Герман үндэстний "Саарал сувд"
Ангела Меркель Фото: Eric Vidal / Reuters
2014.06.06

Герман үндэстний "Саарал сувд"

Ангель Меркель ес дэх удаагаа Forbes сэтгүүлийн хувилбараар дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг тэргүүлэв. Тэр эх орондоо хамгийн нэртэй улс төрч. Бусдын дутагдалд тооцдог зүйлийг давуу тал болгож чаддагаараа амжилтад хүрчээ. Даруухан имидж нь 59 настай канцлерын нэрийн хуудас төдийгүй амжилтынх нь үндэс гэж хэлж болно.

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай Герман улсыг Ангель Меркель 2005 оноос эхлэн толгойлжээ. Засгийн газрыг тэргүүлснээр Германы түүхэн дэх анхны эмэгтэй канцлер, хамгийн залуу канцлер, мөн байгалийн ухааны боловсролтой анхны лидер болов.

Хүүхэд байхаасаа тэмүүлэлтэй, хариуцлага байж онц сурдаг байв. Түүний гойд авьяас орос, англи хэл, математикийн хичээл дээр илэрчээ. Гэхдээ Карл Марксын нэрэмжит Лейпцигийн физикийн факультетад элсч, төгсөхдөө судлаач болохоор нэгэнт шийдсэн байв.

Колийн охин

Берлиний хана нурсны дараа Меркель улс төрд хөл тавив. Түүний карьер түргэн хугацаанд өссөнийг Гельмут Колийн дэмжлэгтэй холбон тайлбарладаг. Коль Меркелийг “миний охин” гэж дууддаг байв. Тэрээр 1991 онд “охиноо” Эмэгтэйчүүд, залуучуудын хэрэг эрхлэх яамны сайдаар томилжээ.

Ангела Меркель, 2014 он. Гэрэл зургийг: Michael Sohn / AP

“Колийн охин” нэрээр олонт танигдсан Меркель 1999 онд их улс төрд эргэлт буцалтгүй орж Христосын ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилогдлоо. Харин Коль намын хүндэт тэргүүн болов. Үүнээс жилийн өмнө болсон бундестагийн сонгуулийн үеэр Христосын ардчилсан нам 1949 оноос хойш түүхэндээ хамгийн бага санал цуглуулав. Энэ нь намын доторхи зөрчлийг улам хурцалж намын хууль бус санхүүжилттай холбоотой дуулиан дэгдэв. Гельмут Коль Намын тухай хууль зөрчиж нэгэн спонсороос олон сая марк авсан нь тогтоогджээ. Меркель санаа шулуудаж Frankfurter Allgemeine Zeitung сонинд Колийг эрс шүүмжилсэн, огцрохыг шаардсан өгүүлэл нийтлүүлэв. Меркелийг ийм алхам хийнэ гэж бодоогүй байсан Коль шоконд орж, тусыг усаар хариулсан явдал боллоо гэж үзэв.

Гельмут Коль 2010 онд 80 насныхаа ойгоор Меркельд түүний болон Германы ард түмний амьдралыг өөрчилсөнд талархлаа гэсэн агуулгатай баярын захиа хүргүүлжээ. Гэвч албан ёсоор эвлэрсэнгүй.

Даруухан төрхийн ид шид

Ангела Меркель, 2009 он Фото: Wolfgang Rattay / Reuters

Меркель хэзээ ч сайн илтгэгч, шилдэг санаачлагч байсангүй. Гэвч түүний чөлөөт цагаараа Volkswagen Golf  машинаа унаж дэлгүүр хэсдэг, хашаандаа ногоо тарьдаг “жирийн герман эмэгтэй”-н даруухан төрх бусдыг татдаг. Түүнчлэн Германы ард түмэн амттай хоол хийдэг гэдгийг нь мэддэг. Нэгэнтээ Германчуудын Mutti («Ээжхэн»)  гэж нэрлэдэг Ангель Меркель хоолны нэвтрүүлгийн гол баатар болов. Нэвтрүүлгийн үеэр Канцлер бусад гэрийн эзэгтэй нарт өөрийн дуртай хоол болох төмсний шөл, алдарт махан рулетийг бэлтгэдэг нууцаа дэлгэжээ.

