Ч.Улаан: Орон нутагт төсвийг нь бүрэн хариуцуулж, татвар тогтоох эрхийг ч өгнө
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдрөөс “Сайдын 30 минут” нэртэй болж байгаа аж. Засгийн газрын гишүүд тодорхой сэдвийн хүрээнд болон хийж буй ажлынхаа талаар долоо хоног бүрийн пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултад хариулах юм байна. Ерөнхий сайд ч мөн оролцох гэнэ.
Энэ удаагийн уулзалтад Сангийн сайд Ч.Улаан оролцож УИХ-д өргөн барьсан ирэх оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Эхлээд Сангийн сайд Ч.Улаан 2015 оны төсвийн талаархи товч мэдээлэл өгсөн. Гурван талаараа онцлогтой төсөв болсон гэж тодотгов. Орон нутаг, төсвийн анхан шатны эрх захирагчдад төсвийн эрх мэдэл, үүрэг, хариуцлагыг цогцоор шилжүүлж байгаа гэнэ.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд төсөвт байгаа боломжийг аль болох илүүтэй дайчлах аж. Хэдийгээр төсвийн байдал, эдийн засаг өөрчлөгдөхгүй ч нийгмийн арга хэмжээнд зарцуулах зардлыг нэмэгдүүлэх зарчим баримтлахаар болж. Өнгөрсөн жил цалин, тэтгэврийг нэмэгдүүлж байсан хөрөнгийг ирэх жил 2.5 дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Түүнчлэн “Чингис” бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрийг төсөвт багтааж тооцохоор болсон байна.
Бүхэлд нь авч үзэхэд төсвийн орлого энэ оныхоос 900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Төсвийн орлогыг өндөр төвшинд дайчилсан гэж Сангийн сайд тайлбарлалаа. Аль болох бодитой байлгах, үйлдвэрлэгчдийн санал бодолд тулгуурлан байгаа боломжоо тооцож үзээд орлогоо төлөвлөжээ.
Зарлагын хувьд төсөв бүхэлдээ хэмнэлтийн горимд шилжсэн. Зарлагыг нэмэгдүүлэхгүй байх таван зарчим баримталж буй гэнэ. Жишээлбэл, орон тоо, зардал, шат дамжлага, удирдлагын зардлыг нэмэгдүүлэхгүй, байгаа төвшинд нь хязгаарлахаар болжээ. Ирэх онд ерөнхийдөө тэвчиж болох зардлаа хэмнэх зарчим баримтлан ажиллах нь. Эд хогшил, тавилга, сандал ширээ худалдаж авахгүй, албан контор барихгүй, үр өгөөжгүй зардлуудаа тэвчнэ гэв.
Гэхдээ шинэ цэцэрлэг, сургууль, эмнэлэг ашиглалтад ороход дагаж гарах зайлшгүй зардлуудыг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зардлыг мөн хорогдуулахгүй, нэмэхээр төсөвтөө тусгажээ. Энэ оны гүйцэтгэлээс төсвийн зарлага нэг их наяд гаруй төгрөгөөр нэмэгдэж байгаа гэлээ. Орлого, зарлагын өсөлтийг хооронд нь баланслуулахаар төлөвлөсөн байна. Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй уялдаад төсвийн орлого, зарлага ч нэлээд өөрчлөгдөх аж.
-Төсөвт зэс, нүүрс, ам.долларын ханшийг хэд байхаар тооцож төлөвлөсөн бэ. Энэ оны төсөв нэлээд танагдсан, бүтээн байгуулалтын ямарч ажил өрнөхгүй нь гэж гишүүд хэлсэн. Мөн хэд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байна гэх юм?
Ирэх оны төсөв дээр ямар ч татвар нэмэгдэхгүй. Татварын ямар нэг төрөл бий болохгүй. Үнэ ханшийг бид дэлхийн зах зээлийн үнэ ханшийн хандлага, үнийн тооцоолол хийдэг олон улсын байгууллагуудын судалгааны дүнд үндэслэн тооцож байгаа.
Төсвийг өргөн барьж байгаа хуулийн төсөлд өрийн хязгаар 70 хувь байхаар оруулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлэхдээ “Чингис” бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрийг төсвийн гадна байна гэсэн. Тэгэхээр хууль ийм байхад дотор нь оруулсан төсвийн үзүүлэлтийг зэрэгцүүлж дүгнэж болохгүй.
