Мэдлэг эзэмших хориотой
Алан хядагчдад булаагдсан Нигерийн охидыг чөлөөлөх жагсаалын үеэр
2014.05.16

Мэдлэг эзэмших хориотой

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Нигер болон түүний хил залгаа орнуудын эрх баригчдыг Парист болох чуулга уулзалтанд түргэн ирэхийг уриалав. Тус уулзалтан дээр дээрх орнууд Африкийн бүсийн лалын хамгийн харгис бүлэглэл болох “Боко Харам”-тай тэмцэх нэгдсэн бодлого боловсруулах юм байна. Тус бүлгийн гишүүд хэдэн жилийн турш Нигерийн иргэдийг дарамталж байгаа билээ. Тэд хамгийн сүүлд сургуулийн сурагч 200 гаруй охидыг хулгайлсан нь дэлхийн хамтын нийгэмлэгийг хилэгнэхэд хүргэв. Тэд бүх охидыг боол болгоно хэмээн сүрдүүлж байгаа аж.

“Боко харам” бүлэглэлийнхэн дөрөвдүгээр сарын 15-ны шөнө Нигерийн Чибок хотын сурагчдыг хулгайлсан юм. Хэдэн арван зэвсэглэсэн ачааны машин, мотоциклтой алан хядагчид сургуулийн барилгад дөхөн ирж цагдаа нартай хэсэг буудалцсаны дараа охидыг хулгайлан авч явжээ. Нийтдээ 16-18 насны 276 сурагчийг хулгайлсан байна.

Хулгайлагдсан охид

Зарим сурагч тэдний гараас мултарч амжив. Гэхдээ 223-аас доошгүй сурагч одоо болтол барьцаанд байна. “Боко Харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау охидыг удахгүй хүчээр нөхөрт гаргах, эсвэл боол болгоно гэж заналхийлэв. Тэрээр “Би та нарын охидыг зах дээр зарна гэдгээ Аллахын нэрээр андгайлъя” гэж хэлжээ. Түүнчлэн Шекуа барууны боловсрол тус улсад оршин тогтнох ёсгүй, охидууд мэдлэгийн тухай бус нөхөрт гарах тухай бодох цаг болсон хэмээн мэдэгдэв.

Харин тавдугаар сарын 12-нд сурагчдыг тавьж явуулахад бэлэн, гэхдээ шоронд байгаа “Боко Харам” бүлэглэлийн бүх гишүүнийг сулласан цагт үүнийг хийнэ гэв. Мөн христийн шашинт бүх охид лалын шашинтай болсныг хэлэв. Баталгаа болгож охидын хамтдаа залбирч буй дүрс бичлэгийг тараажээ.

“Охидыг минь буцааж өг”

“Хоко Харам” бүлэглэл нэг биш удаа дэлхийн хэвлэлийн анхаарал татаж буй ч сургууль руу дайрсан нь дэлхий нийтийн дургуйцлийг туйлд нь хүргэв. Цахим ертөнцөд #BringBackOurGirls (Охидыг минь буцааж өг – vip76.mn-ийн орчуулга) гэсэн хэштэг бүхий компанит ажил өрнөсөөр байна.

Охидыг минь буцааж өг

Компанит ажилд Топ модель Кару Делевинь, жүжигчин Хэтэуэй болон Эмму Уотсон зэрэг алдартай хүмүүс оролцож байна. Тэд бүгдээрээ #BringBackOurGirls гэсэн бичгийг интернетэд тавьжээ. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама ч уг арга хэмжээнд оролцож байна.

Ерөнхийлөгч Барак Обама хулгайлагдсан охидын хувь заяанд санаа тавьж Төрийн Департамент, Хууль зүйн яам, цэргийн албан хаагчдаас бүрдсэн 18 мэргэжилтнийг Нигер улс руу илгээхээр болов. Тэд Нигерийн хүчний байгууллагатай хамтран ажиллана.

Абубакар Шекау

Түүнчлэн Канад, Франц, Израйль, Их Британи зэрэг улсууд туслах санал тавьжээ. Харин Нигерийн ерөнхийлөгч Гудлак Джонатан барьцаалагдсан охидын байрлалыг мэдээлсэн хүнд 300 мянган долларын шан өгөхөө амлав.

