Баавгай, Луу хоёрын нөхөрлөл
Хятадууд барагтай л бол яарч шийдвэр гаргадаггүй хашир хүмүүс. Шийдвэр гаргалаа гэж бодоход их ашиг авчрах зүйлд итгэдэг. Хятад Оростой байгалийн хийгээр нөхөрлөж, эрх тэгш түншлэлийг бий болгоно гэж бүрэн найдаж болох эсэх нь эргэлзээтэй.
Дэлхийн эдийн засаг, улс төрийн хөгжил олон талтай болохын хэрээр улс орнууд сонирхлоор нэгдэх найзуудаа маш хянамгай сонгодог болсон. Энэ утгаараа “Морины шандас замын уртаар танигдана” гэсэн Хятад ардын зүйр үг нь Орос, Хятад хоёр байгалийн хийн асуудлыг 20 орчим жил хэлэлцэж сая зөвшилцөлд хүрсэн түүхийг оновчтой илэрхийлж байгаа юм.
Хоёр хөршийн худалдааны эргэлт 89,21 сая тэрбумд хүрсэн ч Хятадын хувьд чамлалттай тоо. 2013 оны дүнгээр Хятадын бусад улсуудтай хийсэн барааны эргэлт 4,16 их наяд доллар болжээ. Энэ үзүүлэлтээр Хятад улс АНУ-ыг ардаа орхиж худалдааны хамгийн том гүрэн болов. Өнгөрсөн онд урд хөршийн худалдааны гол төв нь Европын холбооны улсууд байв. Хятадын Европт хийсэн экспорт 330 тэрбум доллар, импорт 229,1 тэрбум долларт хүрлээ. Хоёрдугаар байрыг АНУ 521 тэрбум долларын бараа эргэлттэй эзлэв. Харин гуравдугаар байрт Зүүн өмнөд Азийн орнууд орж, Хятадтай хийсэн бараа эргэлт 443,6 тэрбум доллар болов. Япон улс 312,55 тэрбумын эргэлттэй дөрөвдүгээр байрт орлоо.
ОХУ-ын хувьд дөнгөж 10 дугаарт орсон бөгөөд одоогоор Хятадад металл, нүүрс, мод, эрчим хүч зэрэг түүхий эд болон зэвсэг нийлүүлж байна. Харин эргүүлээд цахилгаан бараа, хувцас зэрэг бэлэн бүтээгдэхүүн импортолдог. Goldman Sachs судалгааны байгууллагын үнэлгээгээр 2018 он гэхэд хоёр хөршийн худалдааны эргэлт хоёр дахин өсч, ОХУ нь БРИК-ийн орнуудаас Хятадын хамгийн идэвхтэй худалдааны түнш болно гэсэн тооцоо гарчээ.
Зөвхөн байгалийн хий биш ...
Оросоос Хятадад гурван зүйл хамгийн их сонирхол татдаг. Түүхий эд, технологи ... газар нутаг. Хоёр улс эдгээрт тулгуурлаж барааны эргэлтийг нэмэгдүүлээд зогсохгүй цаашдаа хамтран хөгжих бодолтой байна.
Хоёр долоо хоногийн өмнө Орос, Хятад хоёр одоо байгаа 89 тэрбумын бараа эргэлтийг 2015 он гэхэд 100 тэрбум, 2020 он гэхэд 200 тэрбумт хүргэхээр тохиролцсон. Гэхдээ зөвхөн байгалийн хий, газрын тосоор ийм үр дүнд хүрэх нь юу л бол.
Сычуань муж дахь төмөр хоолой үйлдвэрлэх үйлдвэр
Газрын тос, байгалийн хийгээс гадна ОХУ Хятадад нийлүүлэх нүүрс, эрчим хүчний хэмжээг ихэсгэх төлөвтэй байна. Өнгөрсөн онд л гэхэд 26 сая тонн нүүрс, 3,9 тэрбум киловат цагийн эрчим хүч нийлүүлжээ.
Хятад, Оросын байгуулсан байгалийн хийн гэрээний тухайд гэвэл Хятадын CNPC корпораци “Сибирийн хүч” нэртэй хийн хоолойгоор 30 жилийн турш хий импортлоно гэж байгаа ч ямар үнээр гэдгийг олонд дэлгэсэнгүй. Гэхдээ жилд 400 тэрбум долларын өртөгтэй 38 тэрбум шоо метр хий нийлүүлнэ гэж бодвол ойролцоогоор 350 доллар болж таарна. Судлаачдын үзэж буйгаар ийм үнэ Оросын хувьд боломжийн. Хамгийн гол нь уг гэрээ Алс Дорнодод дэд бүтцийг хөгжүүлэхэд том алхам болно.
Хоёр улсын гэрээ ёсоор юун түрүүнд дэлхийд хамгийн томд тооцогдох хийн хоолойг барина. Ингэснээр шинэ ажлын байрыг үүсгэж, металл, төмөр хоолойн үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлнэ. Тэгээд ч Хятад өнөөдөр төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгчдийн нэг. 2013 онд 820 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь 2012 оноос хоёр дахин өсчээ. Урьдчилсан тооцоогоор Оросын Хятадад нийлүүлэх төмрийн хүдэр 70 хувьд хүрнэ гэжээ.
Хятадууд дэлхий дээр хамгийн их үйлдвэрлэлийн тагнуул явуулдаг нь түншүүдийг болгоомжлоход хүргэдэг.
