Нам дагавал ам тосдоно (Намын амьдрал-Монголчуудын амьдрал)
Хүмүүст намаас илүү маргааш идэх талх чухал
2014.05.22

Нам дагавал ам тосдоно (Намын амьдрал-Монголчуудын амьдрал)

Монгол улс намын харъяаллаас хамаарсан нийгмийн амьдралын хэв маягаасаа салаагүй гэвэл гайхах хүмүүс цөөнгүй. Харамсалтай нь энэ бол үнэн. Өмнөх нийгмийн тогтолцооноос зөвхөн тооны хувьд ялгаатай.

Багийн засаг даргаас эхлээд Их Хурал хүртэлх төрийн албаны ажлыг доороос нь дээш энгийн нүдээр харахад сонирхолтой боловч эмгэнэлтэй дүр зураг тодорно. Ард түмний амьдрал ямар нам сонгуульд ялахаас бүрэн хамаардаг. Дөрвөн жил болоод өөр улс төрийн хүчин гарч ирээд өмнө ажиллаж байсан хүмүүсийг ажлын туршлага, ур чадвараар нь бус “манайх”, “хүнийх” гэсэн цонхоор харж “дайсны” талын хүн бол ажлаас нь халаад өөрийн намын хүнийг томилдог. Хамгийн жижигхэн хурган даргыг хүртэл намын харъяаллаар томилдог. Өнөөг хүртэл хэрүүлийн алим болоод буй хэдэн аймгийн асуудал бол “Намчирхал” хэмээх хөнөөлт мөсөн уулын зөвхөн оройн хэсэг. Цаана нь хичнээн төрийн албан хаагч намын харъяаллаар ялгаварлан гадуурхах үзэгдлийн золиос болж буйг бид мэдэхгүй. Өөр үгээр хэлбэл Монголын нийгэм тэр аяараа намаар амьсгалдаг гэсэн үг. Сонгуулийн үеэр эхнэр, нөхөр хоёр намаас болж хэрэлддэг тухай шог яриа ч бий. Энэ нь намын харъяаллаас хамаарсан улс төрийн тогтолцоо биш гэж үү? Нөхцөл байдал ийм байхад уншигч та “Монголд ардчилал цэцэглэж байна” гэсэн үлгэрт итгэх хэрэггүй болов уу?

Нийслэлийн захын хороолол

Өнөөдөр бараг хүн бүхнийг намчирхал гэдэг зүйл хаа явсан газар нь мөрдөж, мөшгөдөг. Залуу хүн оюутны ширээнээс босоод цааш алхахад аль нэг хүчирхэг намд долигонохгүй л бол явахгүй. Гэхдээ долигонож чаддаг нь голдуу хоосон толгойтнууд. Намын болоод танилын холбоогоор албан тушаалд томилогдсон тэд ямар ч ухамсар, мэдлэггүйн гайгаар сохор шийдвэрүүд гаргаж мянга мянган хүмүүсийн хувь заяагаар тоглодог. Ийм хүмүүс төрийн албаны бүх шатанд дүүрчихсэн. Тэдний гараас шударга хууль гарна гэдэг энгийн логикоор бодоход маш эргэлзээтэй. Энэ нийгэмд хувь хүн өөрийн итгэл үнэмшлээр шударга хөдөлмөрлөөд амжилтанд хүрэхэд бөгчим, үмхий агаараар амьсгалах мэт хүнд дарамтыг орчин тойрон тэр хүнд үзүүлдэг. Тиймээс би нэгэн ардын зүйр цэцэн үгийг ялимгүй өөрчилж “Нам дагавал ам тосдоно, түүнийг сөрвөл толгой цусдана” хэмээн орчин үежүүлэх саналтай байна.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын жижигхэн өрөөнөөс Их Хурлын чуулганы танхим хүртэлх бүх албан тушаалтан дайсагнагч хоёр талд хуваагдаж бие бие рүүгээ үргэлжийн дайралт хийнэ. Үнэндээ тэдэнд ард түмний эрх ашиг гэдэг зүйл падлий ч байхгүй. Тэд өөр өөрийн материаллаг сонирхолтой. Утга учиргүй улс төрийн тэмцлийн шуурганд нийгэм, эдийн засаг тэр аяараа элгээрээ хэвтэв. Гадны хэдхэн хөрөнгө оруулагчид хэтэвчээ халааслаад гараад явахад эрх баригчид гаргасан шийдвэрийнхээ үр нөлөөг үүрэх чадваргүй, хичнээн арчаагүй нь харагдсан. Энэ бол зөвхөн МАНАН биш, энэ бол ТҮНЭР ХАРАНХУЙ.

Намчирхал гэдэг бол нийгмийн сэтгэцийн өвчин, солиорол.

Албан газар, офисуудаар ороод хүний ёсоор ажил хэрэг бүтээх боломжгүй. Хаа явсан газар намын харъяалал хэмээх хар гар чангаана. Олон нийтийн харах нүд, сонсох чих болох ёстой хэвлэл, мэдээлэл нь нэг нэг намын саварт атгаастай. Буруу зөрүү яривал хүчилтөрөгчийг нь салгана. Тэгэхээр хэвлэл мэдээлэл “эрх чөлөөтэй” амьсгалах тухай яриад ч хэрэггүй.

Түүнээс гадна ард түмний мэдлэггүй байдал, бүтээлч оюун сэтгэлгээний орон зай эзгүйдсэн нөхцөлд хүмүүсийн тархийг угаах таатай хөрс бүрддэг. Монголын сонгууль нь улс төрийн үйл явц гэхээсээ инээд хүрч, ичиж үхмээр популист амлалтуудын уралдаан. Өөрөөр хэлбэл хүмүүсийн эрүүл саруул ухааныг “та нарыг ингэж хуурахад болно” гэж басамжилсан хэрэг. Ер нь хүнээ хөгжүүлж чадахгүй улс хөгжинэ гэдэг бол гонжийн жоо. Оюуны үнэт зүйлсийн тогтолцоо гэж бараг ийм нөхцөлд намчирхал гэдэг бол манай нийгмийн сэтгэцийн өвчин, солиорол юм.

Г.Даваадорж