Үс засалт улс төрийн чухал ажил болох нь
Хойд Солонгос өөрийн бяртай гэдгээ харуулахын тулд голдуу пуужин харвадаг. Гэтэл хамгийн нэгэн хачирхалтай зүйл жинхэнэ сонин хачин болов.
Залуу удирдагч Ким Чен Ы бүх эрэгтэй оюутнууд өөртэй нь адилхан үсээ засуулах ёстой гэсэн тушаал гаргав. Ким Чен Ыны үс засалт гэдэг нь тултал шуусан шанаа, голоор нь хагалж самнасан толгойн оройн бөөн үс билээ. Хойд Солонгосын нэгэн дүрвэгчийн ВВС-д өгсөн ярилцлагаас харахад удирдагчийнхаа засалтыг Хойд солонгосчууд “Хятад дээрэмчин” гэж хошигнон нэрлэдэг ажээ. Үс засалтын тунхаг саяхнаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
2005 онд түүний эцэг Ким Чен Ир “Социалист амьдралд нийцүүлж үсээ засагтун” гэсэн лозун бүхий урт үсийг мөрдөж мөшгөх компанит ажлын зохион байгуулж байв. Уг ажил нь бүх хүмүүсийг ижил үсний засалттай болгох зорилготой байлаа. Намхан нуруутай удирдагч өөрөө «помпадур» хэмээх үс засалтаар гангарна. Хичээнгүй налуулж, лакадсан түүний үс эзнээ өндөр, буурь суурьтай болгож харагдуулах үүрэгтэй байсан ч олон тохиолдолд бусдын доог тохуу болдог байв.
Ким Чен Ирийн "помпадур" засалт
Ким Чен Ыны тушаал бол үүний үргэлжлэл юм. 2013 онд Хойд Солонгосын эрх баригчид 28 төрлийн зөвшөөрөгдсөн үс засалтыг олонд танилцуулав. Залуу эрчүүдийн үсний урт 15 сантиметраас илүү гарах ёсгүй бөгөөд 15 хоноод нэг удаа үсээ засуулах ёстой. “Зөвшөөрөгдсөн засалтаар үсээ засуулсан моделиуд”-ыг үсчний газар болгонд байрлуулав. Харин одоо Ким Чен Ы залуу Солонгосчуудыг өөртэйгөө адилхан болгохыг хүсч байна.
Шинэ тушаал ямар ч утгагүй харагдаж байгаагаас гадна хувь хүний эрхийг хэтэрхий хязгаарлаж байгаа юм. Гэхдээ Хойд Солонгосын удирдагч энэ тал дээр ганцаараа биш. Эрчүүдийн гаднах байдлыг хатуу хуулиар зохицуулдаг практик хэд хэдэн оронд бий.
Үс засалтын хориг
1970-аад оны Азид урт үс, их сахал “сайнаа үздэггүй” байсан цаг бий. Сингапурын Ерөнхий сайд агсан Ли Куан Ю урт ургуулсан үс нь Барууны замбараагүй соёлын илрэл, төрийн дэглэмийг эсэргүүцэх гэсэнтэй адил гэж үзжээ. Тэрээр хилээр орж буй хүмүүсийг нэгд нэггүй шалгах болжээ. Сингапурын онгоцны буудалд үсчний газар нээж хууз сахалтай, захнаасаа илүү гарсан урт үстэй эрчүүдийг хүчээр сахал, үснээс нь салгах болжээ. Татгалзвал визийг нь хурааж авна.
Ерөнхий сайдын зөрүүд зан дипломат түвшинд таагүй зүйлд хүргэсэн тохиолдол ч бий. Нэгэнтээ гурван малайз эрийн үсийг хүчээр засаад орхитол Куала-Лумпурт оюутны бослого дэгдэж Ли Куан Ю Малайз руу хийх айлчлалаа хойшлуулжээ.
Лалын ертөнцөд урт сахал нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, шашны харъяаллыг тодорхойлдог
Түүний жишээг Зүүн өмнөд Азийн Филиппин, Цейлон буюу одоогийн Шри-Ланк, Тайланд гэсэн бусад орнууд дагав. Түүнчлэн урт үстэй хиппинуудын хууль ёсны дагуу опиум хэрэглэх боломж хайж очдог Лаос улс ч ийм журам гаргав.
Мөн тэр үед тоталитар дэглэмтэй байсан Албаны удирдагч Энвер Ходжа сахал ургуулахыг эрс хоригложээ. Сахалтай тэмцэхээсээ өмнө тэрээр аль нэг шашныг шүтэх, машин унах, гадаадад зорчихыг хориглов.
Энвер Ходжатай сахал үсний тал дээр өөрийн фантазиар эн зэрэгцэх хүн бол 1986 оноос үхэх хүртлээ Туркменистаныг удирдаж байсан Сапармурат Ниязов юм. Тэр бас л хүмүүсийн биеэ хэрхэн авч явахыг хянадаг байлаа. Тэрээр өөртөө Туркменбаши гэсэн нэр өгч 2004 онд сахлаа хусч, үсээ оготор тайруулан үндэсний телевизийн студид иржээ. Ингэхдээ тэр эрчүүдийг сахал, үсээ ургуулахыг хориглосон тухай мэдээлэв. Үүнээс өмнө гудамжинд тамхи татах, машинд радио сонсох, түүнчлэн дуурь үзэхийг хорьсон байв.
Хүмүүсийн гадаад төрхийг хүчээр ижилсүүлэх нь тэдний бие хүний давуу талыг үгүй хийж захирахад хялбар болгодог байна.
Юуны төлөө үүнийг хийдэг вэ?
Янз бүрийн удирдагчид олон зууны туршид шашны болон улс төрийн шалтгаанаар хувь хүний эрх чөлөөг хязгаарласаар ирсэн. Хүмүүсийн гадаад төрхийг хүчээр ижилсүүлэх нь тэдний бие хүний давуу талыг үгүй хийж захирахад хялбар болгодог байна. Ижил хувцаслалт, ижил үс засалт тухайн хүний бие даан сэтгэх оролдлого, түүнчлэн дангаар ноёрхогчдод хамгийн аюултай үзэгдэл болох фантази (ургуулан бодох)-г нухчин дарах зорилготой байдаг. Өөрийн биеийг хүссэнээрээ арчлах эрхийг хасах нь хүний эрх чөлөөний хамгийн эмзэг талыг хөндөж, өдөр болгон бусдын хараанд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Ийм байдлаар хүний биеийн хэрэг дарангуйлагчдын хувьд хүний оюун санаанд хүрэх зэвсэг болдог.