"Шинэ монголчууд" гадны сэтгүүлчийн нүдээр (Төгсгөлийн хэсэг)
Монголчууд
2014.04.20

"Шинэ монголчууд" гадны сэтгүүлчийн нүдээр (Төгсгөлийн хэсэг)

Уншигч та бүхэндээ Оросын “Комсомальская правда” сонины тусгай сурвалжлагч Дарья Асламовагийн Монголчуудын талаар бичсэн нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Өөдгүй зангийн тухай

Оросын талаар бидний дунд маш сөрөг хандлага тархсан хэмээн үндсэрхэг үзэлтэн Очирбат ярив. – Бид хоёр талаасаа Орос, Хятадаар шахагдсан, Оросуудтай бараг хүйтэн дайны байдалтай байдаг. Байгалийн цэргийн тойрог нэртэй эзлэн түрэмгийлэгчид манай нутагт байсныг бид хэзээ ч мартахгүй.

-Эзлэн түрэмгийлэгчид гэнэ ээ хэмээн би хэлэх үгээ олохгүй амьсгаа давхцан асуулаа. – Хэрэв оросууд байхгүй байсан бол та нар хэдийнэ мөхчих байсан. Хэн Монголчуудыг Хятадын савраас аварлаа? Хэн Халхын голд япончуудтай байлдсан бэ? Ямар орон Хоёрдугаар дайны төгсгөл хүртэл Монголыг улс хэмээн хүлээн зөвшөөрч зогслоо? Хэн танай 60 мянган оюутныг хүмүүжүүлж, үнэгүй сургалаа? ЗХУ биз дээ?

"Цагаан хас" хөдөлгөөн

- Хятадуудын учрыг бид өөрсдөө олох байсан юм гэж Очирбат хэнэг ч үгүй хариулав. Хэрэв бид 5000 винтовтой байсан бол Цагаан хэрэм хүртэл явах байсан юм. Япончуудын хувьд ... Зөвлөлтийнхөн Монгол, Японы харилцааг баллачихсан.

- Балласан гэнээ? Би уураа арай ядан барьж байлаа. – Тэгвэл би чамд Японы империалистууд Нанкинд Хятадын олзны цэргүүдийн элгийг хэрхэн идэж байсныг сануулъя. Та нартай ч гэсэн тэгж харьцаж болох байсныг ойлгохгүй байна уу? Монголчуудтай мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлтийн цэргүүдийг сана. Танай үндэстнийг мөхлөөс аврахын амиа хайрлалгүй зүтгэж явсан Зөвлөлтийн эмч нарыг сана. Монголын хүн амын гуравны нэг нь тэмбүү, тал нь сүрьеэгээр өвчилсөн байсныг бод. Тэр байтугай тахал хүртэл тархсан. Монголчууд та нарыг нөгөө ертөнцөөс авчирсан биз дээ? Тэгэхэд та ингэж ч талархах гэж дээ. Явж явж Оросууд эзлэн түрэмгийлэгчид болж таарах шив.

- Тийм ээ. Та нар бидэнд тусалсан нь үнэн. Тэгээд яахав дээ. Улс төрд “талархал” гэсэн ойлголт байдаггүй юм. “Чи надад, би чамд” гэсэн зарчим л үйлчилдэг. Одоо бид олон оронтой харилцдаг боллоо. Монголчууд Орост дургүй. Яагаад гэвэл Оросууд газрын тосны үнээ нэмж барааны үнийг өсгөдөг.

- Газрын тосны үнэ дэлхийн зах зээлээс хамаардаг юм гэж би хэллээ. – Бид ахиад бүхнийг үнэгүй өгөх хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу? Дараа нь та нарт нүүр лүүгээ нулимуулахын тулд?

- Бид тэгш байдлыг л хүсч байна.

- Өө тийм үү? Хятад, АНУ-тай харьцдаг болсноороо Монгол том гүрний зиндаанд орчихсон гэж сонсоогүй л юм байна. Тэд та нарыг зүгээр л зажлахгүй залгина.

- Одоогоор бидний хувьд Оростой нийтлэг сонирхол огт алга. Хэрэв Орос Монголоор дайруулаад Хятад руу дамжуулагч хоолой тавьчихвал шинэ Монголчууд болон Оросын харилцаа сайжрах байх гэж тэр хэлэв.

- Та нар тэгээд оронд нь юу өгөх юм? Цагираган боов уу? Украйн яг та нартай адил шантаажлагч.

Дараа нь би Оросуудыг эзлэн түрэмгийлэгч гэж хэлсэн тухай УИХ-ын дэд дарга Л.Цог гэдэг хүнд ярилаа. Тэрээр хүчтэй санаа алдсанаа “Харамсалтай нь Монголд түүхийг гуйвуулах аюултай хандлага бий болсон. Зөв үзэл санаа, түүхийн үнэнд түшиглэж залуучуудыг хөгжүүлэх хэрэгтэй. Хэрэв Оросууд байгаагүй бол бид Хятадын колони болох байлаа” гэв.