Ирэх онд бүтээн байгуулалтын ажил зогсохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Өрийн хязгаарыг үүнтэй уялдуулж авч үзэх учиртай. Улсын төсвөөс хуваарилж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оныхоос буурч байгаа. Гэхдээ хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. “Чингис” бонд, Хөгжлийн банкны эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл нэмэгдэж байгаа.
Монгол Улсын хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ нэмэгдэнэ. Нүүрсийг чанараас нь хамаарч тонн нь дунджаар 80-130 ам.доллараар, зэсийг дэлхийн зах зээлийн ханшийн дунджаар 6900 орчим ам.доллараар тооцсон.
Цалин тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэгдүүлэх юм бэ. Төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдэлд хэдий хэмжээний хөрөнгө суулгасан бэ?
Өнгөрсөн жил цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг нэмж зарцуулсан. Ирэх жил 500 тэрбум төгрөг нэмж зарцуулна. 2.5 хувь бол нэмж зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ. Авч байгаа цалинг өсгөсөн хувь биш юм шүү. Хэдэн хувиар цалин, тэтгэвэр нэмэхийг одоо хэлж чадахгүй. Яагаад гэвэл салбарын онцлогийг харгалзаж, үе шаттайгаар, цаг хугацааны ялгавартай хандана. Тиймээс оны дундуур энэ бодлоготойгоо уялдуулан нэмнэ.
-Засгийн газрын хуучин бүтцээр ирэх оны төсвийг боловсруулсан байх. Шинээр баталсан бүтцээр бол төсвөөс ямар хэмжээний хэмнэлт гаргах бол?
Засгийн газрын шинээр батлагдсан бүтцээр тооцоо хийгээгүй. Хуучин бүтцээр хийсэн. Гэхдээ шинэ бүтэц батлагдсанаар 140 орчим нэгжээр төрийн албан хаагчдын тоо хэмнэгдэнэ. 1.2 их ная төгрөгийн төсвийн зардал хэмнэнэ. Төсөв батлагдаад төсвийн ерөнхийлөн захирагчдад төсвийн хуваарь хийхэд тусгайлж хүргүүлэх бололцоотой.
Гэхдээ нэг зүйл анхаарахад, бүтцийн өөрчлөлт хийсэн эхний жилд нийт тооцоот хэмнэлтийн өчүүхэн бага хувь нь гардаг юм. Гэнэт халагдсан хүмүүсийн тэтгэмжийн зардлыг өгдөг учраас. Бүтцийн өөрчлөлтийн төсвийн хэмнэлтийн жинхэнэ үр дүн 1-2 жилийн дараа гарч эхэлдэг.
-Нийслэл рүү хуваарилсан багш, эмч нарын цалин тэтгэмжийн 350 тэрбум төгрөгийн зардлыг хотын төсөв даах боломжгүй гэсэн. Энэ чигээр нь төсвийг батлах юм бол авто зам ашигласны татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэл байгааг нийслэлийн удирдлагууд ярьж байна?
Энэ бас ташаа ойлголт байна. Орон нутагт нь хөрөнгө оруулалт, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг шилжүүлж байгаа. Гэхдээ улсын төсвөөс зардлын эх үүсвэртэй нь хамт өгч байгаа юм. Орлогогүй, эх үүсвэргүй зардлыг орон нутагт өгчихлөө гэж ойлгох нь ташаа.
Жишээ нь, нийтийн тээврээр зорчдог оюутан, төрийн зарим албан хаагч, тахир дутуу иргэдэд төсвөөс татаас олгодог. 52 тэрбум төгрөгийн зардал улсын төсвөөс ирэх жил олгох юм. Үүнийг Улаанбаатар хот руу шилжүүлж байгаа. Улаанбаатараас 60 орчим тэрбум төгрөгийг улсын төсөв рүү төвлөрүүлж авдаг байсныг болиод үүнийг уялдуулаад өгчихөж байгаа юм.
Орон нутгийн татвар тогтоох эрхийг нь мөн өгч байгаа. Хэрвээ орон нутаг улсын төсвийн хуваарилснаас илүү хөрөнгө оруулалт хийе, аймаг, нутгаа хөгжүүлье гэж ард иргэдтэйгээ ярьж тохироод эх үүсвэр босгох бол эрхийг нь нээгээд өгсөн гэсэн үг. Суурь орлого, суурь зарлага хоёрыг баланслуулаад орон нутагт өгч байгаа. Урьд нь ийм эрх байгаагүй. Санхүүгийн нөөцийг үр дүнтэй ашиглахыг өөрсдөд нь эрхийг, үүрэг хариуцлагатай нь өгч байгаа.