Ангела Меркель, 2000 он Фото: Roberto Pfeil / AP

Улс төр судлаачдын үзэж буйгаар гойдын ялгарах зүйлгүй гадаад төрх, нууцлагдмал харизм нь Меркелийн гол хөзөр ажээ. Өрсөлдөгчид нь түүнийг зөөлөн, хялбархан хэмээн боддогийн улмаас анзааралгүй урхинд нь ордог. Германы нэгэн сэтгүүлч Меркельд “Саарал сувд” гэсэн хоч өгчээ. Түүний оролцож буй аливаа улс төрийн хэлэлцүүлэгт халуун маргаан, өдөөн хатгасан мэдэгдэл бараг байдаггүй. Өрсөлдөгчийн тавьсан асуултад Меркель хүйтэн хөндий, ёжтой хэрнээ учир зүйн нарийн утга агуулгатай хариулт өгдөг. Үүнтэй холбоотой зарим хүн түүнийг Маргарет Тэтчертэй харьцуулан “Германы төмөр хатагтай” гэж нэрлэдэг ч Меркель өөрөө “Би бол физикч, харин Маргарет химич байсан” гэж хошигнодог.

Меркелийн хувийн амьдрал, дадал зуршил

Германы ард түмэн Меркелийг эдийн засгийн хүнд байдлаас гарч чаддаг чадварлаг менежер хэмээн үздэг. Гэхдээ түүний хувийн амьдралын талаар мэдээлэл тун бага. Германы хэвлэлийнхэн Меркелийн хувийн чанартай мэдээллийг бага багаар цуглуулахын тулд багагүй хүч хөдөлмөр зардаг. Меркель оюутан байхдаа анх зохиосон хамтын амьдрал нь ердөө таван жил үргэлжилжээ. Меркель гэдэг нь түүний анхны нөхрийн овог юм.

Ангела Меркель, 2004 он Фото: Martin Meissner / AP

Хоёр дахь нөхөр Иоахим Зауэртай Шинжлэх ухааны академид ажилллаж байхдаа танилцжээ. Иоахамын шинжлэх ухаанд байгуулсан гавьяа эхнэрийнх нь улс төрд оруулсан хувь нэмрээс дутахгүй. Дэлхийн чансаатай судлаач тэрээр олны анхааралд өртөх дургүй. Тиймдээ ч Германы хэвлэлийнхний бичсэнээр эхнэрийнхээ дээд албан тушаалд томилогдох ёслолын арга хэмжээнд нэг ч удаа очиж байгаагүй аж. Найзуудынх нь ярьж буйгаар гэр бүлийн орчинд Иоахим гол хүн.

Түүнчлэн дэлхийн олонхи нөлөө бүхий эмэгтэйчүүд кофе уудаг байхад Меркель цайнд дуртай. Канцлер цүнхэндээ гар утаснаас гадна харандаа хавчуулсан тэмдэглэлийн дэвтэр, пудр, нүдний шил байнга авч явдаг. Залуучуудын яамны сайд байхдаа өдөрт нэг хайрцаг янжуур татдаг байсан ч уг хорт зуршлаасаа татгалзаж чаджээ. Бичгийн ширээн дээр нь Оросын Хатан хаан II Екатеринагийн хөрөг бий. Ер нь канцлер Орос болон ЗХУ-ын түүхийг сонирхдог. Тухайлбал Оросын Өмнөд Тироль руу амралтаар явахдаа Сталины намтрыг биедээ авч явжээ.

