"Шинэ монголчууд" гадны сэтгүүлчийн нүдээр (Нэгдүгээр хэсэг)
Байгалиасаа омголон зантай нүүдэлчид эрх чөлөөнд мансуурав. Тэд зөвхөн эрх ярихаас биш үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй.
2014.04.16

"Шинэ монголчууд" гадны сэтгүүлчийн нүдээр (Нэгдүгээр хэсэг)

Уншигч та бүхэндээ Оросын “Комсомальская правда” сонины тусгай сурвалжлагчийн Монголчуудын талаар бичсэн нийтлэлийг цувралаар хүргэж байна.

“Комсомальская правда” сонины тусгай сурвалжлагч Монголд ажилласны үр дүнд нэгэн сонин зүйлийг олж мэджээ. Зөвлөлтийнхөн энэ улсыг Хятадын колончлол, элдвийн өвчин эмгэг, бичиг үсэггүй харанхуй бүдүүлгээр аварсан. Гэтэл шинэ үеийн Монгол лидерүүд тэрхүү ачийг “Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэл” гэсэн утгаар бусдадаа ойлгуулахыг хичээх нь хачирхалтай.

Эрдэнэсийн тухай үлгэр

“Монголын од Хятадын дээр мандах болно. Бид Алтан Ордны улсыг байгуулж дэлхийн талыг эзэлж, Оросыг эзэлж байсан түүхтэй ард түмэн. Монголчууд юу чаддагаа харуулах цаг ирнэ” хэмээн надтай ярилцаж суусан үндсэрхэг үзэлтэн Очирбатын нүд нь гялалзана. (Хэдэн лонх пиво уусандаа ч халуурсан байж магадгүй).

Очирбат бол (түүний хүсэлтээр нэрийг нь өөрчлөв) жүжигчний гэр бүлд өссөн шаггүй эр. Боловсролын хувьд Монголын улс төр, цэргийн зүтгэлтнүүдийн адилаар ЗХУ-д сургууль төгсчээ. Бараг Москвад олж сонсохооргүй цэвэр, цэгцтэй орос хэлээр ярих аж. Очирбат боловсролтой, Хятадуудтай ойртсон охидуудыг гэсгээж, хашаан дээр “хятадыг алж болно, хүмүүсийг алж болохгүй” гэж бичдэг ухаангүй залуустай адилгүй. Гэвч түүний надад ярьсан зүйлээс харахад айдас төрмөөр.

“ - Фашизм гэдэг галт уул, газар хөдлөлт, үер усны адил байгалийн зүй ёсны үзэгдэл. Фашизм хүн амын илүүдлийг арилгаж, хэрэггүй хүмүүсээс хагацаадаг. Ёс суртахууны хуурмаг номлолд хуурталгүй фашизмыг бодитой байр сууринаас харах хэрэгтэй.”

Өмнө нь Монголын нийслэл Улаанбаатарт Зөвлөлт Монголын нөхөрлөлийн билэг тэмдэг алхам тутамд байлаа. Гэрэл зургийг GLOBAL LOOK PRESS

“Та чинь галзуурав уу” гэж намайг асуухад “Ёс суртахууныг түр хойш тавьж логиктой яръя” гэж тэр хариуллаа. Гайхсандаа би “Монголын ямар од Хятадын дээр мандана гэж? Хулгана заан хоёрыг харьцуулж болохгүйн адил 2,7-хон сая хүн амтай, дэд бүтэцгүй, хүн суурьшаагүй ийм том газар нутагтай Монголыг тэрбум гаран хүн амтай Хятадтай харьцуулж болно гэж үү” хэмээн асуув.

Хариуд нь хоёр их наяд долларын үнэтэй хүний гар хүрээгүй Монголын хөрсөн доорх эрдэнэсийн тухай үлгэр сонсов. 1,4 сая тонн ураны нөөцтэй, Оюу-Толгойн алт зэсний том ордтой, зургаан сая тонн нүүрсний нөөцтэй Таван-Толгойн ордтой, түүнчлэн мөнгө, газрын тос, төмрийн хүдрийн ордтой гэж Очирбат сайрхав. Хамгийн гайхалтай нь Монголчуудын сэтгэлийг дэвтээдэг эдгээр эрдэнэс байдаг гэдэг нь үнэн юм. Мөрөөдөмтгий, цөстэй, ургуулан бодох дуртай нүүдэлчдийн нэгэн адил “шинэ монголчууд” өөрсдийгөө ирээдүйн дэлхийн эзэн гэж төсөөлж байна.

“Шинэ монголчууд”

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан “Монголын эдийн засгийн гайхамшиг”-ийн тухай сонсоод сониуч зандаа хөтлөгдөн Улаанбаатарт ирсэн юм. Төрийн Думын гишүүн, эдийн засагч Валерий Зубов ДНБ-ийг 30 хувийн өсөлтөд хүргэсэн Монголын эдийн засгийн огцом өсөлт Оросын Өмнөд Сибирийн бүсэд аюул учруулж болох тухай мэдэгдсэн билээ. Түүнчлэн Зубов Монгол улсын Засгийн Газар нүүрс, зэсийн ордоос олсон хишгээ ард түмэндээ харамгүй хүртээж шинэ үеийн Кувейт болсон тухай ярьж байлаа. Энэхүү мэдэгдлээс өмнө Оросын урдаа барьдаг эдийн засагчид жинхэнэ ардчиллыг тогтоож чадсан “шинэ Азийн бар” гарч ирсэн тухай  ярьж байлаа.

Монголд ирэхээсээ өмнө би Улаанбаатарыг Дубайтай адилхан гэж бодож байлаа. Гэхдээ уг хот намайг эсрэгээр шоконд оруулав. Монголын нийслэл бол гоо сайхан, тав тух, учир зүйн ямар ч бодлогогүй баригдсан, эмх замбараагүй хот. Хамгийн танагтай гудамж нь Зөвлөлтийн үед бий болсон, эдүгээ цөөн тооны гялалзсан шинэ зочид буудал, бизнес төвүүд баригдсан Энх тайвны өргөн чөлөө. ЗАРЧМЫН ХУВЬД Улаанбаатарт зам гэж байхгүй. Ер нь нүүдэлчдэд зам хэрэгтэй гэж үү? Тэдэнд зөвхөн явах зүг хэрэгтэй.

2,7 сая хүн ам 40 сая толгой мал ногдоно. Гэтэл олонхи нь мах авах мөнгөгүй байдаг. Гэрэл зургийг Дарья АСЛАМОВА

Нүх сүв, хонхор гүдгэр дүүрэн замаар мянга мянган гялалзсан жипүүд хурдална. Жолооч нар нь нэг нэгнээ шахахыг оролдож, эцэс төгсгөлгүй сигналдаж хараалын үг урсгана. Явган зорчигчид машины дугуйн доороос гарч ирэх шувуу адил замын дундуур амь өрсөн гүйлдэнэ. Замын хөдөлгөөний дүрэм БАЙХГҮЙ  гэж хэлэхэд болно. Монголчуудын хувьд машин гэдэг хаашаа явахаа өөрөө шийддэг төмөр морь. Тиймээс таван минут тутамд осол гардаг. Мөргөлдсөн машины эзэд зам дээр гүйн гарч ирээд бие биеэ дарамталж эхэлнэ. Үнэтэй хувцсаар гангарсан монгол охин машиныг нь мөргөсөн Ланд Крузерыг ямар ууртай өшигчиж байсныг өөрийн нүдээр харав. (Монголчуудтай харьцуулахад Москвагийн жолоочид бол тэнгэрийн элч гэсэн үг).

Дарья АСЛАМОВА

Хот даяараа олон цагийн турш түгжирч зогсоно. Улаанбаатар аймшигтай экологийн сүйрэлд автаж, оршин суугчид утаан дунд хүчилтөрөгчийн дутагдлаас болж хахаж цацна. Үүний гол буруутан нь өрх болгон дурын газраа гэр барьж (зарим нь зам дээр), хашаа хатгахыг зөвшөөрсөн орон нутгийн хууль тогтоомж. Хууль бусаар газар эзэмших, ямар ч хяналтгүй байшин барих явдал газар авсан. 700 мянган хүнд зориулж бүтээсэн хуучин Зөвлөлтийн дэд бүтэц 1,5 сая хүний амьдралыг авч явахаасаа өнгөрсөн.

Оршин суугчдын гуравны нэг нь усгүй, цахилгаангүй, сувагжилтгүй захын хорооллын аймшигтай нөхцөлд амьдардаг. Монголын хахир өвлөөр ядуучууд хямдхан нүүрс, хог, заримдаа дугуйн покрышжа зэрэг юу таарснаа түлж дулаацдаг. Үүнээс болж хотын агаарт байнгын утаан хөшиг тогтож онгоц газардахад хүртэл хүндрэлтэй болдог. Улаанбаатар хот салхи өнгөрөх боломжгүй бүх талаараа уулсаар хүрээлэгдсэн хонхорт байрладаг. Эрх дураар шилжин нүүхийг хориглож болохгүй. Яагаад гэвэл энэ нь ардчиллын зарчимд тохирохгүй, сонгогчид галзуурах байлгүй.