Жинхэнэ нүүдэлчдийн тухай

-Зүгээр л дуугүй инээмсэглэх хэрэгтэй. Эхлээд би ярина. Өвөлжилт ямар байсныг, дараа нь чоно нохой хот эргэж байгаа эсэхийг асууна. Нүүдэлчид их ёсорхуу хүмүүс. Дараа нь монгол цай өгнө. Гадныхны хувьд хэцүү ч дуустал уух хэрэгтэй. Эхлээд Гүржийн ногоон цайг сүүтэй холин чанаж, дараа нь өөхний хэлтэрхий, давс юм уу эсвэл өчигдрийн чанасан махны үлдэгдэл холино.

- Тэгвэл бид нүүдэлчдийг яаж олох вэ гэж Оросын Элчин Сайдын яамны хэвлэлийн атташе Анягаас асуулаа.

- Амархан. Ачааны машин засмал замаас салаалсан бүдэг замаар салвал араас нь дагах хэрэгтэй.

Хэдэн минутын дараа бид үл мэдэг зөрөг зам олов. Удалгүй алсад гурван гэр харагдлаа. Гэрээс хэдэн хүүхэд цухалзахад араас нь үндэсний хувцастай гэрийн эзэн гарч ирлээ. Аня салхи сөрөн зогсч гүнзгий гэгч нь амьсгалаад “Хөдөө гэдэг бол Монголын гацаа тосгон. Хөдөөний монголчууд бол жинхэнэ монголчууд” гэж хэлэв.

Чухамдаа хөдөөд нүүдэлчдийн 70 хувь одоо болтол Оросуудыг өөрсдийн сайн найз гэж боддог.

Гэрт орсны дараа биднийг хүндтэй суудалж залж, гэрийн эзэгтэй өтгөн тараг аягалж, хонины бяслаг, шинэ талх зүсч тавилаа. Гэрийн эзэн нэгэн жижиг уутнаас үнэт чулуун тамхины сав гаргаж ирэв. Зочин хүн гэрийн эзний тамхийг заавал үнэрлэх ёстой бөгөөд найтааж болохгүй. Зөвхөн үүний дараа өөр зүйлийн тухай ярьж болно. Гэрийн эзэн удахгүй болох морин уралдааны тухай, дөрвөн настай хүү нь мориноос ойчиж, гараа гэмтээсэн тухай, мөн эдүгээ ховорхон харагддаг болсон Оросуудын тухай, аав, ээж нь мэргэжил дээшлүүлэхээр Москва явж байсан тухай, ах нар нь Ленинград, Курганд үнэгүй сурсан тухай ярилаа. Сайхан ч цаг байж, сайхан ч хүмүүс байж. Ялангуяа орон нутгийн эмнэлэгт ажиллаж байсан орос эмч нар. Чухамдаа хөдөөд нүүдэлчдийн 70 хувь одоо болтол Оросуудыг өөрсдийн сайн найз гэж боддог.

Хөдөөгийн малчны гэрээс Монголчууд боловсрол олохын тулд Зөвлөлт рүү явж байсан. Тэдний нэг нь тэр үеийн хөдөөгийн хөвгүүн, эдүгээ Улаанбаатарт амьдарч буй дуурийн урлагийн домог, агуу Лемешевагийн шавь, 87 настай ноён Хайдав юм. 

“Зөвлөлт засаг бидэнд эсгий гэрээс том амьдралд гарах боломж өгсөн”

гэж Хайдав гуай дурслаа. – Жинхэнэ Монголчууд Оросуудад дургүй биш. Хятадууд биднийг мянга мянган жил шулж байна. Харин Оросууд бол Монголыг Хятадаас, 1939 онд Японоос аварсан. Үүнийг эсэргүүцэж буй хүн бол Монгол биш, харин урвагч. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголчууд сүүлчийн хэрчим махаа Зөвлөлтийнхөнд өгч, тэр байтугай аман дахь алтан шүдээ өгч байсныг мартах ёсгүй. Миний ээж Сибирийн ангийн цэргүүдэд зориулж хүрэм оёж байсныг би санаж байна. Энэ мэтээр Монголчууд гэр бүлийн үнэт зүйлс, хурдан адуу, эсгий гутал, малгай, дулаан хүрэм явуулж байсан. Бүхнээ фронтод илгээсэн. Харин одоо зарим өөдгүй амьтад Оросын талаар ингэж ярихад уур хүрдэг гэж хэллээ.

Хайдав гуай нүдээ хагас аниад хуучны сайхан хоолойгоор “Миний хаврын алтан өдрүүд хаашаа одов” хэмээн Ленскийн дууг уянгалуулан дуулна.