Ядуусыг хувцаслахын зэрэгцээ дэд бүтцээ сайжруулах төсөл Энэтхэгт хэрэгжиж байна
Олон улсын банкны мэдээлснээр Энэтхэгийн 270 сая хүн (5 хүний 1 нь) ядуугийн туйлд амьдарч, өдөрт 1,25 доллараас ч бага мөнгөөр голоо зогоож байдаг.
Хүний амин чухал хэрэгцээ бол хоол хүнс, хувцас. Мэдээж, Энэтхэгийн ядуус олсон мөнгөө юуны түрүүнд хоол хүнсэнд зарцуулдаг тул эндхийн олон хүний хувьд хувцас гэдэг нь тансаг хэрэглээ болж хувирчээ.
Нэг хүний хувьд хэрэггүй хог, хаягдал Энэтхэгийн хөдөө нутагт нөгөө хүндээ юугаар ч орлуулшгүй, ашигтай зүйл болж хувирдаг. Энэ санаан дээр үндэслэн Нью-Дели дэх “Goonj” хэмээх төрийн бус байгууллага “Ажлын төлөө хувцас” төслийг санаачлан, зохион байгуулжээ.
Тэд хуучин, хаягдал хувцсыг цуглуулж, засаж сэлбээд дараа нь хөдөө нутгийн хүмүүст барилгын ажил хийсний төлбөр болгон өгдөг.
“Goonj” байгууллага ажлаа дөнгөж эхэлж байхдаа амжилттай болох эсэх тал дээр эргэлзэж, өөрсөддөө тийм ч итгэлтэй бус байсан.
“Goonj”-ийг үндэслэгч Аншу Гупта “Саяхныг хүртэл бид хуучин хувцас нь гүүр барих, худаг ухахад нөлөөлөх тийм хүчтэй хөшүүрэг гэдгийг мэдэхгүй байлаа” хэмээн ярьж байна. “Goonj” гэдэг нь хинди хэлээр цуурай гэсэн утгатай үг.
Ийнхүү “Goonj” байгууллага нэгэн зэрэг 2 зорилгодоо хүрч чадлаа. Ядууст хувцас хунар өгөхийн зэрэгцээ дэд бүтцийг сайжруулах ажилд хүн амын хамгийн ядуу давхаргыг дайчилж чадсан байна.
Энэтхэгийн Уттаракханд мужид Гимайлайн ууланд барьсан гүүрээр сурагчид явж байна.
“Ажлын төлөө хувцас” төсөл маань тосгоны олон иргэнд өөрийн нэр төр, чанар чансааг өндөрт өргөх мэдрэмж бэлэглэдэг” гэж Гупта онцлон тэмдэглэв. Түүний ярьснаар бусдын хандивласан хувцас өмсөх ба өөрийн хөдөлмөрийн үр дүнд төлбөр болгон авсан хувцсын хооронд асар их ялгаа байдаг гэнэ.
Гупта анх өөрийн багийн хамт Энэтхэгийн төв нутгийн Мадхья Прадеш мужид очиход тэндхийн хүмүүс ус хүрэлцдэггүй, усны хомсдолд орсон гэж гомдол мэдүүлжээ. “Бид шууд л худаг ухах хэрэгтэй гэж шийдсэн. Гэтэл тосгоны ердөө 7- 8 хүн л энэ ажлыг сонирхож ирлээ.
Ингээд бид тэдэнтэй ажлаа эхлүүлсэн” гэж Гупта ярилаа. Тэдний явуулсан нөр их ажлын дүнд сарын сүүл гэхэд тосгоны хүмүүс бараг бүгдээрээ худаг ухах ажилд нэгдсэн байна. Ингээд хэдэн өдрийн дараа худгаас ус гарч, тосгоны бүх хүнд төлбөрийг мөнгөөр биш хуучин хувцсаар өгчээ.
Энэ л “Goonj” байгууллагын хувьд эргэлтийн мөч болов. “Энэ маш чухал үйл явдал. Хуучин хувцасны тусламжтайгаар худаг гаргаж болсон юм чинь гүүр барьж яагаад болохгүй гэж хэмээн бид шийдсэн” гэж Гупта ярилаа.