Меркель гоёж гоодох дургүй. Бөгж, бугуйвч, ээмэгний алийг нь ч зүүдэггүй.

Меркель гоёж гоодох дургүй. Бөгж, бугуйвч, ээмэгний алийг нь ч зүүдэггүй. Сонгодог хөгжим сонирхдог бөгөөд голдуу Рихард Вагнерын дууриудыг сонсдог.

Хувцасны хувьд костюмнаас өөр хувцас бараг өмсдөггүй. Хүмүүс түүний даашинзтай байхыг ганцхан удаа “Осло” дуурийн нээлтийн үеэр харжээ. Түүнчлэн канцлер үнэртэй ус түрхдэггүй. Нохойноос айдаг. Гадаадад хийх айлчлалын протоколд нохойноос хол байлгах тухай хүлээн авагч талд заавал сануулдаг. Гэвч энэ дүрмийн эсрэг В.Путин өөрийн хайртай нохойг Меркельд танилцуулж амжжээ.

2007 он. Сочи хот.

Хоёр Герман нэгдсэний 20 жилийн ойн өмнөхөн Меркель Германы өдөр тутмын SUPERillu сонинд Зүүн Германаас авч үлдсэн зөвлөлт маягийн зуршлынхаа тухай ярьжээ. “Заримдаа би ямар нэг эд зүйлийг хэрэгтэй эсэхийг нь үл харгалзан худалдаад авчихдаг. Хүмүүс хомсдлын үед юу тааралдсан бүхнээ авч нөөцөлдөг байсан хуучин цагийн энэ зуршил надаас салж өгдөггүй” гэж ярьжээ. Түүнчлэн гэртээ байхдаа шорлог, солянка зэрэг орос хоол идэх дуртай.

Шүүмжлэлийн гал дунд

Ангель Меркелийг тойрсон дуулиан хэд хэдэн удаа гарч байсан юм. Герхард Шредерээс ялгаатай нь 2001 онд АНУ-ын Иракт явуулсан ажиллагааг дэмжиж, Вашингтонд айлчилсан нь улс төрийн хүрээллийнхэнд тун таагүй санагдав.

2007 онд Меркель Далай ламтай уулзсан нь дэлхийн хэмжээний сенсаци тарив. Энэ явдлын дараа Меркелийн гадаад хэргийн зөвлөхүүд Хятадын элчин сайдад Герман улс нь Төвдийн автономийг хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг ойлгуулах гэж багагүй зүдэрчээ.

Ангела Меркель Fabrizio Bensch / Reuters

Түүнчлэн Осама Бин Ладеныг устгасанд баяртай байна гэж хэлсэн нь сөрөг хүчин болоод Сүм хийдийнхний дургүйг хүргэв.

Мөн хамгийн сүүлийн сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдийн асуултад хариулж байхдаа ижил хүйстнүүдэд хүүхэд үрчлүүлэх хэрэггүй гэж хэлсэн нь шүүмжлэлийн шинэ давалгааг үүсгэв.

2013 онд АНУ-ын тагнуулын үйл ажиллагаатай холбоотой сөрөг хүчин Меркелийг огцруулахыг уриалав. Тэд канцлерыг ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалахаа больж, Вашингтонд өөрийгөө тагнах боломжийг олгосон хэмээн буруутгажээ. Үнэндээ Меркель АНУ-ын тусгай албаны энэ үйлдэлд шийдэмгий хариу өгч чадаагүй юм.

Гэхдээ судалгаанаас харахад Германчууд юуны түрүүнд цалин, ажиллах нөхцөл, тогтвортой байдал, тэтгэврийн баталгаа зэрэг дотоод асуудалд санаа зовдог. Энэ тал дээр Меркельд бахархах зүйл бий. Түүний удирдлаган дор Германд ажилгүйдэл багасч, Герман улс эдийн засгийн хямралаар Европын орнуудаас хамгийн хохирол багатай гарчээ.