2005-2010 оны олон улсын тагнуулын дуулиан
Монгол хэлэнд тагнуулын үйл ажиллагааг ганцхан "тагнуул" гэсэн үгээр илэрхийлдэг. Харин англи, орос хэлэнд гадагш чиглэсэн тагнуулын үйл ажлыг "scouting", "разведка", харин гадны тагнуулыг " espionage", "шпионаж" гэсэн үгсээр илэрхийлдэг.
2014.05.13

2005-2010 оны олон улсын тагнуулын дуулиан

2005 он.

Японы Тошиба концерны салбар охин компаний нэгэн ажилтан Оросын худалдааны төлөөлөгчид цэргийн салбарт хэрэглэх зориулалттай төхөөрөмжnay тухай нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулсан байна гэж 2005 оны 10-р сард Япон улсын цагдаагийн газрын аюулгүй байдлын хэлтэс олон нийтэд мэдээлжээ.

Уг төхөөрөмжийг шумбагч хөлөг, пуужин харвагч, сөнөөгч онгоц илрүүлэх радар хэрэглэдэг байна. Японы цагдаагийн газрын мэдээлснээр мэдээлэл хүлээн авагч, дамжуулагч хоёр цахилгаан барааны үзэсгэлэнгийн үеэр танилцжээ. Анх танилцсанаасаа хойш хагас жилийн дотор Токио хотод есөн удаа уулзсан байна. Японы Тошиба концерны ажилтан Оросын худалдааны төлөөлөгчид чухал мэдээлэл өгч, үүнийхээ шан харамжинд 1 сая иен буюу ойролцоогоор 10 мянган доллар авсан байна. Оросын худалдааны төлөөлөгч 2005 оны зургадугаар сард эх орон руугаа буцжээ. Түүнийг аж үйлдвэрийн тагнуул байсан гэж Японы цагдаа нар 2005 оны 10 сард дүгнэлт хийж хоцорсон юм.

2006 он.

2006 оны нэгдүгээр сард ОХУ-д дипломат шугамаар ирсэн Их Британий дөрвөн иргэнийг ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын газрынхан баривчилжээ.

Хэргийн эзэн чулуу

Их Британий ЭСЯ-нд ажилладаг эдгээр хүмүүс Москва хотын төвийн нэгэн цэцэрлэгт гудамжинд байрлуулсан тусгай холбооны хэрэгсэл ашиглан өөрийн талд элсүүлсэн Оросын иргэнээс мэдээлэл авдаг байжээ. Харахад энгийн чулуу мэт боловч, дотороо кодлосон мэдээлэл дамжуулагч төхөөрөмжтэй тусгай хэрэгсэл тэд ашиглаж байжээ. Тухайн үед Их Британий гадаад хэргийн яам ОХУ-д ажиллаж байгаа дипломат албаны ажилтнуудыг тагнуулч гэж баривчилж байгаад гайхаж, бас харамсаж байгаагаа илэрхийлж байлаа.

2006 оны 10-р сард ОХУ-ын Ерөнхий прокурорын газар ОХУ-ын Засгийн Газар хариуцлагатай албан тушаал хашдаг ажилтны эсрэг эрүүгийн хавтаст хэрэг нээв. Оросын Засгийн Газарт ажиллаж байсан уг хүн Британий THK-BP компанид хувийн мэдээлэл агуулсан баримт бичгийн хуулбарыг илгээсэн байжээ. Оросын Ерөнхий Прокурорын газрын мэдэгдсэнээр THK-BP компани руу илгээсэн баримт дотор ОХУ-ын Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэх байсан төрийн нууцтай холбоотой мэдээлэл, баримт байлаа. Мөн Оросын эрчим хүчний салбарт баримтлах стратегийн тухай үзэл санаа тусгагдсан байв. Энэ мэдээлэл алдагдсанаар эрчим хүчний салбарын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, Оросын эдийн засгийн байдлыг дордуулж болзошгүй нөхцөл байдал бүрдсэн гэж ОХУ-ын Ерөнхий Прокурорын газар үзэв.

