмыг үндэслэгч Адольф Хитлертэй зүйрлэв.
АНУ тэргүүтэй Барууны улс орнууд Израйль улс нутаг дэвсгэр, ард иргэдээ хамгаалах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, амаа хамхив. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дарга Бан Ги Мун л Нью Йорк хотод үе үе сэтгүүлчидтэй уулзаж, сөргөлдөгч талуудад гал зогсоохыг уриалахаас цаашгүй. Үнэндээ Нэгдсэн Үндэстний Байгууллага олон улсын зэвсэгт мөргөлдөөнийг шийдвэрлэдэг хүчтэй байгууллага биш болжээ. Одоо яах вэ? Цус асгаруулсан зэвсэгт мөргөлдөөнийг хэн зогсоох вэ?
Израйль улс 8,1 сая хүн амтай.
Хүн амын ная гаруй хувь нь еврей, үлдсэн нь араб болон бусад үндэстнүүд. НҮБ-ын тасалж өгсөн жижиг нутаг дэвсгэр дээр шахцалдан суудаг ч хөгжил цэцэглэлтийн гайхамшигт жишээ болжээ. Энэ газар нутгаа Арабын түрэмгийллээс хамгаалах нь Израйлийн эрх баригчдын үүрэг.
18 нас хүрсэн Израйль эрчүүд гурван жил, эмэгтэйчүүд хоёр жил цэргийн алба хаадаг.
18 нас хүрсэн Израйль эрчүүд гурван жил, эмэгтэйчүүд хоёр жил цэргийн алба хаадаг. Эрчүүд нь жинхэнэ цэргийн алба хаасан ч 45 нас хүртлээ жилд нэг удаа сарын хугацаатай цугларалтад оролцоно.
Зайлшгүй тохиолдолд еврей эрчүүд эх орноос хамгаалан тулалдах байнгын бэлтгэлтэй байдаг аж. Израйлийн үндэсний аюулгүй байдал юу юунаас чухал учраас эрх баригч болон сөрөг хүчний аль аль нь халдан түрэмгийлэгчдэд шийдвэртэй хариу цохилт өгөх хэрэгтэй гэдэг дээр санал нэгддэг бололтой.
Бэньямин Нэтаньяху Газын Зурвас дахь ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа нь сөрөг хүчнээс гадна Израйлийн олон нийт, үндсэрхэг үзэлтнүүдийн шахалттай холбоотой. Автомат буу үүрч, пуужин мөрөндөө тохсон хэдэн зэрлэг балмад арабуудад дээрэлхүүлж, буулт хийнэ гэдэг тэвчишгүй зүйл.
Нэтаньяхугийн хувьд Палестинчуудын амийг хорооно гэдэг бол улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг. Еврей үндэстнүүд эх орон, нутаг дэвсгэрээ ямар ч үнээр хамаагүй хамгаалж чадаж байна.
Бодит байдал дээр Палестины Хамас бүлэглэл бол Израйлийн хүчирхэг армийн дэргэд хүүхдийн тоглоом. АНУ-ын захиргаа жилд дунджаар 3,1 тэрбум долларыг Израйлийн армид хандивладаг.
Еврейн төр улс чинь цөмийн зэвсэгтэй шүү дээ. Ойрхи Дорнодын энэ удаагийн хямрал өмнөх хямралуудын адил зохиолоор өндөрлөнө гэдэгт эргэлзэх шаардлагагүй.
Израйль өөрөө Барууны улс орнуудаас тусламж авахаас гадна дэлхийд зэвсгийн экспортоор эхний аравт жагсдаг гэдэг.
Еврейн төр улс чинь цөмийн зэвсэгтэй шүү дээ. Ойрхи Дорнодын энэ удаагийн хямрал өмнөх хямралуудын адил зохиолоор өндөрлөнө гэдэгт эргэлзэх шаардлагагүй. АНУ, Египет, Европын Холбоо болон Арабын Холбооны зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулагдах бөгөөд Израйлийг аргадсанаар цуст мөргөлдөөн намжина. Израйлийг шахах биш аргадах тухай ярих ёстой.
Хамас бүлэглэл шиг жижиг тоглогчтой тоож ч харьцахгүй. Хамас бүлэглэл Ливаны Хезболла, Ираны эрх баригчдын дэмжлэгт хэт найддаг бололтой юм билээ. Цаадуул нь Хамасыг өмөөрч, Израйльтай сөргөлдөхгүй.
Хамас бүлэглэл Палестины нутаг дэвсгэрт исламын шашинд тулгуурласан тусгаар улс байгуулах мөрөөдөлтэй гэдэг. Гэвч олон улсад террорист нэр зүүсэн энэ бүлэглэлийн мөрөөдөл биелнэ гэдэг бүтэшгүй. Газын Зурвасыг Арабын улс орнууд ба олон улсын тусламжийн бараа л тэжээж байна. Халед Мешаалыг дүвчигнэх зуур палестин залуус нь Израйль руу гарч, ажил хийж, гэр бүлээ тэжээх хүсэл тээж явдаг юм гэнэ билээ.