Хятад цусанд эзлэн түрэмгийлэх чанар байхгүй гэнэ үү
Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян Их Британи улсад айлчлахдаа “Түрэмгийлэн эзлэх бодлого хятад цусанд байхгүй. Хүчтэй гүрэн заавал манлайлагч, ноёрхогч байх ёстой гэдэг логикийг бид хүлээн зөвшөөрдөггүй” гэж мэдэгдсэн.
Үүгээрээ тэр Хятадын Зүүн өмнөд тэнгис дэх газар нутгийн маргаантай холбоотой айдсыг арилгахыг хүссэн байх.
Ли Кэцян даргын үг өнгөрсөн сард хийсэн Хятадын тэргүүн Си Цзиньпиний мэдэгдлийн цуурай мэт сонсогдлоо. Тэр үед Си Цзиньпин “Хятадуудын ДНК-д түрэмгийлэл эсвэл манлайлал, ноёрхолд өдөөх генүүд байхгүй” гэж мэдэгдсэн билээ.
Харин Гонконгийн "South China Morning Post" сонины Фрэнк Чин энэ талаар “Хятадууд генийн түвшиндээ түрэмгийлэл үйлдэх чадваргүй гэдэг үнэн үү? Хятад цусанд эзлэн түрэмгийлэх чанар байхгүй гэж Бээжин мэдэгдэхдээ сайн санаа өвөрлөсөн байх. Гэвч түүх үүнийг баталдаггүй” гэж бичжээ.
Хятад улс олон улсын тавцан дээр голлох байр суурьтай болсон боловч, үүний зэрэгцээ АНУ гүн асуудлуудад идэгдсээр буйг үл харгалзан хятадууд бүрэн утгаараа дэлхийн лидер болоогүй байна.
Энэ нь зарим талаар Бээжингийн болгоомжилсон хандлагатай холбоотой.
Шанхайд болсон Азийн харилцан нөлөөлөл, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний уулзалт дээр Си “Ази тивийг азиудад” гэсэн хандлагын төлөө байгаагаа илэрхийлж, бүс нутгийн улс орнууд өөрсдөө энэ нутгийнхаа аюулгүй байдлын асуудлуудыг шийдэж, учрыг олж чадна гэж мэдэгдсэн.
Ер нь Бээжин аль хэдийнээс л “Хүчирхэг Хятад гүрэн хөрш орнууддаа аюултай” гэсэн санааг үгүйсгэдэг
Ер нь Бээжин аль хэдийнээс л “Хүчирхэг Хятад гүрэн хөрш орнууддаа аюултай” гэсэн санааг үгүйсгэхийн зэрэгцээ өөрийн улсын хөгжлийн урт түүхэнд хэзээ ч эзлэн түрэмгийлэх бодлого байгаагүй гэж баталдаг.
Иймэрхүү маргаан мэтгэлцээнд баримт нотолгоо болгож, ДНК-г дурдсан нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэт өнгө аяс оруулжээ.
Энд тэмдэглэхэд, Хятад улс 1800 жилийн өмнө амьдарч байсан Цао Цао жанжин, бүр Күнз нарын түүхэн хүмүүсийн ДНК-г судлахдаа тодорхой дэвшилд хүрсэн билээ.
Гэхдээ л түүхийг эргэн сөхвөл Хятадын анхны император Цинь Шихуандийн үеэс тус улсын хил хязгаар нэлээд их өөрчлөгдсөнийг анзаарч болно.
Ямар ч эзлэн түрэмгийлэх бодлогогүйгээр Хятад орон яаж ингэж томров оо гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.
Фрэнк Чин энэ талаар “Хятад улс өөрсдийг нь эзэлсэн гадаадын түрэмгий улс орнуудын ачаар тэлж томорч иржээ.
Монголчууд, манжууд Хятадын хань үндэстнийг байлдан дагуулаад дараа нь өөр газар нутгуудыг ч эзлэн авч байсан. Түүхэн үйл явдлыг энэ өнцгөөс харвал орчин үеийн Хятад улсын хүн амын 90 гаруй хувийг эзэлдэг хань үндэстэн үнэн хэрэгтээ харийн эзлэн түрэмгийлэгчдийн удам угсаа сүйрэн унах болгонд тэлж томорсон эзэнт гүрнийг нь өвлөн авч байсан” гэж тайлбарлажээ.
“Гэхдээ энэ нь Хятадын өөр нэг албан ёсны үзэл бодолтой зөрчилдөж байна. Хятад улс нь монголчууд, манжуудыг яг хань үндэстэн шиг хэзээнээс нааш хятадууд байсан, байсаар ч байна гэж үздэг. Тэгвэл тэд бүгд хятад ДНК тээж явдаг гэсэн үг үү?” хэмээн Фрэнк Чин асууж байна.
Үнэндээ Хятадын эрх баригчид Цинь Шихуандигээс ч өмнө тэнгэрийн доор орших газар нутгийг бүхэлд нь эзлэхийг зорьж ирсэн.
Иймээс тэд өөрсдийгөө Тэнгэрийн доорх улс буюу Огторгуйн эзэнт гүрэн (Celestial Empire) гэж нэрлэж байсан, одоо ч нэрлэсээр байгаа.
Гэхдээ л хятад цусанд эзлэн түрэмгийлэх хандлага байхгүй гэдэг санаатай зөрчилдөж байна.
“Хятадын эртний гүн ухаан, өнөөгийн Хятадын хүч чадал” гэсэн номондоо Цинхуа их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Янь Сюэтун “Феодалын үеийн Хятадын эзэн хаад өөрсдийгөө Тэнгэрийн хүү гэж нэрлэдэг байсан.
Энэ нь тэд өөрсдийгөө бүх дэлхийг захирах эрх баригчид гэж үзэж байсныг гэрчилж байна. Тэд даян дэлхийд эрх мэдлээ тогтоохыг эрмэлздэг байлаа” хэмээжээ.
Мэдээж, энэ нь Хятадын өнөөгийн эрх баригчид дэлхийг удирдахыг хүсч байгаа гэсэн үг биш. Гэхдээ л хятад цусанд эзлэн түрэмгийлэх хандлага байхгүй гэдэг санаатай зөрчилдөж байна.
“Хэдий тийм ч одоо Хятадад явуулж байгаа олон судалгааны тусламжтайгаар орчин үеийн хятадууд ямар нэг байдлаар Күнз зэрэг энхийг эрхэмлэгч гүн ухаантнуудын зөвхөн мэргэн генүүдийг өвлөж аваад, харин Цао Цао зэрэг цэргийн жанжнуудын цус үеэс үед удамшин дамжихдаа ор сурагггүй алга болсон гэдгийг баталж магадгүй л юм” хэмээн Фрэнк Чин егөөджээ.