Украйнаас ярьж байна: Бидэнд ямар ч ялагч хэрэггүй
Эмгэнэлт үйл явдал болсон газар
2014.06.01

Украйнаас ярьж байна: Бидэнд ямар ч ялагч хэрэггүй

Тавдугаар сарын 2-нд Украйны Одесс хотын Үйлдвэрчний эвлэлийн байшинг шатааж 40 гаруй хүн амь эрсэдсэн эмгэнэлт явдал болсон билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз янзаар тайлбарладаг учраас энгийн уншигч үнэн мөнийг олоход хэцүү. Уншигч та бүхэндээ үйл явдлын гэрч болсон тус хотын зарим оршин суугчдын ярианаас хүргэе.

Одесс хотын оршин суугч Т.Я:

Одессын сөргөлдөгч талуудад эсрэг гэхээсээ илүүтэй нийтлэг зүйлс олон. Бодол санаа нь адилхан, айдас нь ижилхэн. Зөвхөн нэг нь ямаа гэвэл, нөгөө нь тэмээ гэж зөрүүдлэнэ. Өчигдөрхөн би олон хүн шатаж амь үрэгдсэн үйлдвэрчний эвлэлийн байшингийн дэргэдүүр явав. “Куликовын тал” гудамжнаас ирсэн эмэгтэйчүүд хаанаас, хэний цогцсыг олсон, тавдугаар сарын хоёрны аймшигт үйл явдал хэрхэн өрнөснийг ярьж байна. Тэдний ярьснаар өөр хотуудаас хуучин костюмтай үл таних, сэжигтэй хүмүүс ирсэн аж. Тэд яах гэж ирсэн байж таарах вэ? Нэг хэсэг нь тэднийг Коломойскогоос ирсэн гэж байхад, нөгөө хэсэг нь салан тусгаарлагчид гэж үзэж байна. Гэхдээ хэн хэн нь хуучин костюмтай, хотын хаа саагүй орогносон тэр хүмүүс бүхнийг будлиантуулсан, дахин өөр нэг зүйлийг хүлээж байна гэж үзэж байна. Чухам тэд тавдугаар сарын хоёрны өдөр үйлдвэрчний эвлэлийн байшин дахь хүмүүсийг шатаасан гэлээ.

Одессын иргэд тайван амьдралыг хүсч байна. Хэн, яах гэж энэ аймшигт хэргийг хийснийг мэдмээр байгаа нь гарцаагүй. Гэхдээ одоо үнэнийг олно гэдэг тун хэцүү. Хүн болгонд өөр өөрийн үнэн бий болжээ. Үнэнийг олох эрэл дахин эмгэнэлтэй үр дүнд хүргэж болзошгүй.

Бурхан минь. Бидэнд мэргэн ухаан, нэг нэгнээ хайрлах сэтгэлийг хайрла. Дайсагнал, үзэн ядалтаас биднийг холдуулж өгөөч.
Одесс хотын оршин суугч Л.А:

Би хувьдаа хувьсгалыг дэмждэг. Гэхдээ шинэ эрх баригчид хуучнаасаа дээрдэхгүй гэдгийг хэлье. Нэг хэсэгтээ энд тэндхийн цуглаанд очдог, улс төрийн үйл явдалд идэвхтэй оролцохыг хичээдэг байлаа. Дараа нь уйтгартай санагдаж, зөвхөн хэдэн төгрөг олчих боломжтой арга хэмжээнд очдог болов.

Гэтэл тавдугаар сарын 2-нд болсон үйл явдал намайг орчин тойронд болж буй бүх зүйлийг үзэн ядахад хүргэв.

Эхлээд бага зэрэг тоо хэлье. Анх намайг тоолоход 46 цогцос байсан. Тэднээс найман хүн 20 метрийн өндрөөс цонхноос үсэрч амиа алдсан. 30 хүн шатсан. Үлдсэн найм нь буудуулсан. Гэхдээ сүүлийн үед энэ тоо өссөн эсэхийг мэдэхгүй байна. Өдөр болгон шинэ мэдээлэл ирж, нэгэн шинэ цогцсыг сэхээн амьдруулахаас гаргаж байгаа харагддаг. Тавдугаар сарын 2-нд хоёрдугаар сарын 18-наас хойш тохиолдсон хамгийн цуст үйл явдал болов. Гэхдээ үнэнийг олж тогтооно гэдэг хэцүү. Олонхи нь угаартаж үхсэн гэх боловч цогцосны байрлалыг харахад угаартсан шинж байхгүй. Хачин юм их байна. Бие нь шатсан хэрнээ хувцас нь шатаагүй байх жишээтэй. Ямар ч утаа тортоггүй нүдний шил түлэгдсэн нүүрэн дээр байх юм. Түүнчлэн хүн шатаж байхад хажуу талын банз нь ямар ч сэвгүй. Түймэр хүнээ сонгож шатаана гэж баймааргүй.

