БНХАУ-ын Төрийн өндөр албан тушаалтныг авлигын хэрэгт шалгаж эхлэв
Ши Жиньпинийг Төрийн эрхэнд гарснаас хойш 18 сарын турш улсын аюулгүй байдал, газрын тосны бизнестэй холбоотой хэргүүдээр шалгаж байсан аж.
2014.07.30

БНХАУ-ын Төрийн өндөр албан тушаалтныг авлигын хэрэгт шалгаж эхлэв

Мягмар гарагт БНХАУ-ын Засгийн газар тус улсын Улс төр, хууль зүйн төв хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнканийг сахилгын хариуцлага алдсан хэргээр шалгаж эхэлснээ зарлалаа.

Энэ нь Ши Жиньпинийг Төрийн  эрхэнд гарснаас хойш хийж байгаа улс төрийн хамгийн том шийдвэр болж байна.

Төрийн дээд албан тушаалын олон хүн авлигын хэргээр шалгагдаж байгаа нь ард иргэдийн намдаа итгэх итгэлийг сулруулах эрсдэлтэй гэж ажиглагчид үзжээ

Жоу Юнканийг шалгаж эхэлсэн нь Ши Жиньпиний коммунист нам дахь нэр хүндийг өргөж байгаа ч Төрийн дээд албан тушаалын олон хүн авлигын хэргээр шалгагдаж байгаа нь ард иргэдийн намдаа итгэх итгэлийг сулруулах эрсдэлтэй гэж ажиглагчид үзжээ.

БНХАУ-ын нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэмтний хэлснээр энэ удаагийн хэрэг нь авлигын асуудал улс төрийн системийн гол цөмд хүрсэн байгааг баталсан байна. Ши Жиньпинийг Төрийн эрхэнд гарснаас хойш 18 сарын турш Жоу Юнканий ойр дотны өндөр эрх мэдэлтэй хэд хэдэн хүнийг улсын аюулгүй байдал, газрын тосны бизнестэй холбоотой хэргүүдээр шалгаж байсан аж.

Энэ удаагийн шалгалт нь улс төрийн хувьд хамгийн том хэмжээний шийдвэр болж байгаа ч авлигын эсрэг шалгалтууд үүгээр дуусгавар болохгүй гэж БНХАУ-ын төв хэвлэлд мэдээлжээ.

Мөн Ши Жиньпин Коммунист намын гишүүн бус улс төрийн төлөөлөгчидтэй уулзаж, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогын талаар санал бодлыг нь сонссон байна.

Энэ үеэр тэрбээр БНХАУ илүү нээлттэй болж, эдийн засгийн шинэчлэл хийхийн зэрэгцээ тогтвортой байдлаа хадгалж байгаа гэдгийг онцлоод, улс төрийн бусад төлөөлөгчдийн дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлжээ.

Зургийн тайлбар2011-08-25 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан бараалхав.

Зургийн тайлбар БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканыг Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав