Тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулиудыг намрын ээлжит чуулганаар хэлэлцэнэ гэв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос санаачлан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын ахмад багш нарын холбоотой хамтран, Төрийн ордны Их танхимд ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт зохион байгуулав.
Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав нар болон боловсролын салбарын тулгын чулууг тавилцсан 300 гаруй ахмад багш оролцлоо.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хүндэтгэлийн уулзалтыг нээгээд чиг үүргийн дагуу авч хэрэгжүүлж буй зарим ажлуудаа танилцуулав. Байнгын хороо санаачлан холбогдох чиг үүргийн яам, агентлагтай хамтран өнгөрсөн зургадугаар сард Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ- ын тогтоолын болон Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг олон чухал хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газраас өргөн барьсан эдгээр хуулийг энэ долоо хоногт эхлэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх талаар тэрбээр мэдээлэв.
Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарыг хүндэтгэлийн уулзалтын үеэр шагнаж урамшуулсан юм. Тодруулбал, ахмад багш Н.Агар, А.Чулуунбат нарыг Засгийн газрын шагнал болох “Боловсролын тэргүүний ажилтан”, ахмад багш Г.Эрдэнэбат, Г.Мандалсүрэн нарыг “Багшийн гавьяа”, М.Тогоохүү, Д.Цагаанхүү, С.Янжинлхам нарыг “Бүтээлч багш” медалиар тус тус шагнав.