Үйлдвэрчний эвлэлийн шатсан байшин дотор

Өнөөдөр подвалаас овоолсон цогцоснууд оллоо. Шатсан бие дээр сум нэвтэрсэн нүхнүүд байв. Ямар чөтгөр нь болоод байгааг би огт ойлгохгүй байна .

Тавдугаар сарын хоёрны тэр өдөр би эхнэр, хүүхдүүдтэйгээ хотын зах руу айлд зочилж шорлог идэхээр явсан юм. Хотоос гараад цаг болсны хойно найзууд утасдаж эхлэх нь тэр. Хэрэв би хотод байсан бол тэр талбай дээр гарцаагүй байх байлаа. Тэр байтугай буу бариад хэн нэгний дагз руу шагайж зогсохоос сийхгүй байсан гэдгээ би хожим нь ойлгосон юм. Манай найзууд ч бүгд тэгж бодсон хэрэг. Тэр байшинд миний олон найзууд амь үрэгдсэн. Зарим нь гурван давхраас үсэрч хөлөө хугалсан. Зарим нь дөрвөн давхраас үсрээд газар дээрээ амьсгал хураасан.

Гуравны өглөө цэргийн эмнэлэг рүү явж байхад янз бүрийн зүйл толгойд эргэлдэж байв. Энэ бүхэн худал байгаасай гэж ч бодож үзлээ. Витяг байшингаас үсэрсэн гэж дуулаад зүгээр л шагайгаа мулталсан байх гэж найдав. Эмнэлэг дээр очоод асуутал сэхээн амьдруулахад байгаа гэж хариуллаа. Тэгэхэд би цурхиран уйлмаар санагдсан ч “би чинь насанд хүрсэн хүн шүү дээ” гэсэн гайтай бодол орж ирэв. Хүүхэд байх минь ч яав даа.

Сэхээн амьдруулахын өмнөх том талбайд үхсэн, шархадсан хүмүүсийн ойр дотныхон пиг дүүрэн. Тэнд хүний бүх зовлон, шаналал бөөгнөрсөн байв. Би нулимсаа барьж дийлсэнгүй.

Витягийн хувьд хоёр гараа түлж, дараа нь гурван давхраас үсрэхдээ хоёр хөлөө хугалсан байв. Зурагтаар би түүний хэрхэн үсэрсэнийг харсан юм.

Азаар хоёр хоногийн дараа Витя сэхээн амьдруулахаас гарав. Хоёрын хоёр хүүхэдтэй байж тэнд үхсэн элэнцгээ хийж явсан юм бэ гэж би түүнийг загнав.

-Юугаа хийж тэр байшин руу орсон юм бэ гэж би асуухад,

-Биднийг алах гэж оролдоно гэж би яаж мэдэхэв дээ гэж хариулав. – Үйлдвэрчний эвлэлийн байшин хамгийн аюулгүй газар шиг санагдсан. Тэнд чинь хүүхэд, хөгшчүүл хүртэл байсан .

- Хэдийд түймэр гарсан бэ? Хэн шатаав? Та нар өөрсдөө болгоомжгүй байснаасаа болж түймэр гаргасан гэж бичиж байна.

- Мэдэхгүй. Шатаж буй байшин дотор байхад хэн шатаасан гэдгийг яаж мэдэх юм бэ? Таван давхрын шат агшин зуур пийшин болж хувирсан.

- Тэгвэл хорт хий байсан уу?

- Байсан. Үнэрийг нь мэдэрсэн.

- Тэгвэл хаалган дороос хөх, ногоон утаа гарч байсан гэдэг үнэн үү?

- Мэдэхгүй. Гэрэлгүй байсан юм чинь утааны өнгийг яаж ялгах юм бэ? Тал бүрээс гал гараад эхлэнгүүт би цонхоор үсэрсэн.

Витя насан туршдаа эрэмдэг боллоо. Юун төлөө? Хэний төлөө?

Энэ бол иргэний дайн. Одессчууд одессчуудаа алж байна. Тэр ялагч нь хаана байна? Новш гэж. Хүмүүсийн дунд араатан байна. Араатнуудын дунд хүн байна. “Бид”, “Тэд” гэж хэн юм бэ? Энэхүү заагийг хэлээд өгөх хүн байна уу? Миний хувьд тэр заагийг харж чадахаа болилоо. Миний нүдэнд нэг бол хүмүүс, нэг бол араатнууд харагдаж байна.