Асрамжийн газрын тэрбумтан
Италийн Ерөнхий сайд асан Сильво Берлускони өндөр настнуудын асрамжийн газар ажиллахаар боллоо. Италийн хамгийн баян, хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг болох Берлусконийг Милан хотын тусгай шүүх ийм ялаар шийтгэжээ. Өрсөлдөгчид нь түүнийг нэг мөсөн дампуурсан гэж найдаж буй ч эдүгээ 77 настай Берлускони өөдрөг сэтгэлтэй, тун удахгүй их улс төрд эргэж ирэх санаатай байгаа аж.
Италийн хамгийн том дэлгүүрүүд, банк, даатгалын компани, хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сан, түүнчлэн хөл бөмбөгийн алдарт “Милан” клубыг багтаасан нэгэн эзэнт гүрнийг толгойлдог түүнийг хэд хэдэн удаа улс төрөөс зайлуулж байсан юм.
Сильвогийн улс төрийн карьер нэг биш удаа унаж байв. Түүнийг 50 удаа гэмт хэрэгт буруутгаж байлаа. Залилан, авилгал, хээл хахууль, бэлгийн хүчирхийллийн хэргээр эрүү үүсгэж байсан ч шоронд суулгаж арай л чадаагүй юм.
1994 онд Берлусконид харъяалагдаж байсан “Fininvest холдинг” компанийг санхүүгийн байцаагчдад хахууль өгсөн хэрэгт буруутгасанаар анх удаа шүүхэд дуудагджээ. Сильвог 33 сар шоронд хорих ялаар шийтгэсэн ч давж заалдах шатны шүүхээр ялыг хэрэгсэхгүй болгов.
2006 онд Берлусконийг өөрийн хуульчийг хахуульдсан хэрэгт буруутгаж “Милссын хэрэг” гэгчийн мөрдөх ажиллагаа эхэлсэн байна. Тэр хуульчдаа 600 мянган доллар өгчээ. Мөрдөн байцаагчид энэ мөнгийг хуурамч мэдүүлэг өгүүлэх зорилгоор өгсөн гэж үзэв. Гэвч 2012 оны хоёрдугаар сард Миланы шүүх Берлусконийг гэм буруугүйд тооцжээ.
Рубийн хэргийн гол эзэн Мароккогийн насанд хүрээгүй биеэ үнэлэгч
2011 онд түүхэнд багагүй дуулиан тарьсан “Рубийн хэрэг”-ийн мөрдөлт эхлэв. Энэ удаа Сильвог Мароккийн насанд хүрээгүй биеэ үнэлэгч, мөн гэдэсний бүжигчин Карим аль-Маругтай холбогдсон хэргээр шалгав. Берлускони Аркора дахь шилтгээндээ зохион байгуулсан үдэшлэг дээр «бунга-бунга» стилээр тайчсан тухай улс орон даяар ярьж байв. Ингэснээр шинэ мөрдөх ажиллагаа эхэллээ. Үдэшлэгт оролцсон хүмүүс Сильво гэмт хэрэгт тооцогдохоор юу ч хийгээгүй гэж мэдэгдэж байв. Гэвч насанд хүрсэн, хүрээгүй нийлсэн 20 орчим эмэгтэй сар болгон Сильвогоос их хэмжээний мөнгө авдаг байснаа ярив. Шүүгчид мөнгийг хүүхнүүдтэй бэлгийн харьцаанд орсны төлбөр болгон өгдөг байсан хэмээн үзэж 2013 онд Берлусконид долоон жилийн ял оноожээ.
“Рубийн хэрэг”-тэй зэрэгцэн Mediaset компаний санхүүгийн хэрэг мандаж Берлусконид дахин дөрвөн жилийн ял нэмэв. Зүүний сонингууд “Берлусконий үе төгсгөл боллоо” хэмээн бичиж байлаа.
"Берлускони ба цагдаа эмэгтэй" гэсэн доорхи дүрс бичлэг улс төрийн түүхэн дэх хамгийн дуулиантай бичлэгүүдийн нэг юм.
Гэвч Италийн хуулийн дагуу 70 гарсан хүнд зөвхөн хүн алсан тохиолдолд долоон жил хорих ял өгдөг ажээ. Тиймээс ихээр бодож жилийн хугацаанд Берлускони гэрийн хорионд байх, эсвэл албадан ажил хийх болж байна. Тэр дундаа албадан ажил нь илүү эрх чөлөөтэй байлгана. “Би насны бөгсөнд буян үйлдэж тахир дутуу, оюуны хомсдолтой хүмүүст тусламаар байна” гэсэн Сильвогийн хүслийг өмгөөлөгчид нь шүүхэд дамжуулжээ. Миланы шүүх хүсэлтийг хүлээн авч Сильвог өндөр настны асрамжийн газар 10 сар албадан ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Италийн нийгмийн халамжийн байгууллагууд Сильвог захидлаар дарав. Хэд хэдэн асрамжийн газар, хар тамхичдыг эмчлэх төв, түүнчлэн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо, гэр оронгүй хүмүүс, цагаачдын байгууллагууд хүсэлтээ ирүүлжээ.
Эцэст нь Италийн Засгийн газрын экс-тэргүүнийг шийтгэх, “дахин хүмүүжүүлэх” газраар Миланаас холгүй оршдог Ломбардийн өндөр настны асрамжийн газрыг сонгов. Гэвч удахгүй Берлускони ажлаас зугатаж чадна гэдэгт Италичууд эргэлзэхгүй байна. Тэр хөгшчүүдийг халбагаар хооллож, шээснийх нь савыг зөөх юу л бол. Түүний оронд тэр асрамжийн газарт их хэмжээний хандив өгөөд л салах байлгүй.
“Гандан буурдаггүй үл ялагдагч” маань “буцаж ирээд будаа болгоно” гэж дэмжигчиддээ амлажээ.
Хамгийн гол нь түүнийг улс төрийн ажил хийхийг хориглоогүй нь түүний ялалт юм. “Гандан буурдаггүй үл ялагдагч” маань “буцаж ирээд будаа болгоно” гэж дэмжигчиддээ амлажээ. Берлусконий улс төрийн зөвлөх Джованни Тоти “Unita” сонинд өгсөн ярилцлагадаа энэ оны тавдугаар сарын 25-ны Европын Парламентын сонгуульд өрсөлдөх “Forza Italia” (Урагшаа! Итали орон!) намыг Берлускони толгойлох ёстой гэж мэдэгдэв.
Ингээд бодоход санхүүгийн гэмт хэрэг хийсэн нэр дэвшигч чухам яаж Европын Парламентад ажиллахаар зэхэж байгаа нь ойлгомжгүй. Учир нь түүнд Италиас гарахыг хориглосон юм. Гэвч Италийн улс төрчид Берлускони зөвхөн мөрөөдөхөөс хэтрэхгүй гэж үзэж байна.