Хан хүү Чарльзийн бүтэлгүйтлүүд. (Үг алдвал барьж болдоггүй)
Их Британий хаан ширээ залгамжлагч
2014.05.25

Хан хүү Чарльзийн бүтэлгүйтлүүд. (Үг алдвал барьж болдоггүй)

Хан хүү Чарльз  Путиныг Гитлертэй  зүйрлэснээрээ Европын дипломат ёсны хямралд нэгэн дусал нэмж, хаан  болж чадах хүн мөн үү биш үү гэсэн асуултыг бий болгов. Ингэж хэлснийх нь дараа түүний туслахууд хийгээд зөвлөхүүд нь үнэхээр нүүр хийх газраа олж ядав.

Чарльз энэ мэт болгоомжгүй үйлдлийг хан хүү болсноос хойших 45 жилд цөөнгүй гаргаж байв. Тэр болгонд нь нөгөө тал албан ёсны тайлбар шаардахад тойрон хүрээлэгчид нь “хувийн чанартай яриаг тайлбарлахгүй”  гэсэн хариу өгдөг аж.

Гэхдээ хан хүүгийн туслахууд олон улсын харилцааны эмзэг асуудлаар хийсэн түүний аюултай мэдэгдлүүдийг ямар нэг байдлаар хүмүүст тайлбарлах нь зүйтэй гэж бодсон бололтой. “Бид хан хүүг хувийн чанартай ярианд улс төрийн талаар элдэв мэдэгдэл бүү хийгээсэй гэж бодож байна” гэж тэд хэлжээ.

Гэхдээ хан хүү чухам яагаад хувийн шинжтэй ярианд дипломат бүтэлгүйтэл гаргадагт хамаг учир байна.

1997 онд Англи Хонконгийг Хятадад буцааж өгсөн ёслолын арга хэмжээнээс буцаж явахдаа хан  хүү Чарльз Хятадын удирдагчдыг “ой гутам лааны тосон баримал”-уудтай зүйрлэжээ. Ингэснээрээ эхийнхээ Хятадтай холбоотой хийсэн бүх ажлын үр дүнг үгүй хийх дөхөв.

Онгоцонд явж байхдаа “Хятадын их жүжиг” нэртэй 3000 үгтэй захиаг гараар бичиж найзууддаа илгээв. Уг захиандаа “шал утгагүй юм”, “Зөвлөлт маягийн тэнэг жүжиглэл” (Галуун цуваагаар алхаж буй Хятад цэргүүдийг тэгж нэрлэжээ) үзсэн тухайгаа бичжээ.

Папуа Шинэ Гвинейд айлчлах үеэр

2006 онд түүний “хувийн чанартай” тэмдэглэл нэгэн амралтын өдрийн сонины нүүрэнд гарч бүх ард түмний дунд хэлэлцэгдэх болов. Уг үйл явдал Хятадын дарга асан Ху Цзиньтао Их Британид айлчлаад буцсанаас хэдхэн хоногийн дараа болжээ. Гурван сарын дараа Шанхайд Тюссогийн лааны тосон баримлын үзэсгэлэн нээгдэхэд Английн язгууртнуудын баримал дунд зөвхөн Чарльзийн баримал алга байв.

Түүнчлэн Калифакс дахь цагаачдын музейгаар айлчлах үед нь 78 настай Маринна Фергюсон гэгч эмэгтэй хөтчөөр ажиллаж байв. Тэр эмэгтэй хан хүүд 1939 онд хэрхэн Германы нацистуудад хавчигдан гэр бүлийн хамт Канадад зугатаж гарсан тухайгаа ярьжээ. Чарльз хариуд нь “Харин өнөө цагт Путин Гитлертэй адил зүйлийг хийж байна” гэж хэлжээ.

Тэр эмэгтэй хан хүүгийн талаар хүмүүст “алтан хошуу өргөхдөө” түүний хэлсэн үг тийм их дуулиан тарина гэж бодоогүй аж. Энэ мэт харалган үгс Чарльзд сургамж болсон гэж бодсон ч тэр ахиад л тэнэгтэж орхив.

Английн Хатан хааны гэр бүлийн сурвалжлагчдын хийдэг гол ажил нь хан хүүг дэлхийгээр тэнэж явахад нь байнга дагалдаж явах. Чарльз хэнтэй, юу ярив гэдгийг тэд сайтар мэддэг. Сэтгүүлчдийн хувьд ийм эгзэгтэй үеийг барьж авах нь хамгийн чухал. Тэд хан хүүг хараандаа байлгахын тулд онгоцны билет, зочид буудалд мөнгө хайрладаггүй. Тиймдээ ч Чарльзийг Канад руу явахын өмнөхөн телевизийнхэн ордных нь гадаа майхантай хоносон байлаа.

2007 онд Чарльз Арабын нэгдсэн Эмират улсад айлчлахдаа McDonald’s рестораныг хараад уур нь хүрчээ. Тэрээр Чихрийн шижинтэй тэмцэх төвийн эрүүл ахуйчид хандан түргэн хоолны газруудыг хаах нь “хамгийн зөв алхам” гэж хэлсэн байв. Дараа нь McDonald’s компанийхан Хатан хааны гэр бүл дэндүү хуучинсаг хандлагатай гэсэн гомдлоо илэрхийлэв.

Мөн 2010 онд Лондонд барьж байсан орон сууцны барилгын талаар өөрийн бодлыг хэлснээр баахан шүүмжлэлд өртөв. Тэгэхэд Чарльз барилгын ажлыг гүйцэтгэгч компанийг төлөөлж байсан Катарын ерөнхий сайдад “Шил, гангаар баригдаж буй энэ байшинг хараад зүрх өвдөж байна” гэж хэлжээ. Түүний хэлсэн үг тун цагаа олсонгүй. Учир нь тэр үед Катар улс Их Британины байгалийн хийн хэрэгцээг 20 хувь хангахаар  тохиролцоод байв.

Хатан хааны хувьд дээдсийн зиндааны ярианы урлагт гаргууд суралцсан гэж болно. Голдуу “Таны ажил хэрэг сайн биз дээ?” гэж асуудаг. Харин хан хүү Чарьлзийн хувьд тийм өндөр зиндааны хүн байж ийм болгоомжгүй мэдэгдэл хийдэгт үнэхээр гайхмаар.

Энэ оны зургадугаар сард Английн хатан хаан Францад ирж Холбоотны арми Нормандад ирсний 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Сордын цэцэрлэгт хүрээлэнд болох уг арга хэмжээнд дэлхийн лидерүүд мөр зэрэгцэн суух болно. Гэхдээ Хатан хааны гэр бүл Путинтай уулзахгүй бөгөөд албан ёсны арга хэмжээний дараа “шууд” явна гэж ордны төлөөлөгчид мэдэгджээ.