"Шинэ монголчууд" гадны сэтгүүлчийн нүдээр (Хоёрдугаар хэсэг)
Уншигч та бүхэндээ Оросын “Комсомальская правда” сонины тусгай сурвалжлагч Дарья Асламовагийн Монголчуудын талаар бичсэн нийтлэлийг цувралаар хүргэж байна.
“Эх орны хишиг”
Түүхий эдийн капитал хуримтлуулах үеийн ардчилал нь улс төрийн хийрхэл, авилгал, хулгай, чалчаа үгс, сүржин тунхагууд, популизмтайгаа хамт Монголд орж иржээ. Эрт дээр үеэс дураараа суурьшиж дассан, социализмд 70 жил хүлэгдсэн нүүдэлчид эрх чөлөөнд мансуурч эхлэв.
- Та биднийг ардчиллын илүүдэлтэй гэж ярьж байна. Гэхдээ эрх чөлөө бидний цусанд байдаг гэж нэртэй телевизийн хөтлөгч, сэтгүүлч, эдийн засагч Д.Жаргалсайхан ярилаа. - Нүүдэлчид гэдэг зөвхөн өөрөө өөрөөсөө хараат байдаг хүмүүс. Бие биенээсээ хол амьдардаг. Тиймээс тэдний гаргаж буй шийдвэр нэг бол хамгийн зөв, эсвэл хамгийн буруу байдаг хэмээн хэллээ.
2000-аад оны дунд үед Монголчууд хувь заяагаа дараах байдлаар шийдэв. Монголын хамгийн баян ордуудад хөрөнгө оруулах тэнэг гадаадынхныг авчрах хэрэгтэй. Тэд Монголчуудын үзэн яддаг, аяга будааны төлөө өдөр шөнөгүй ажиллахад бэлэн Хятадуудыг хөлсөлж, нүүдэлчдэд мөнхийн татвар төлж байх болно. Ингээд гадныхныг оруулж ирэх нь тэр. Гэтэл үнэндээ нөгөө л Хятадууд чемодан чемоданаар нь эрхтэн дархтнуудад мөнгө өгч ордуудын лизенцийг худалдаж авав.
Орон даяар 21 мянгын төлөө урт гэгчийн дараалалд зогсох боллоо.
Ийнхүү “романтик” үедээ амьдарч байсан улс орныг хэрчим хэрчмээр нь зарж орхив. 2000-аад оны эцэст бүх улс төрийн намууд “Эх орны хишиг” нэртэйгээр хөрөнгө оруулагчдын мөнгийг сонгогчдод тараахаа амлав. Энэ бол цэвэр луйвар, сонгуулийн өмнөх синдром байлаа. Монголчууд Таван-толгойгоос Хятадад нүүрс нийлүүлэхээр болж 350 сая долларыг урьдчилгаа болгон авав. Авсан мөнгөнөөсөө дараах байдлаар тараав. Гурван жилийн турш иргэн болгонд сар бүр 21 мянган төгрөг (500 рубль) олгохоор боллоо. Тэгэхээр таван ам бүлтэй өрх хагас өлсгөлөнгийн байдалтай амьдрах боломжтой гэсэн үг.
- Энэ бол цэвэр улс төрийн зорилготой байсан бөгөөд мөнгө цаас болж хувирна хэмээн сануулсан эдийн засагчдын үгийг огт сонсоогүй гэж Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн декан Ц.Даваадорж ярилаа. 500 тэрбум төгрөгийг тараасны үр дүнд инфляци 17 хувьд хүрч, махны үнэ тэнгэрт хадав.
- Нийгмийн эмзэг бүлэгт хувиарлах ёстой байсан мөнгийг бүх хүнд, тэр байтугай саятнуудад хүртэл тараасан хэмээн улс төрч Д.Цогтбаатар ярилаа. - Социализмын үед ч ингэж үрэн таран загнаж байгаагүй.
Хятадаас авсан мөнгө зүгээр л салхинд хийсч улс оронд Хятад руу нүүрсээ гаргах ч мөнгө үлдсэнгүй. Тонн нүүрс олборлох өртөг нь 61 доллар ч нарийлах дуртай Хятадууд зөвхөн 50 доллар төлнө гэж гэдийв. Багц багцаараа мөнгө харагдаж байсан Таван-Толгойн орд газар дампуурлын ирмэгт тулж алдагдал хүлээхээс өөр аргагүй болов.
Чонын ёсны капитализм
Гэвч Монголчуудад өөр нэгэн санаа төрөв. Энэ нь 1,5 тэрбум долларын өртөгтэй Чингис бонд хэмээх үнэт цаасыг дэлхийн санхүүгийн зах зээлд гаргах. Төсвийн цоорхойг бөглөхийн тулд таван тэрбум хүртэл өсгөх ёстой байв. Гадаадын банкууд агшин зуур худалдаж авав.
