Террористуудын гэрт зочилсон нь
21-р зуунд террористуудад олзлогдсон бол хэрхэн биеэ авч явах талаар сурах бичиг хүртэл гарчээ.
2014.04.10

Террористуудын гэрт зочилсон нь

Палестины “Хамас” хөдөлгөөнийг барууны олон оронд террорист бүлэглэл гэж үздэг. Ингэж үзэх нь ч үндэслэлтэй бөгөөд Хамасчууд Израйлын эсрэг хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа явуулж байсан. Тэдэнтэй нүүр тулна гэдэг хэн бүхний хувьд томоохон сорилт болдог. Чехийн сэтгүүлч Иржи Калат Палестинд явж байгаад  Хамаасынханд паспортаа хураалгажээ. Ингээд түүний тэдэнтэй уулзсан түүхийг сонирхуулж байна.

“Уг нийтлэл Газын зурваст болж буй үйл явдалтай хамаагүй бөгөөд Хамас бүлэглэлийн гишүүдтэй нэг өрөөнд суух ямар байдаг тухай өгүүлсэн болно. Тэд миний хэн болох, Палестинд юу хийж байгаа, Израйлыг дэмжигч мөн эсэхийг шалгасан юм. Энэ явдал 2011 онд болсон билээ.

"Хамас" бүлэглэлийн дайчид

Үдийн цайны цаг болж гудамжаар хуучны машинууд сүлжилдэн жолоочид зорьсон зүгтээ яарцгаана. Машинуудын хаалган дээр “тахi” гэсэн бичиг байх ч энэ нь “Палестин маягийн нийтийн тээвэр” юм. Би замын тоосонд дарагдан унаа хүлээн зогсоно. Өчигдөр Хамасын дайчид дотоод журам өөрчлөгдсөн хэмээн Израйлын талаас Газын зурвас руу нэвтрэх үед миний паспортыг хурааж авсан юм.

Нэг щекель төлөөд “Gazа city”-гийн дотор хаашаа ч явж болно. Удтал гараа өргөн зогссоны эцэст нэг машин зогсч намайг болон миний орчуулагч Омарыг Палестины Дотоод хэргийн яам руу авч явав. Машины цонхоор олон тооны бульзодер, шатсан байшингуудын суурь харагдана. “Израйлууд бөмбөгдөхөөс өмнө энд Засгийн газрын хэдэн байр байсан юм. Ихэнх нь Европын Холбоо болон бусад олон улсын байгууллагын тусламжаар баригдсан” гэж Омар зам зуураа хуучилна. Гэхдээ Израйлуудын бөмбөгдөлт Газын зурвасын дайчид Израйлын өмнөд хэсэгт явуулсан дайралтын хариу цохилт байсан гэдгийг тэр санаатай хэлсэнгүй.

2012 онд Хамасчууд Израйлын тагнуулуудыг олны өмнө цаазалсан билээ.

Яамны барилга шинэ хэдий ч барилгын ажил хараахан дуусаагүй байв. Хар дүрэмт хувцастай баргар царайтай хамгаалагчид биднийг шалган дотогш оруулав. Миний Хамасчуудтай хийсэн анхны уулзалт айдас түгшүүрээр дүүрэн байлаа. Израйлын талаас сурвалжлах зөвшөөрөл авсан миний хувьд Хамас гэдэг сэтгүүлчдэд халгаатай террорист бүлэг гэж бодохоор нуруугаар хүйт дааж байв. Тэр зуур Палестиныг дэмжигч Италийн сэтгүүлч Витторио Арригониг Палестины цэргийнхэн подвальд дүүжилж орхисныг санав.

