Фашизмд хүрэх зам
Чоно борооноор гэгчийн үлгэрээр зургаан жилийн өмнө Европт эхэлсэн санхүүгийн хямралын явцад хэт барууны намууд улам хүчээ авчээ. Хэрэв тэд энэ долоо хоногт болох Европын холбооны Парламентын сонгуульд том амжилтанд хүрвэл гайхаад байх зүйлгүй. Учир нь тэд энгийн иргэдийн амьдралд нийцэх эдийн засгийн сэргэлтийн бодлогыг банкнуудын сонирхлоос дээгүүрт тавьдаг.
20 жилийн өмнө Европын Холбоо “Маастрихтын гэрээ” хэмээх өөрийн үндсэн хуулийг баталж байхад иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах систем бүрдэнэ хэмээн найдаж байв. Ялангуяа Хойд Европт энэ хүлээлт их байсан юм.
Эдүгээ хэт үзлийн намууд Европын бүх нийслэлд өөрийн баттай байр суурийг эзэлсэн. Францад ийм нам байхгүй ч бусад улсын нөлөөг сөрж зогсоход хүнд. Түүнээс гадна эдийн засгийн хямрал ажилгүйдлийг дагуулж, ажилгүйдэл нь цагаачлалыг өдөөж, цагаачлал нь орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд дарамт болж ажилчин анги хэт үндсэрхэг үзэлтнүүдийн гарт орох нөхцөл бүрдэв.
Унгарын "Йоббик" хэмээх неонацист намын гишүүд
Европ дахь цагаачлалыг эсэргүүцэгч, лалын шашныг эсэргүүцэгч намуудыг фашист чиглэлийн намууд гэх бөгөөд тэдгээр нь одоо дэлхийн ардчилсан нийгмийн өлгий гэж яригддаг байсан Европ тивийн хэмжээнд өөрсдийн нөлөөлөх чадвараар хоёр, гуравдугаар байр эзлэх болов. Унгар улсад ардчиллын эсрэг үзэлт үндсэрхэг нам “Фидес” засгийн эрхийг барьж байна. Түүнчлэн “Йоббик” хэмээх харгис нам хүн амын дунд улам нөлөөтэй болсоор.
Хэт үзлийн намууд түүхийн тавцанд гэнэт гарч ирсэн жишээг бид хангалттай мэднэ. Ажилгүйдэл, эдийн засгийн хатуу бодлого Европт фашизм бий болох таатай хөрс болсон түүхтэй. Тухайлбал Дэлхийн нэгдүгээр дайны дараа удирдагчид эдийн засгийн бодит байдлаас илүүтэй валютын ханш, дайны нөхөн төлбөр авах тал дээр илүү анхаарч байсан.
Үр дүнд нь ардчилал ард түмний дунд үнээ алдаж, 1920-иод оны зогсонги байдал 1930-аад оны Их хямралд хүргэснээр хүмүүс ардчиллаас татгалзсан билээ.
Ийм нөхцөл байдал нацист Герман зэрэг улсын томоохон банк, корпорациудад таатай байлаа. Сонгодог фашизм нь автократ төр, санхүүгийн элит болон ямар ч үр дүн авчраагүй ардчиллыг хэт үндсэрхэг үзлээр сольсон энгийн иргэн гурвын холбоо байсан юм.
Эдүгээ үүнтэй төстэй үзэгдэл давтагдаж байна. Европын Төв банк, Ангель Меркель тэргүүтэй улс төрчид банкнуудын хэрэгцээг хүмүүсийн сонирхлоос дээгүүр тавьж байна.
Бүрэн төлөвшсөн фашизм Европт бий болоогүй ч төлөвших нөхцөл нь хэдийнэ бүрджээ.
Open Europe байгууллагын явуулсан судалгаагаар энэ долоо хоногт болох Европын парламентын сонгуульд хэт үзэлт намууд 751 суудлын 218 нь буюу 29 хувийг эзлэх хандлагатай байна.
Хүмүүс олигархууд талхыг нь булаахыг хараад арга ядахдаа ардчилалд урам хугарч хэт үндсэрхэг үзэлтэй хүчнүүдэд ханддаг.
Хэт үзэлт хүчнүүдийн аюулын тухай Карл Полоньи хэмээх философч тодорхой бичсэн байдаг. Тэрээр “Хэрэв бид ардчиллыг хадгалахыг хүсч байвал зах зээлийн үл гүйцэлдэх үзлийг тунхаглагч санхүүгийн хулгайчдаас болгоомжлох хэрэгтэй” гэж хэлжээ.
Манай цаг үеийн гол эмгэнэл бол эрх баригчид зөвхөн банкируудыг дэмжсэн эдийн засгийн бодлогын төлөө хагас зуун жилийн төрийн ухаалаг бодлогоо золиослосон явдал юм. Хүмүүс дургүйцэх нь аргагүй.
Цаашлаад нийгмийн шударга байдал болон ардчилал өөрөө аюулд ороод байна. Тиймээс аргаа барсан хүмүүс үндсэрхэг үзэлд хандаж эхэлж буйд гайхах явдалгүй.