“Шинэ монголчууд” гэдэг соёлгүй, бүдүүлэг, дутуу хүмүүжсэн, замдаа таарсан болгоныг тасчин хаяхад бэлхэн хурц хумстай хүмүүс юм.

“Шинэ монголчууд” гэдэг соёлгүй, бүдүүлэг, дутуу хүмүүжсэн, замдаа таарсан болгоныг тасчин хаяхад бэлхэн хурц хумстай хүмүүс юм. Тэд 90-иэд оны эхэн үеийн оросуудыг санагдуулдаг. Гадаадынхан гомдол мэдүүлвэл “Чи миний нутагт байгаа шүү” гэж хариулна. Хүмүүс хаа ч явсан хоорондоо түлхэлцэнэ, нулималцана, заримдаа шууд гудамжинд шээж орхино. Зөвлөлтийн үеийн монголчууд шинэ монголчуудаа “гээгдсэн үе” гэж нэрлэдэг. Социализмын дараах үед хүүхэд насаа өнгөрөөсөн монголчуудад боловсрол, хүмүүжлийн аль нь ч байхгүй. Зөвлөлтийн үеийн эмч, багш нар Монголыг хэдийнэ орхин гарсан.

Монголчуудыг дэлхийн соёлтой танилцуулсан орос хэл сургуулийн хөтөлбөрөөс бараг хасагдсан. 90-иэд онд 10 орчим жил Монголчууд зөвхөн өөрийнхөөрөө амьдарч байв. Задралд орсон Зөвлөлтийн дараах Орос хөршөө сонирхох сөхөөгүй байлаа. Хятад зөвхөн дотоодын өсөлтдөө анхаарч байв. Нэг үгээр хэлбэл Монголыг хэн ч тоохоо больсон үе байв. Харин ТББ-ын хэлбэрээр зэлүүд газарт “ардчиллыг таригч” барууныхан авьяаслаг оюутнуудын сургалтын төлбөрийг дааж, сэтгүүлчдийг бөөн бөөнөөр “дахин сургалтанд” хамруулж байв. “Дахин боловсорсон” сэтгүүлчид эргэж ирээд Хятад бол заналт дайсан, харин Оросууд эзлэн түрэмгийлэгч гэж энгийн монголчуудад ойлгуулах хэрэгтэй байв. Тэгэхээр монголчуудад Баруун гэсэн «гуравдагч хөрш» хэрэгтэй гэсэн үг. 2000-аад оны эхэнд Монголчууд мэдээллээр жинхэнэ бялуурч эхлэв. Эдүгээ 2,7 сая хүн ам өөр өөрийн бизнесийн ашиг сонирхлыг сурталчилдаг 400 гаруй «хараат бус» хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Хиллари Клинтон Монголыг «ардчиллын оч» гэж нэрлэхэд Монголчуудын баярласан гэдэг жигтэйхэн.

Үргэлжлэл бий ...

Нийтлэлийн дор уншигчдын үлдээсэн сэтгэгдлээс

Гость: Зарим асуудлыг үнэн зөв ажигласан ч зохиогч Монголд өрнөж буй өөрчлөлтийн мөн чанарыг огт ойлгоогүй нь харагдлаа. Оросын нөлөө тэгтлээ суларсан гэдэгт гайхах зүйлгүй.

Гость: Монголын элитүүдийг, ерөнхий сайдуудыг мөрдөж мөшгөж, буудаж хороож байсныг өнөөгийн оросууд даан ч мэддэггүй. Москвагийн гар хөл байсан Цэдэнбалыг хүртэл Москвад авчраад нухчихсан. Түүхийг өөрчилж болдог нь харамсалтай. 13 дугаар зууны монголчууд баавгай, эмгэн шулам, лус савдагуудтайгаа ойд амьдарч байсан оросуудыг ертөнцөд таниулж, тарж бутарсан князын вант улсуудыг нь нэгтгэж өгснийг мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна.

Saareemaa: Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийг дэмжсэн цорын ганц орон бол Монгол.

Гость №8890: Гүрэн гэж нэрлэгдэж дассан учраас оросууд бүх оронд тус болсон гэж өөрсдийгөө боддог. Үнэндээ бүх зүйл эсрэгээрээ. Дорнод Европ, Ази, хүчээр нэгтгэсэн бүгд найрамдах улсууд Оросоо залхаж гүйцсэн. Оросууд нүдээ нээх цаг болоогүй гэж үү?

Монголы в ближайшем будущем:  Монгол гэдэг улс ирээдүйд байх болов уу даа. Эрх баригчид одоохондоо үүнийг анзаарахгүй байна. Хятад гэсэн улс үлдэх байх.