-Улсын төсвөөс ирэх жил хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой вэ?
Улсын төсвөөс 828 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Ер нь, хөрөнгө оруулалтын зорилгоор “Чингис” бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр ирэх жил хоёр тэрбумаас доошгүй төгрөг бэлэн байгаа. Улсын төсвийн урсгал зардлын эх үүсвэрийг төлөвлөсөн журмаар оны турш бүрдүүлж явна. Гадаад эх үүсвэрээс босгосон хөрөнгийг төсвийн цоорхой нөхөхөд зарцуулахгүй. Энэ хоёр тэрбум төгрөгийн эх үүсвэр өнөөдөр ч бэлэн байна.
-Бүтээн байгуулалтын гол гол том ажлууд гэвэл?
Ирэх жил 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрнө. 8.4 их наяд төгрөгийн зарлага санхүүжигдэнэ. “Чингис” бонд, Хөгжлийн банкны эх үүсвэр ороод ийм. Дөнгөж өнөө өглөө Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн дагуу Сангийн яаманд хөрөнгө оруулалтын асуудал шилжиж ирэх нь шийдэгдсэн учир тодорхой юм хэлэх боломж алга. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулж өргөн барьсан. Өнөөдрөөс Сангийн яам эрхлээд явна.
-Зэс, нүүрсний борлуулалтын хэмжээг хэд байхаар тооцов. Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын орлого, зарлагыг яаж шийдэж байна вэ. Царцаасан барилгуудын төсвийг хэрхэхээр болсон бэ?
Зэс нүүрсийн борлуулалтыг энэ оны төвшингөөс яльгүй нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. 20 сая тонн нүүрс экспортолно гэж тооцож байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулаад нийлүүлж болох боломжийн төвшнөөр тооцсон. Тусгай зориулалтын сангууд бүгд төсвөөр дамжиж явдаг. Засгийн газрын тусгай зориулалтын 41 сан төсөв дотор байгаа.
Улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалт шахагдаж байгаа. Өмнөх жилүүдэд эхэлсэн дуусгаж чадаагүй, төсөвт суугаагүй 400 гаруй тэрбум төгрөгийн объектууд ирэх жилийн төсөвт багтаагүй. Эдгээрийг яах вэ гэдгийг шийднэ. Хувьчлах, эзэнтэй болгох, зориулалтыг нь өөрчлөх, шилжүүлэх, зарим нэгийг магадгүй удаан хугацааны консервацид тавих дэс дараатай арга хэмжээ авна.
Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын бодлого ихээхэн гажуудсаны үр дагаврыг бид өнөөдөр ч арилгаж чадаагүй явж байна. Маш олон жижиг объектыг төсөвт тусгаж эхлүүлдэг ч дуусдаггүй, төсөв зардалгүй болдог. Сонгуулийн өмнөх жил гэхэд хөрөнгө оруулалтын төсөвт арга хэмжээний тоо хоёр дахин нэмэгдсэн байдаг.
-Оюу толгойн татварыг ирэх жилийн төсөвт тооцсон уу. Ам.долларын ханшийг хэдээр тооцож төлөвлөсөн бэ?
Оюу толгойгоос татвар ирэх жил авна. Гэхдээ урьд нь авсан урьдчилгаа төлбөртөө суутган тооцно. Тэгэхээр авлаа гэж бичих боловч мөнгө бидэнд орж ирэхгүй гэсэн үг. Гэрээ хэлэлцээрээр тохирсон дагуу татвар авна.
2015 онд уул уурхайн салбараас төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого орно. Оюу толгой, Таван толгой бүгд орно. Улсын төсвийн орлого 7.2 их наяд шүү дээ. Тэгэхээр уул уурхай төсвийн дийлэнхийг бүрдүүлж байна гэж дүгнэж болохгүй нь байна шүү.
-Гадаад өр нэмэгдэнэ гэж үзэж байгаа талаар тодруулбал?
Эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийгээд гаднаас эх үүсвэр татаж байгаа бол бонд, зээл, хөрөнгө оруулалт бүгд улсын төсөвт хуулийн дагуу нэмэгдэж бичигдэх ёстой. Нийт дүнгээрээ улсын өрийн хэмжээ өснө. Гэхдээ дээд хэмжээ 70 хувь гэж тогтоосноос хэтрэхгүй. 70 хувьдаа ирэх онд хүрэхгүй. Өнөөдрийн авсан зээлийн үйлчилгээ төсөв дээр дааж давшгүй дарамт болно гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. 500 гаруй тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээ гарна.