Орос, Украйны зөрчил аюултай түвшинд хүрлээ
Зэвсэглэсэн салан тусгаарлагчид Украйны Дорнод хэсэгт орших нэгэн хотыг хяналтандаа авав. Киевийн эрх баригчид үүнийг ОХУ-ын түрэмгийлэл хэмээн үзэж цэргийн хүчээр хариу барихаар зэхэж байна. Ингэснээр Киев, Москва хоёрын зөрчил шинэ бөгөөд аюултай түвшинд хүрлээ.
Автомат буугаар зэвсэглэсэн Оросыг дэмжигч идэвхтнүүд Донецк мужийн Славянск хотын төр захиргааны байгууллагыг эзлэн авч, ойр орчимд хаалт босгов. Хөрш хотуудын захиргааны байрууд ч дайралтад өртсөн байна.
“Өнөөдрийн үйл явдлыг Украйны эрх баригчид Оросын талаас ирж буй түрэмгийлэл хэмээн үзэж байна” гэж Украйны Дотоод хэргийн сайд Арсен Аваков өөрийн мэдэгдэлдээ бичжээ.
Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар Киевийн эрх баригчдын Донецкт явуулсан тусгай ажиллагааны явцад есөн хүн шархдаж, нэг хүн амь үрэгджээ.
Украйны Дотоод хэргийн болон Батлан хамгаалах яамнаас томилсон шуурхай багийнхан ямар хариу барихаа төлөвлөж байгаа аж.
Энэ оны хоёрдугаар сард Киев хотод болсон өргөн хэмжээний эсэргүүцлийн ажиллагааны үр дүнд багагүй цус асгарч, Украйны ерөнхийлөгч Виктор Янукович эх орноосоо ОХУ-д дүрвэн гарсан билээ. Үүний дараа ОХУ 1954 оныг хүртэл Оросын бүрэлдэхүүнд байсан, ОХУ-ын Хар тэнгисийн далайн цэргийн флот байрладаг Крымын хойгийг өөртөө нэгтгэсэн. Крымыг ОХУ-д нэгтгэх шийдвэрийг хойгийн оршин суугчдын олонхийн саналаар баталсан ч Киевийн эрх баригчид болон олон улсын хамтын нийгэмлэг уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй.
Москвагийн хувьд Украйны газар нутагт ямар нэгэн байдлаар халдаж хуваах санаагүй гэж мэдэгдэж байгаа ч Барууныг дэмжигч Киевийн эрх баригчид ОХУ тус улсын газар нутагт цөмрөх шалтаг хайж байна хэмээн үзэж байна. НАТО-гийн зүгээс Украйны хил орчим Оросын цэргийн хүч ихээр төвлөрсөн тухай мэдээлж байхад, Москвагийн эрх баригчид цэргийн сургуулилт явагдаж байгаа гэсэн тайлбарыг өгдөг.
Украйн улс Барууныг дэмжигч баруун, ОХУ-д нэгдэхийг хүссэн Дорнод хэсэг гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна.
Болж буй бүхэнд Москвагийн эрх баригчид буруутай хэмээн үзэж байгаа Киевийн байр суурьтай Вашингтон санал нэг байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүйн зөвлөлийн төлөөлөгч Лора Лукас Магнусон: “Оросын талыг дэмжигч салан тусгаарлагчдын Украйны дорнод хэсэгт явуулж буй түрэмгий үйл ажиллагаа бидний санааг ихэд түгшээж байна” гэж хэлэв. Түүнчлэн Путин болон түүний Засгийн Газрыг Украйны нийгмийн амьдралыг тогтворгүйжүүлэх оролдлогоо зогсоохыг уриалж цэргийн хүчээр зохицуулж болох талаар сэрэмжлүүлэв.
Украйны хямрал шинэ “газын дайн” өдөөх аюултай. Хэрэв байдал үүндээ тулвал Европ газын хомсдолд орох эрсдэлтэй юм.