Байгалийн хий ашиглах нь Хятадын хувьд ч ашигтай бөгөөд агаарын бохирдлын үндсэн шалтгаан болсон нүүрсний хэрэглээг багасгах зорилттой нийцэж байгаа юм.
Зэвсгийн худалдаа
Хятад, Оросын худалдаанд хамгийн зовлонтой нэг асуудал бол зэвсгийн худалдаа. Хятад улс зөвхөн техник худалдаж аваад зогсохгүй, түүнийг хийдэг технологийг нь мэдэх сонирхолтой. 1990-иэд онд хоёр улсын худалдаа голдуу зэвсгийн худалдаанд тулгуурлаж иржээ. Харин одоо бол Хятадуудад зүгээр нэг зэвсэг биш, хамгийн сүүлийн үеийнх нь хэрэгтэй. Зэвсэг нийлүүлэгч аль ч улсын хувьд Хятад бол том худалдан авагч. Гэвч Хятадууд дэлхий дээр хамгийн их үйлдвэрлэлийн тагнуул явуулдаг нь түншүүдийг болгоомжлоход хүргэдэг. Хятадын Батлан хамгаалах яам олон тооны Су-35 сөнөөгч, С-400 пуужингийн систем, түүнчлэн хөлөг онгоц эсэргүүцэгч далавчит пуужингууд худалдаж авах төлөвлөгөөтэй байна. Зөвхөн Су-35 – ийн нийлүүлэлт гэхэд 1,5 тэрбум долларт хүрнэ. Гэтэл Хятадууд Оросын шинэ онгоцуудыг худалдаж аваад технологийг нь хуулбарлах аюултай юм. Өмнө нь Хятадууд J-11 и J-15 –ийг хуулж байсан учраас хоёр улс зэвсгийн наймаагаар тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй. Хятадын инженерүүд Су-35, С-400 – ийг хуулахгүй гэх газаргүй.
Газрыг тариачдад
Хятадын тариачид ургацаа хурааж байгаа нь. ОХУ-ын Свердловск муж.
Эцэст нь газрын тухай ярья. Оросын зарим газар нутгийг хөдөө аж ахуйн зориулалтаар Хятадын тариачдад түрээслэх тухай асуудал яригддаг. Эдүгээ ОХУ-д 40 сая гектар хагалбарын зориулалттай газрыг юунд ч ашигладаггүй. Хятадууд үүнийг анзаарахгүй өнгөрөөхгүй. “Орос өргөн уудам газар нутагтай. Харин Хятадад дэлхийн хамгийн хөдөлмөрч ард түмэн бий. Хэрэв бид энэ хоёр зүйлийг нэгтгэж чадвал том дэвшилд хүрнэ. Орос хүн цөөтэй, том газар нутагтай бол Хятадад эсрэгээрээ” хэмээн БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао ярьж байна. Хоёр долоо хоногийн өмнө байгуулсан гэрээ ёсоор Хятадын ажиллах хүч, хөрөнгө оруулалтыг ашиглагдаагүй хөдөө аж ахуйн газарт зориулж, гарсан бүтээгдэхүүнийг Хятадад нийлүүлэхээр төлөвлөж байна.
Мөнхөд нөхөрлөж чадах уу?
Орос, Хятадын харилцааны түүхэнд таатай, таагүй олон зүйл бий. Нөхөрлөж ч үзсэн, зэвсэг шагайлцаж ч байлаа. Одоогийн харилцааг хоёр улс “стратегийн түншлэл” гэж томьёолдог. Гэхдээ энэ бол албаны яриа. Харин бодит амьдрал дээр эрх тэгш түншлэл байж чадах болов уу?
Саяхан байгуулсан байгалийн хийн гэрээ эдийн засгаас гадна улс төрийн шинжтэй гэдгийг бид мэднэ. Энэ нь Европын эдийн засгаас Оросыг тусгаарлах гэсэн Барууны санааг няцаах бодолтой ОХУ-д ашигтай. Гэхдээ наанаа инээж, цаанаа өөр санаа агуулдаг, шийдвэр гаргахдаа яардаггүй Хятадуудад өөрсдийн төлөвлөсөн юм байж л таарна.
АНУ дахь “Цахиуртын хөндий”-н загалмайлсан эцэг гэгддэг зохиолч, бизнесмэн Стивен Бланкийн үзэж буйгаар ОХУ Алс Дорнодыг улс төр, эдийн засгийн хувьд хөгжүүлж чадаагүй нь Ази тивийн гүрэн болоход нь саад болжээ. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилвэл ОХУ Хятадын бага түнш, түүхий эд нийлүүлэгч болж хувирна. Европын зөвлөлийн шинжээчид ч ингэж үзэж байна. Тэдний бодлоор эдүгээ Хятад улс “Оросыг бага түншээ болгох санаа агуулсан хөгжиж буй хэт гүрэн”-ий байдалтай байгаа аж. Жил ирэх тутам хүчирхэгжиж буй Хятадууд эрх тэгш түншлэлд сэтгэл ханах нь юу л бол.
Хятадад “Өрөөсөн гараар алга ташдаггүй” гэсэн зүйр үг бий. Харин одоо Хятадын гар, Оросын гар нэг нэгнээ атгалаа. Гэхдээ энэ нь нөхөрсөг атгалт байх уу, эсвэл өрсөлдөгчийн нэгнээ шалгах санаа байх уу гэдгийг цаг хугацаа харуулах л үлдлээ.