2006 оны хоёрдугаар сарын 15-нд Шведийн цагдаа нар ОХУ-ын иргэн, залуу эрдэмтэн Андрей Замятнинг баривчилжээ.

Андрей Замятнин

Андрей Замятнин Шведийн Уппсала хотын хөдөө аж ахуйн дээд сургуульд гэрээгээр ажиллаж байв. Шведийн ГХЯ-ны уламжилсанаар Оросын иргэн тагнуул хийсэн тул баривчилсан гэжээ. Андрей Замятнин ургамлын өсөлтийг зогсоодог вирусийн судалгаа хийдэг аж. Оросын залуу эрдэмтэнг хоёр сарын турш түр саатуулах газар хорив. Гэвч түүнийг тагнуул хийсэн гэх хангалттай баримт нотолгоо гарч ирээгүй тул 2006 оны дөрөвдүгээр сард сулласан юм. Шведийн хууль зүйн канцлер Андрей Замятнинаас хүлцэл өчиж 80 мянган крон буюу 11,4 мянган долларын нөхөн төлбөр олгожээ.

2007 он

Өмнө нь тусгай албанд ажиллаж байсан Вечяслав Жарко 2007 оны 6 сард аюулаас хамгаалах байгууллагад хандан Их Британий тусгай алба өөрийг нь элсүүлэх гэж завдсан тухай илтгэжээ. Тэрээр Их Британий МИ-6 тусгай албаны дөрвөн ажилтны нэрийг зарласан байна. Их Британий МИ-6 тусгай албаны ажилтан Пабло Миллер өөртэй нь холбоо тогтоосон гэдгийг тэр нотлов.

2008 он

Эстони улсын Батлан Хамгаалах Яамны ажилтан асан Херман Симм улсын нууц задруулсан хэргээр 2008 оны есдүгээр сард баривчлагджээ. Мөн түүний эхнэрийг ч саатуулсан байна. Хуульч мэргэжилтэй түүний эхнэр нь Эстоний цагдаагийн газар ажилладаг байв. 2000-2006 онд Херман Симм Эстони улсын Батлан Хамгаалах Яамны Аюулгүй Байдлын асуудал эрхэлсэн хэлтсийг даргалж байхдаа 1995 оноос хойш Эстоний батлан хамгаалах салбартай холбоотой баримтыг Оросын гадаад тагнуулын газрын офицерт дамжуулж байснаа хүлээсэн юм. 2009 оны хоёрдугаар сарын 25-нд шүүхээс түүнд 12,5 жилийн хорих ял оноожээ.

2008 оны хоёрдугаар сард АНУ-ын Калифорни мужийн Оранж тойрогт оршин суудаг хятад гаралтай 72 настай Донгфан Чангийг Америкийн тусгай албаныхан баривчилжээ. Донгфан Чанг нь инженер мэргэжилтэй. Бараг 30 жилийн турш Rockwell International компанид ажиллажээ. Rockwell International компани нь цэргийн зэр зэвсэг, сансарт ашиглах тоног төхөөрөмж, байлдааны онгоц үйлдвэрлэдэг юм. Чанг нь америкийн цэргийн С-17 онгоц, Delta-4 пуужин, мөн сансрын олон дахин ашиглах хөлгийн эд ангиудын тухай мэдээлэл БНХАУ-ын Засгийн газарт дамжуулсан байж болзошгүй гэж сэжиглэгдсэн юм.