Эзлэгдсэн хотууд
Бямба гарагт багаар бодож гар буу, автоматаар зэвсэглэсэн 20 хүн Оросын хилээс 150 км зайтай оршдог Славянск хотын захиргаа, цагдаагийн хэсгийг эзлэв.
Донецк муж
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр олон зуун буу, зэвсэг тэдний гарт оржээ. Төрөл бүрийн цэргийн хувцас өмссөн идэвхтнүүд нэгэн барилгын дээвэр дээр Оросын төрийн далбааг хатгажээ. Хотын захирагч тэднийг дэмжиж буйгаа мэдэгдэв. Цагдаагийн хэсгийн өмнө цугларсан 1000 гаруй жагсагчид “Москва, Крым, Орос” хэмээн хашгирч байлаа.
Александр хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн хүн “Бид Орост нэгдэхийг хүсч байна. Хэрэв Орос орон биднийг дэмжвэл туйлын баяртай хэрэг болно” гэж хэллээ. Нүүрээ хар будгаар будсан тэрээр “Ялалтанд хүртэл бид тэмцэнэ. Эрх чөлөөний төлөө үхэхээс би айхгүй” хэмээн хашгирна.
Славянск хот руу ордог гол замууд дээр автоматтай хүмүүс хаалт тавьж, машинуудыг шалгаж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлж байна.
Украйны хямрал Оросын газын нийлүүлэлтийг тасалдуулах учраас Европын сая сая оршин суугчдад аюул учруулахаар байна.
Украйны шинэ эрх баригчид салан тусгаарлагчид зэвсгээ хураалгахгүй бол хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Гэвч Донецк мужийн цагдаагийн хэлтсийн дарга огцорсноос хойш орон нутгийн хүчний байгууллагынхан Киевийн тушаалыг биелүүлэх эсэх нь эргэлзээтэй болов.
Цагдаагийн хэлтсийн дарга Константин Пожидаев “цус урсгаргүйн төлөө” албан тушаалаас бууж буйгаа мэдэгдсэн юм.
Тэр зуур Краматорск хотод багаар бодоход хувцсаараа жигдэрсэн 20 хүн хэсэг хугацаанд буудалцсаны дараа хотын цагдаагийн хэлтсийг эрхэндээ оруулсан гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Украйны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Дорнод хэсэгт үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулав.
Байдлаас харахад ОХУ Украйны дорнод хэсгийн автономит эрхтэй мужуудын тоог нэмэх хандлагатай ч Киев болон Баруун хоёр эсэргүүцэх нь мэдээж.
«Газын дайн»
Украйны хямрал Оросын газын нийлүүлэлтийг тасалдуулах учраас Европын сая сая оршин суугчдад аюул учруулахаар байна.
Украйнаар дамжиж Европт хүрэх Оросын байгалийн хий дамжуулагч сүлжээ
“Цэнхэр түлш” хэмээн нэрлэгддэг газын ихэнх хэсгийг ОХУ Украйнаар дамжуулж Европт нийлүүлдэг. Хэрэв Москва Украйныг мөнгөө төлөхгүй тохиолдолд нийлүүлэлтээ зогсооно гэсэн амлалтаа биелүүлвэл Оросын газыг хэрэглэдэг Барууны хэрэглэгчид томоохон бэрхшээлтэй тулгарна.
ОХУ Киеваас газын төлөө өндөр үнэ төлөхийг, түүнчлэн өрөө төлөхийг шаардаж байна. Оросын газын монополь болсон Газпром компани, түүний Украйны хамтрагч Нафтогаз хоёр хэлэлцээр хийж байгаа ч зөвшилцөлд хүрэх шаанс бага.
Нафтогазын тэргүүн Украйны нэгэн сонинд газын шинэ хэлэлцээр байгуулах хүртэл Киевын эрх баригчид Газпромд мөнгө төлөхгүй гэж мэдэгдсэнээс болж зөвшилцөлд хүрэх боломж улам ч бага болсон.
Гуравдугаар сард Украйн Газпромд төлөх ёстой 500 сая долларыг төлж чадаагүй билээ.