Урт хонгилоор хэдэн минут явсны эцэст нэгэн өрөөнд оров. Ширээний ард миний ирээдүйг шийдэх нэгэн эрхтэн дархтан сууж байгаа нь тодорхой боллоо. Омар хоёр биеийг төлөөлөн мэндэлж миний ямар учиртай хүн болохыг тайлбарлаж эхлэв. Хэдийгээр би араб хэл сайн мэдэхгүй ч тэдний ярианд байнга давтагдах “сэтгүүлч” гэсэн үгийг сайн ойлгож байв. Миний нүдэн дээр нэг бол хэлэлцээр маягийн, эсвэл энгийн нөхөрсөг шинжтэй яриа үргэлжилсээр бараг цаг гаруй болов.

Италийн сэтгүүлч Витторио Арригони нь 2011 онд “Tawhid wal-Jihad” хэмээх Палестины террорист бүлгийнхний гарт амиа алдсан юм.

Гэнэт нэг эр “Та англи, францын аль нэгээр нь ярьдаг уу” гэж бараг хашгирах шахам асуув. Гэнэт цочиж балмагдсан би англиар ярьдаг гэж хариуллаа. Нөгөөх эр хэсэг дуугүй байснаа асуулт тавьж, бусад нь ч биднийг байцааж эхэллээ. Омар бид хоёрын дотор түгшинэ. Омар тэдэнд чухам юу хэлснийг би мэдэхгүй бөгөөд сандрахдаа залсан ч байж мэднэ. Хэрэв тийм бол хэрэг явдал муугаар эргэх нь мэдээж.

Эхэндээ ярианы агуулга улс төрөөс холуур байлаа. Гэтэл өөрийгөө Абдул хэмээн танилцуулсан түшмэл “Чи Бен Ладены талаар юу гэж бодож байна ?” гэж асуулаа. Мөс цөмрөхөд ойрхон байв. Миний тархи тодорхой хариулт өгөхгүйн төлөө хамаг чадлаараа ажиллаж байв. “Паспортаа эргүүлж авах гээд байгаа юм бол бид түүнийг далбааны өмнө сөхрүүлэн суулгаж хулхинд нь буу тулгаад ямар нэгэн мэдэгдэл уншуулж болно шүү дээ” хэмээн англиар сайн ярьдаг нэг түшмэл хэнэггүй ярина. Өрөөн дотор гэнэт чив чимээгүй болов. Омарын царай зэвхийж, бусад нь миний нүд рүү эгцлэн харна. Иймэрхүү аймшигтай дүрс бичлэг үзэж байсан бөгөөд сайнаар төгсдөггүйг мэдэж байв. Тархи задрах шахаж ямар нэгэн авралын үг эрнэ. Гэнэт бүгд чанга гэгч нь инээв. Тэдний нэг “Битгий ай. Бид чинь Хамасчууд болохоос алан хядагчид биш шүү дээ” хэмээн мөрөн дээр минь алгадав. Дэндүү хатуу тоглоом. Хэрэв энэ мэт шоглоом хэдэнтээ давтагдсан бол би өдрийн дотор бууралтахаар байлаа. Дахин хэдэн минутын турш Израйлын тухай шалгаав. Ахлах түшмэл ирж “бүх зүйл хэвийн” гэж мэдэгдэх хүртэл би гэдэг хүн үнэхээр аргаа барчихсан сууж байв. Бидний паспортыг буцааж өгөхөөр боллоо.

Хамасчууд тоглоом хийхэд судсан дахь цус царцсан мэт болдог.

Гудамжинд гарч элсэн дээр гишгэсэн тэр л агшинд миний дотор уужрав. Одоогоор хагас эрх чөлөөтэй ч гол нь амьд гарлаа. Омарын царай хэвийн байдалдаа орж хэд хэдэн хүн рүү утасдав. Бид өлсч буйгаа гэнэт мэдэрч цайны газрыг зүглэлээ. “Чамд хонох газар олох хэрэгтэй. Манайд хонож болохгүй. Би гэр бүлээ бодох хэрэгтэй” хэмээн хэлэхэд Омарын царайнаас дахин айдас мэдрэгдэв.”