"Эмэгтэйчүүд олны дунд чанга инээх хэрэггүй" гэсэн нь эсэргүүцэлтэй тулав
Турк эмэгтэйчүүд #kahkaha хааштаг үүсгэж, инээсэн зурагнуудаад нийтлэж байна
2014.08.01

"Эмэгтэйчүүд олны дунд чанга инээх хэрэггүй" гэсэн нь эсэргүүцэлтэй тулав

Эмэгтэйчүүд олны дунд чанга инээх хэрэггүй

Туркийн Ерөнхий сайдын орлогч Бюлент Арынч эмэгтэйчүүдийг чанд хатуу байж, олны дунд инээж хөхрөхгүй даруухан байхыг зөвлөсөн тухай “The World Age сонинд бичжээ.

Тэрбээр “Эрчүүд хийж буй үйлдэлдээ хариуцлагатай, ёс зүйтэй хандах ёстой.

Ерөнхий сайдын орлогч Бюлент Арынч

Эмэгтэйчүүдэд энэ мөн тун ихээр хамаатай. Тэд үргэлж хүмүүжилтэй байж, юуг хийж болох, юуг хийж болохгүйг ялгаж салгаж сайн ойлгодог байх хэрэгтэй юм. Тухайлбал, эмэгтэйчүүд олны дунд чанга инээх нь зохимжгүй үйлдэл” гэхчилэн орчин үеийн нийгэмд хүмүүсийн хүмүүжил, ёс зүйн хэм хэмжээ ямар байхыг заасан байна.

Мөн тэрбээр орчин үеийн хүүхнүүд нөхрийнхөө нэр төрийг хамгаалж, дэгтэй сахилгатай байхын оронд хэдэн цагаар харилцуураас зүүлттэй байдаг хэмээн шүүмжилжээ. Түүний зөвлөгөө эрчүүдэд ч хамаатай байсан бөгөөд эрчүүд эхнэр хүүхэддээ “уяатай” байх ёстойг ч анхааруулжээ.

#kahkaha demisken

Олон нийтийн сүлжээгээр инээж хөхөрч буй бүсгүйчүүдийн зурагнууд тараажээ

Хамгийн сонирхолтой нь ноён Арынчийн энэ зөвлөгөө олон нийтээс дэмжлэг хүлээх биш харин ч эсэргүүцэлтэй тулгарчээ.

Олон нийтийн сүлжээгээр инээж хөхөрч буй бүсгүйчүүдийн зурагнууд тарааж, улмаар Ерөнхий сайд Тайип Эрдоганы нэр холбогдсон авлигын дуулианыг сануулж, Арынчийг ард иргэдийн ёс зүйн тухай ярих нь илүүц хэмээн эсэргүүцсэн жиргээ газар авч буй аж.

Өнгөрсөн хоёрдугаар сард интернэтийн Youtobe  сайтад Засгийн газрын тэргүүний хүүтэйгээ утсаар ярьж буй таван бичлэг цувралаар тавигдсан. Тэдгээрт их хэмжээний мөнгөө хэрхэн яаж нуух тухай яриа байсан ч Ерөнхий сайдын Хэвлэлийн алба бичлэгүүдийг хуурамч хэмээн мэдэгдэж байв.

Өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын дундуур Туркт асар том авлигын хэргийн дуулиан дэгдэж цагдаа нар энэ хэрэгтэй хамаатай байж болох 50 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдний дунд тухайн үеийн сайдуудын хүүхдүүд нэртэй бизнесмэн, том түшмэлүүд байсан юм.