Гэвч үр дүн өдий болтол гарсангүй. Харин ч эсрэгээрээ охидыг аврах гэсэн оролдлого дахин нэгэн эмгэнэлт явдлыг өдөөв. “Боко Харам” бүлэглэл Гамбору-Нгала хот руу дайрч 300 хүнийг алж, олон арван байшинг сүйтгэжээ. Хамгийн инээдтэй бөгөөд харамсалтай нь уг хотод аюулгүйн албаныхан байрлаж байсан бөгөөд энэ үеэр бүгдээрээ охидын эрэлд гараад эзгүй байсан байна.

Мэдлэг эзэмших хориотой.

“Боко Харам”-ын түүх 2002 онд эхэлсэн аж. Бүлэглэлийн төрөлх нутаг нь Нигерийн холбооны муж Борно – Майдугури, харин үндэслэгч нь лалын шашны зүтгэлтэн Мохаммед Юсуф. “Боко Харам” гэдгийг Хаус хэлнээс орчуулвал “Барууны боловсрол бол нүгэл” гэсэн утгатай аж.

“Зөв” боловсролын асуудал Мохаммед Юсуфын хувьд үргэлж гол асуудал байсаар ирсэн. Түүний санаачлагаар шашны сургууль бүхий лалын сүмийг барьсан бөгөөд Нигерийн өнцөг булан бүрээс хүүхдүүд шашны ном үздэг байв.

Юсуф нь барууны шинжлэх ухааны ололтыг үгүйсгэдэг нэгэн. Тухайлбал түүний үзэж буйгаар Дэлхий бол бөмбөрцөг хэлбэртэй, ус чийг нэг төлөвөөс нөгөөд шилжих замаар байнгын эргэлтэнд оршдог гэсэн шинжлэх ухааны нотолгоо лалын ёсонд нийцэхгүй аж. Тэрээр Нигерт учирсан гай зовлон бүхэн Английн колончлогчдын бий болгосон хуурамч үнэт зүйлстэй холбоотой гэж үзэж байна. Тиймээс түүний байгуулсан сүмд шашны номд сургахаас гадна алан хядагчдыг бэлдэж байсанд гайхах зүйлгүй.

Юсуф Нигерийн засгийн эрхийг унагаж, тус улсын Умардад шариатын хуулиар амьдардаг төр улсыг байгуулахаар 2009 оны зургадугаар сарын 26-нд бослого гаргажээ. Гэвч мөн сарын 29-нд цагдаа нар “Боко Харам”-ыг дарж Мохаммед Юсуф өөрөө амиа алдсанаар бослого амжилт олсонгүй. Нигерийн эрх баригчид бүлэглэлийг дарж авсандаа санаа амрав.

Цус урсгасан сэргэн мандалт

Гэвч энэ нь зөвхөн эхлэл байлаа. Удалгүй бүлэглэлийг Шекау толгойлов. Юсуфийн үед “Боко Харам”-ыг тэр болгон мэддэггүй байсан бол Шекау гарч ирснээр дэлхий даяараа тус бүлэглэлийн тухай ярих боллоо.

"Боко Харам"-ын балмад үйлдлийн ул мөр

Тэр үе үе Христийн сүм, цагдаа, цэргийн объектууд руу дайралт хийж алж хядах болов. Түүнчлэн тэд гадаадын жуулчдыг үзэн яддаг. 2011 онд “Боко Харам”-ын амиа золиослогч Нигерийн нийслэл Абудже хотод байрлах НҮБ-ын байр луу мин суулгасан машинтай цөмөрч 20 хүний амийг авч, 60 хүнийг шархдуулав. Тэдний хамгийн заналт дайсан бол боловсролын байгууллагууд. Тухайлбал 2013 онд 200 орчим хүүхэд сурч боловсрох гэснийхээ төлөө амиа алджээ.

Зөвхөн 2011 онд гэхэд 465 хүн тэдний гарт алагдав. Харин бүлэглэлийн түүх эхэлснээс хойш өдийг хүртэл 10 000 орчим хүн алагдаад байна.

Хэдийгээр АНУ Нигерийн хүчний байгууллагатай хамтран ажиллахыг санал болгож буй ч Нигерийн удирдагчид хамтарч ажиллах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь тэд АНУ “Боко Харам”-аар далимдуулж цэргийн хүчээ оруулах вий гэдгээс болгоомжилж буй аж. Гэхдээ өөрийн хүчээр алан хядагчидтай тэмцэх чадалгүй. Нигерийн хойд хэсэгт онц байдал зарласан алан хядлага үргэлжилсээр.