Дэлхийн лидерүүд долларыг орлох шинэ нөөц валютын тухай хэлэлцэж байна
Сүүлийн жилүүдэд долларын төгсгөл ирж байгаа талаар дээр доргүй ярих болжээ. Евро бүсийн олон оронд эдийн засгийн ноцтой асуудал байсаар байгаа тул дэлхийд ноёрхсон америк долларыг орлуулах шинэ, нөөц валютын талаар яриа хүчтэй газар авч байна.
Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн түвшинд энэ тухай ярилцаж байсан баримт дэлгэгдэж, шуугиан тарилаа.
Саяхныг хүртэл Өрнөдийн орнуудын тэргүүнүүд эрх мэдлээ хэтрүүлснийг нь үл харгалзан АНУ-д цаасан мөнгөний хаан гэсэн титэм зүүхийг зөвшөөрсөөр байлаа. Гэхдээ дэлхийн лидерүүд үнэн хэрэгтээ далдуур, нууцхан тэмцлээ өрнүүлж эхэлжээ.
Их Британий “Hinde Capital” хөрөнгө оруулалтын санг эзэмшигчдийн нэг Бен Дэвис нэгэн ярилцлагадаа Грекийн Ерөнхий сайд асан Георгиос Папандреугээс энэ талаар шууд асуужээ. Георгиос Папандреу “Дэлхийн улс орнуудын Засгийн газрын лидерүүд хэмнэлт, өөрчлөлт зэргээр хямралын эсрэг тодорхой арга хэмжээ авахын зэрэгцээ валютын нэгэнт тогтсон журмыг өөрчлөх талаар яриа хэлэлцээр хийж байсан. Алтан стандартыг ч бас авч хэлэлцсэн” гэж мэдэгдлээ. Бен Дэвис бол найдвартай эх сурвалж, иймээс түүний үгэнд итгэж болно гэж олон улсын тоймчид үзэж байна.
АНУ цаасан мөнгийг хэмжээ хязгааргүйгээр хэвлэх эрхтэй.
Сүүлийн жилүүдэд АНУ дэлхийн нөөц валютын давуу эрхээ хэтрүүлэн хэрэглэж байгаад Хятад, Орос улсууд сэтгэл дундуур байгаагаа тодорхой ойлгуулж эхэллээ.
Энэ давуу эрхийнхээ ачаар АНУ өөрийн цэрэг армийн хүчин чадлаа түүхэнд байгаагүй хэмжээгээр ихэсгэж чадсан юм. Америк улс цаасан мөнгийг хэмжээ хязгааргүйгээр хэвлэх эрхтэй. Тэгэхээр америк долларын баталгаа нь алт бус, үнэндээ тус улсын мөнгө хэвлэх машин болсон тул дэлхийн санхүүгийн системд үнэхээр аюултай.
Тэгээд ч хямралын үед том банкууд, жирийн хүмүүсийн ашиг орлого унаж, юу ч үгүй хоосорч байхад хүртэл америкчууд үүнийгээ ашиглан инфляцийн хөөсийг хадгалж үлдэх гэж оролдож байсан.
Энэ талаар Германы Холбооны банкийн дэд ерөнхийлөгч, Европын төв банкны удирдах зөвлөлийн гишүүн асан Юрген Штарк “Санхүүгийн систем бүхэлдээ зохиомол, санаанаас бодож олсон зүйл, иймээс хязгааргүй хэвлэдэг мөнгөн дэвсгэртээс болж унах эрсдэлтэй” хэмээн сэрэмжлүүлжээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын төрийн өр шир эрс ихэсч, улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 100%-д хүрчээ. Түүнчлэн доллар дэлхийн нөөц валют болсон давуу эрхийн бас нэг сөрөг тал гэвэл эцэстээ АНУ-д хүчтэй дайсагнах хандлага энд тэндгүй үүсч, энэ улсын иргэд одоо дэлхийн зарим газарт очиход аюултай болсон.