Хэт үндсэрхэг үзэл Монголчуудыг асуудлыг бодитоор харахад саад болдог
- Би Чингис бондоос айж байна. Хүүг нь төлөх цаг болоход бондыг санаачилсан эрхтэн дархтнууд гадаадад гарчихсан, хувийн харшдаа амьдарч байх болно. Бидэнд олдохгүй. Харин улс орон үлдсэн нөөцөөрөө төлөхөд хүрнэ гэж Д.Жаргалсайхан хэллээ.
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр капитализмд хүн хүндээ чоно гэсэн зарчим үйлчилдэг хуультай гэсэн мянгуужингийн үлгэрийг байнга сурталчилна. Тиймээс ойр дотны хүн нь асуудалд ороход “энэ миний асуудал биш” гэж үздэг хүн олон болсон.
- Монголд хүн болгон хувиа бодож, довоо шарлуулдаг. Оросууд та нар зүгээр л баяжиж байхад бид энд хөгжиж байна. Танай оронд дээрэмчид төрийн эрхэнд гарсан. Харин манайд хууль цааз үйлчилдэг гэж Жаргал хэмээх рестораны эзэн хэлэв.
- Та бүхний хөгжил чухам юундаа байна вэ гэж асуухад
- Интернет ашиглалтаар бид дэлхийд гуравт ордог. Бүгд гар утастай. Оростой харьцуулахад хүн амд ноогдох саятны тоогоор илүү. Төр бол хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг бид цаг алдалгүй ойлгосон. Баян хүн болгон ядуучуудыг тэтгэх ёсгүй биз дээ? Зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй гэж хариулав.
Илүүдсэн ардчилал
Төр гэдэг бол хүмүүст хэвийн амьдрахад саад болдог тогтолцоо гэж Д.Жаргалсайхан ярилаа. – Төр зөвхөн өөрийнхөө төлөө оршин тогтнодог. Гэхдээ төр бат бөх бөгөөд ямар ч үнэт зүйлсийг бүтээдэггүй, зүгээр л хувиарладаг. Төрийн бүх ажлыг хувийн компаниудад хариуцуулж болно. Тэр байтугай шоронгуудыг.
Хүн амын гуравны нэг нь идэх хоолгүй, амьдрах оронгүй болсон үе Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй
-Тэгвэл АНУ-д зарим шоронг хувийн компанид өгсний дараа юу болсныг санаж байна уу гэж би асуулаа.
– Хувьчлагдсан шоронгийн дарга нар ялтнуудыг илүү удаан хугацаагаар хорихын тулд прокуроруудад хахууль өгөх болсон. Учир нь хоригдол болгоны төлөө төр мөнгө өгдөг байсан.
- Гэхдээ бүгдээрээ биш гэж Д.Жаргалсайхан хариулав. – Зүгээр л ардчиллын илүүдэл. Ерөнхийдөө хувийн шорон байгуулах, захиргааны ямар ч ажлыг хувьд шилжүүлэх санаа тун муугүй. Хүмүүст аль болох авсаархан төрийн бүтэц хэрэгтэй. Учир нь одоогийнхоор төр авилгалд идэгдсэн, хүнд сурталтнууд бидний мөнгийг өөрийн мөнгө шиг зарцуулж байна.
- Таны санаа бол зөвхөн өөртөө найдаж сурсан нүүдэлчин хүний бодол гэж би эсэргүүцэв. - Төрийг өмөөрч хэлэхэд төрийн авилгалаас монополийн засаглал илүү аюултай. Монополь бол илүү харгис, нийгмийн асуудлыг огт авч хэлэлцдэггүй. Тиймээс төрөө устгах тоглоомдоо та бүхэн болгоомжтой байгаарай гэж хэллээ.
- Үгүй. Тийм биш гэж тэр өөрийнхөөрөө зүтгэнэ. – Улс оронд туслахыг хүсвэл төрийн ажлыг хөнгөвчлөх хэрэгтэй гэсэн санааг л би хэлж байна гэв.
- Баячуудын хувьд ингэж ярих ч амархан л даа гэж нэрт дуурийн дуучин Хайдав ярьж байна. – Өөрөөр хэлбэл эх орноо худалдаж буй хүмүүсийн хувьд. 10 жилийн дотор саятан болно гэсэн үлгэрт хэн итгэх юм бэ? Бид доллар, юаны ноёрхол дор амьдарч байна. Ядуу монголчууд мах идэх боломжгүй болтлоо дордлоо. Монголын тал нутагт 40 сая мал бэлчиж байгаа ч олон хүн мах авах мөнгөгүй байна. Нэг хонь нэг долларын үнэтэй байсан үеийг би санаж байна. Харин одоо баярын үед хонины ууц 500 долларт хүрч байна.
- Хүн амын гуравны нэг нь идэх хоолгүй, амьдрах оронгүй болсон үе Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй гэж УИХ-ын гишүүн Н.Батцэрэг харуусан ярьж байна. – Өмнө нь монголчууд ядуу хэдий ч цатгалан байсан юм. Харин одоо хүн амын 30 хувь ядуурлын түвшинд хүрлээ. 18 хувь нь ямар ч орлогогүй. Мах бол бидний амьдрал.
Үргэлжлэл бий ...