Өнөөдөр “Goonj” байгууллага сар бүр 50 тонн хуучин хувцсыг Энэтхэгийн 21 мужид түгээдэг. Өнгөрсөн жил хуучин хувцасны тусламжтайгаар Энэтхэгийн хөдөө нутгийн дэд бүтцийг сайжруулах 1200 ажлын объект дээр асар олон хүнийг дайчлан, ажиллуулж чаджээ.
Энэтхэгийн Бихар мужийн Аламнагарт зам засах ажилд 2000 орчим хүн оролцож, ажлын хөлсөө хуучин хувцсаар авчээ.
“Goonj” байгууллага жилд 0,5 сая долларын тусламжийг ивээн тэтгэгчдээсээ авдаг. Эдгээр мөнгийг Энэтхэг даяар явахад гарсан тээврийн зардлын төлбөрөө хийхэд ашигладаг гэнэ.
Хамгийн гол нь “Ажлын төлөө хувцас” төсөл нь байгалийн гамшгийн дараа дэд бүтцийг сэргээн засварлахад ихээхэн тус нэмэр болж байна. Төрийн олон алба заримдаа гамшигт өртсөн нутгуудад их хожуу хүрч очдог гэдгийг тооцвол энэ их ач холбогдолтой.
Энэтхэгийн дэд бүтэц байгалийн гамшигт их өртдөг, үүнд цаг уурын нөхцөл байдал, газар зүйн онцлог, мөн дэд бүтэц сул хөгжсөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Яг энэ үед “Goonj”-ийн хувцас заримдаа жинхэнэ аврал болдог.
“Жил бүрийн 7-р сард газар зүйн байрлал, өөр бусад шалтгааны улмаас зарим нутаг үерт автдаг. Тэнд маш их ажил хийх шаардлагатай. Жил бүр тийшээ эргэн очиж, барилгын ажлыг дахин эхлүүлэх хэрэг гардаг.
Яагаад гэвэл дэд бүтэц дахиад л эвдэрч сүйрсэн байдаг тул их ажлыг амжуулах ёстой” гэж Гупта ярилаа.
Гупта 1990-ээд онд анх сэтгүүлчээр ажиллаж байхдаа тэрэг түрдэг нэгэн эртэй танилцжээ.
Энэтхэгийн Андхра-Прадеш мужийн иргэд “Goonj” байгууллагын удирдлаган доор худаг гаргаж байна.
Тэрбээр гэр бүлийнхээ хамт Нью-Делид амьдардаг бөгөөд 2 дугуйт тэргээрээ гудамжинд нас барсан хүмүүсийн хүүрийг цуглуулдаг аж. Өвөл хамгийн олон хүн осгож нас бардаг, мэдээж хувцас хунаргүй учраас. “Тэр заримдаа 24 цагийн дотор 3-4 километр яваад л 10-12 хүний хүүрийг олдог” гэж Гупта дурсав.
Рикша “Хэн нэгэн зам дээр үхэж байдаг, харин би амьд явж, амьдралаас таашаал авч байна. Их хүйтэн байгаад хамаг учир байгаа юм биш ердөө л хувцас хүрэлцээгүйтэй холбоотой” гэж ярилаа.
“Goonj” төрийн бус байгууллага шинэлэг хандлагынхаа ачаар хөдөө нутгийн хөгжлийг дэмжиж, ядуусыг нийтэд тустай хөдөлмөрт дайчилж чадлаа. Энэтхэгийн зарим нутагт тус байгууллага одоо хуучин хувцсаас гадна гал тогооны сав суулга, хогшлыг ажлын хөлс болгон өгч эхэллээ.
“Goonj” байгууллагын офис байрладаг нарийн гудамжинд ажилчид цагаан ууттай хуучин хувцсыг ачиж эхэллээ. Эдгээр ачааны машин Энэтхэгийн дорно хэсэгт орших Орисс муж руу явна.
Энэ муж 6-р сарын эхээр хүчтэй салхи шуурганд өртөж, сүйджээ. Одоо сэргээн засварлах ажлын 2-р шат эхэлсэн бөгөөд ажлын хөлсөнд олгох хувцсыг ийнхүү илгээж байна.