Нэг сөрөг тал гэвэл эцэстээ АНУ-д хүчтэй дайсагнах хандлага энд тэндгүй үүсч, энэ улсын иргэд одоо дэлхийн зарим газарт очиход аюултай болсон.
Дэлхийн томчууд нууц хэлэлцээртээ долларыг орлох шинэ, нөөц валют нь яг “SDR” зээлжих тусгай эрх шиг байж болохыг үгүйсгэсэнгүй. “SDR” бол зохиомлоор гаргаж ирсэн төлбөрийн хэрэгсэл, түүнийг Олон улсын валютын сан 1969 онд анх гаргажээ.
Гэхдээ “SDR” зөвхөн Олон улсын валютын сангийн хүрээнд эргэлддэг бөгөөд ам.доллараар тооцоолдог. SDR”ийн ханшийг дэлхийн 4 тэргүүлэгч валютын үндсэн дээр өдөр бүр тодорхойлдог.
Үүнд ам.доллар, евро, иен, фунт стерлинг багтана. Харин дэлхийн шинэ валютын ханшийг илүү олон валют, бас алтаар тодорхойлох байх.
Гэхдээ шинэ валют ойрын 10 жилд гарахгүй гэж Оросын эдийн засгийн сургуулийн профессор Константин Сонин үзэж байна. Яагаад гэвэл АНУ дэлхийн шинэ, нөөц валют бүтээхийг хэнд ч зөвшөөрөхгүй нь ойлгомжтой.
Америк доллар нь дэлхийн улс орнуудын Төвбанкны нөөцийн 50-иас илүү хувийг эзэлдэг. Эдгээр нөөцийг ОУВС-д шилжүүлэхийг АНУ мэдээж эсэргүүцнэ. АНУ-ын нэр хүнд, нөлөө асар хүчтэй тул тэд доллараа золиосонд гаргахыг зөвшөөрөхгүй.
Аливаа улс орон өөрийн валютын ханшийг ам.доллартай уялдуулан тогтооно гэдэг нь үнэн хэрэгтээ түүнээсээ татгалзаж байгаа хэрэг.
Иймээс Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев долларын ноёрхлыг үгүй хийх талаар бас санаачилга гаргасан удаатай.
Мөн Хятад улс “SDR” дээр үндэслэн шинэ валют гаргаж, 4 биш түүнээс олон валютын үндсэн дээр тооцоолохыг бүр 2009 онд санал болгожээ.
Энэ нь онолын хувьд боломжтой ч, амьдрал дээр хэрэгжих маш хэцүү. Орос мөн Хятадын энэ санааг дэмждэгээ илэрхийлсэн. Энд тодруулахад, Хятадад АНУ-ын өр 1 триллион гаруй доллар байгаа, Японд арай бага. Тэднээс их доллар гэвэл зөвхөн АНУ-ын кредиторуудад бий.
Хамгийн гол нь дэлхийн хэмжээний цоо шинэ валют бүтээхийн тулд улс үндэстнээс дээгүүр эрх мэдэлтэй, супер Төвбанк /нэг ёсондоо дэлхийн Засгийн газар/ хэрэгтэй. Гэтэл энэ нь дэлхийн улс орнуудын тусгаар байдалд аюул учруулах магадлалтай. Иймээс дэлхийн Засгийн газрууд одоогоор бие даасан байдал, тусгаар тогтнолоо золиослохыг хүсэхгүй байна.
Манай гарагийн зарим улс орон хамтран нэгдсэн валюттай болох оролдлого үе үе гарч байсан.
Сонирхуулахад, нэг үе панамерикийн валют “амеро”-гийн тухай их шуугисан. Түүнийг Канад, АНУ, Мексик хамтарч гаргахаар завдаж байлаа. Мөн Персийн булангийн орнууд болох Саудын Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмир улс, Оман, Катар, Бахрейн хамтран нэгдсэн мөнгөтэй болохоор хэлэлцэж байна. Панамерикийн валютаас ялгаатай нь тэд үүнийгээ ажил хэрэг болгож, одоо Төвбанкаа хаана байрлуулах, яаж валютаа нэрлэх талаар бараг тохиролцоонд хүрчээ.