Коммунист намын гишүүн болох гэж есөн удаа оролдож байжээ
Хятад мөрөөдлийн эзэн
Хувьсгалт тэмцэлд оролцож явсан ахмад дайчдынхаа үр хүүхдийг хятадууд “ноёны агь”, “гүнж” гэдэг.
Цагийн эрхээр энэ үг гэр бүл нь улс төрийн хүрээнд ихээхэн нэр хүндтэй, тэр л холбоо сүлбээ, сайн нэрээрээ төрийн алба хаах болсон хүмүүсийг нэрлэх болжээ.
“Агь”-аас төрийн тэргүүн болсон хүн бол Си Зиньпин. 1953 онд Бээжинд төрсөн тэрбээр БНХАУын Коммунист намыг үндэслэгчийн нэг Си Жунсюний хүү юм. Эцэг нь Соёлын хувьсгалын өмнөхөн Ерөнхий сайдын орлогчийн суудлаасаа бууж, хожим торны цаана хүртэл сууж байж. Гэхдээ 1970 онд цагаадсан байна.
1974 онд намд элссэн тэрбээр Хэбэй, Фужянь, Жөжян зэрэг мужид нам, төрийн албанд шат ахин дэвшсээр Шанхай хот дахь Коммунист намын даргаар 2007 онд сонгогджээ.
Эцгээ хэлмэгдэх үед 15 настай байсан Си Зиньпин тухайн үеийн олон сая хятад залуусын адил хөдөө нутагт цөлөгдөн, боловсорчээ. Нутгийн иргэд түүнийг шударга, нийтэч хүү байсныг дурссан байдаг.
Ирээдүйн удирдагч Бээжин хотын Цинхуа их сургуулийг химийн инженер мэргэжлээр дүүргэсэн байна.
Коммунист намын гишүүн болох гэж есөн удаа оролдсоны эцэст 1974 онд намд элссэн тэрбээр Хэбэй, Фужянь, Жөжян зэрэг мужид нам, төрийн албанд шат ахин дэвшсээр Шанхай хот дахь Коммунист намын даргаар 2007 онд сонгогджээ.
Энэ үеэс түүний төрийн тэргүүн болох зам шуударсан гэхэд болно. Намын байнгын хороо, дэд ерөнхийлөгчийн албанд богино хугацаанд дэвшин томилогдсон Си Зиньпин 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болов.
Ингэж Хятадын бүгд найрамдах засаглалын тав дахь үеийн удирдагч болсон тэрбээр Хятад орныг дэлхийн хэмжээний гүрэн болгох бодол өвөрлөжээ.
Үүндээ хүрэхийн тулд “зөөлөн нь хатуугаа идэх” зарчим баримталж буй гэгддэг. Авлигачдыг гишгэх газаргүй болгож, төрийн алба хаагчдын ёс зүйг дээшлүүлж, хариуцлага тооцох тогтолцоог эрүүлжүүлж, зах зээлд ээлтэй байх эдийн засгийн бодлого баримталж, аль болох олон оронтой, тэр дундаа бусад их гүрэнд орхигдож, “мартагдсан” Африк, Латин Америкийн орнуудтай хамтран ажиллаж, олон улсад Хятадын нэр, нөлөөг өсгөх нь түүний гол зорилго.
“зөөлөн нь хатуугаа идэх” зарчим баримталж буй гэгддэг
“Төрийн тэргүүн болсны дараах анхны илтгэлээ Си Зиньпин биеэ барилгүй, үе үе инээмсэглэн байж дуусгасан нь хэдий жижиг зүйл ч гэсэн Хятад оронд шинэ эрин эхэлж буйн дохио байв” гэж барууны нэгэн хэвлэлд бичжээ.
Тэрхүү илтгэлдээ Си Зиньпин хятад мөрөөдөл, хятад үндэстний их мандан бадрал, Хятадын зөөлөн хүч зэрэг үг хэллэгийг анх хэрэглэсэн байдаг. Түүнээс хойш олонтаа сонсогдох болсон эдгээр үгийг ажиглагчид “Хятадын эрх баригчид аюулгүй байдлын асуудалд хатуу хандах ч олон улстай харилцахдаа илүү нээлттэй байх нь” гэж тайлдаг байна.
PHOTO: Chinese President Xi Jinping and Chinese First Lady Peng Liyuan
Хамтран зүтгэгчид болон гэр бүлийнхэн нь Си Зиньпинийг ажилч хичээнгүй, хэн хүнд найрсаг ханддаг, тайван дөлгөөн нэгэн гэдэг.
1980-аад оны эхээр Их Британид сууж байсан Хятадын Элчин сайдын охинтой гэр бүл байсан тэрбээр 1987 онд нэрт дуучин Пэн Лиюаньтай гэрлэжээ. П.Лиюань нөхрөө олонд танигдахаас өмнө алдартай байсан бөгөөд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хошууч генерал цолтой.
Тэдний охин Си Минзе 2010 оноос Харвардын их сургуульд нууц нэрээр суралцаж байгаа гэсэн мэдээ бий. Сонирхуулахад, Си Зиньпин киноны хорхойтон. “Загалмайсан эцэг”, “Цэрэг Райаныг аварсан нь” түүний дуртай кино гэнэ.