2008 оны 12-р сард АНУ-ын Батлан Хамгаалах Яам (Пентагон)-д ажиллаж байсан 

Бен Ами Кадиш

цэрэгт алба хааж байх үедээ Израилийн тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулдаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

АНУ-ын Нью-Жерси мужид байрладаг Зэвсэг боловсронгуй болгох төвд ажиллаж байхдаа АНУ-ын пуужингийн довтолгооноос сэргийлэх системтэй холбоотой нууц мэдээллийг Израиль улсаас АНУ-д суугаа Консулын газрынханд өгдөг байжээ. Нууц материалыг гэртээ авч ирэхэд нь АНУ- дахь Израилийн консулын газрын ажилтан Йоси Ягуру чухал баримт бичгийн гэрэл зургийг авдаг байв. Тэд 1980-1985 оны хооронд ийнхүү хамтран ажиллаж байснаа Бен Ами Кадиш 2008 оны 12 сард хүлээн зөвшөөрчээ.

2009 он

2009 оны 10 сард Украины иргэн Руслан Пилипенког Тирасполь дахь Оросын цэргийн байгууламжид явж байхад нь саатуулжээ. Түүнийг Украин улсын Батлан Хамгаалах Яамны харъяа тагнуулын төв газарт ажилладаг гэдгийг Оросын тусгай албаныхан 2006 онд олж тогтоожээ. Тэрээр Оросын батлан хамгаалах салбарын тухай мэдээлэл цуглуулдаг байв. Русланыг саатуулах үед биед нь байсан гэрэл зургийн аппаратанд “нууц”, “маш нууц” гэсэн тамгатай ОХУ-ын нууцтай холбоотой баримт бичгийн зураг байжээ. Тэрээр илчлэгдсэний дараа Оросын батлан хамгаалах салбарын тухай мэдээлэл цуглуулдаг Украины бусад агентуудын тухай мэдээлэл өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

2009 оны 3 сард Бухарест хотод Болгарын иргэн, Румын улсын цэргийн албан хаагч нарыг баривчилжээ. Румыны иргэн, цэргийн албан хаагч нь Болгарын иргэнд пуужингийн повтолгооны радарын байршил тэмдэглэсэн газрын зураг өгчээ. Харин олж авсан мэдээллээ Болгарын иргэн Бухарест хот дахь Украины ЭСЯ-нд дамжуулдаг байв. Үүний дараа Украин улсын ГХЯ мэдэгдэл гаргаж, Киев хот дахь Румын улсын ЭСЯ-нд ажилладаг хоёр дипломатыг эх орноосоо хөөж гаргах болно гэжээ.

2010 он

2010 оны 4 сард Энэтхэгийн хууль сахиулах байгууллагынхан Пакистаны Исламабад хот дахь өөрийн ЭСЯ-ны ажилтан бүсгүйг баривчилжээ. Энэтхэгийн иргэн Пакистаны талд орж, тагнуулын ажиллагаа явуулсан гэж албан ёсоор буруутгажээ. Пакистан дахь Энэтхэгийн ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Мадхури Гупта нь Пакистаны Ай-Эс-Ай (Inter-Services Intelligence, ISI) тусгай албатай хамтран ажилладаг байжээ. Нөгөө талд чухал мэдээлэл дамжуулаад байна гэсэн сэрдлэгэ төрсөний дараа түүнийг удаан хугацааны турш ажиглаж, эцэст нь баривчилсан гэж Энэтхэгийн хууль сахиулагч нар тайлбарласан юм.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын даргаар ажиллаж байсан Хван Дян Об нь одоогоос хэдэн жилийн өмнө эх орноосоо дүрвэж БНСУ-д ирж амьдрах болжээ. Түүний амийг хороолгох зорилгоор БНАСАУ-ын тусгай алба хоёр хүнийг 2009 оны 12 сард БНСУ руу илгээжээ. БНАСАУ-ын зэвсэгт хүчний цэргийн тагнуулын хоёр ажилтан дүрвэгчийн дүр хувиран БНХАУ, Тайландаар дамжин БНСУ-д ирсэн байна. Гэвч удалгүй тэдний даалгавар нь тодорхой болсон тул 2010 оны 4 сард БНСУ-ын тусгай албаныхан дүрвэгчийн нэр зүүсэн хоёр тагнуулчыг баривчилжээ.