‘’Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай’’ хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын Эдийн засаг болон Хууль зүйн Байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр үдээс өмнө боллоо. Хамтарсан хуралдаанаар ‘’Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай’’ хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Дээрх хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ажлын бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт боловсруулан гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг нийт 6 удаа хуралдсан бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн зүйл, заалт бүрийг нягтлан үзэж, найруулгын шинжтэй болон зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн томъеолсоныг ийнхүү хамтарсан Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм.
Түүнчлэн дээрхи ажлын хэсэг мэргэжлийн байгууллагаас санал авах, мэргэжилтнүүдтэй санал солилцох ажлын хүрээнд Монголын Ипотекийн корпорацтай хамтарсан семинар зохион байгуулсан байна. Төслийн хуулийн нэр томъоны тодорхойлолт гэсэн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ‘’ худалдагч’’ гэсэн ойлголтыг тодорхойлсны зэрэгцээ тусгай зориулалтын компаний санхүүгийн тайлан болон удирдлага, бүтэц, зохион байгуулалтад тавигдах ерөнхий шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоохоор тусгасан байна. Түүнчлэн анхны үүрэг гүйцэтгэгч нь хөрөнгийн тусгай зориулалтын компанид шилжүүлэхдээ солих нөхцөлтэйгээр шилжүүлсэн бол түүнийг буцаан худалдаж авах буюу солих баталгаа гаргах үүрэгтэй байх, мөн тухайн үнэт цаасны танилцуулгад заасан бол хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн 20 ба түүнээс дээш хувь нь хугацаа хэтэрсэн хөрөнгөд тооцогдсон үед тухайн хөрөнгийн багцыг анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь буцаан худалдан авах үүрэгтэй байхаар санал оруулсан байна.
Барьцаат үнэт цаасны хувьд түүнийг баталгаажуулж буй хөрөнгө нь үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаарлан бүртгэгддэг онцлогтойг харгалзан уг шинжийг барьцаат үнэт цаасны тодорхойлолтонд тусгасан. Мөн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн төлбөрийн албан татвар ноогдох орлогоос хасагдах зардалд хамруулж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаанд эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл олгож байхаар тусгаж төсөлд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна.
Хуулийг боловсруулсан ажлын хэсгийнхэн дээрх хуулийг танилцуулсны дараа гишүүд зарим зүйлийг тодруулж байлаа.
Батж. Батбаяр: -Наад асуудлаа сайн нягтлахгүй бол баахан эрсдэл гарч, гудамжинд жагсаал цуглаан болоод банк дампуурч, төр даадаг шиг ажил гарах вий гэж болгоомжилж байна. Хүний эд хөрөнгийг бусад нь барьцаална гээд юу яриад байна, би л хувьдаа зөвшөөрөхгүй. Бас дээр нь маш олон орон сууцжуулах хөтөлбөр байдаг. Гэтэл ажлын үр дүн, хэрэгжилт ямар байна. Бага дунд орлоготой амьдралын боломж муутай иргэдийн хичнээн хувь нь орон сууцанд хамрагдсан вэ? Үнэнийг хэлэхэд хүмүүс өнөөдөр орон сууц битгий хэл, өдрийнхээ хоолыг яая гэж байна. Харин тэдгээр хүмүүст л зориулсан хөтөлбөр гэж би ойлгодог.
Ж.Энхбаяр:Таны хөрөнгө гэдэг утгаар барьцаанд явж байгаа юм биш. Харин таны хөрөнгө үнэт цаас болоод хоёрдахь зах зээл болоод явна. Харин санаа зовж байгаа нь алга болчихвий гэж байна. Энэ талаар санаа зоволтгүй. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтанд байхаар төрийн зохицуулалтыг сайн хийж өгсөн. Иргэд болон хувийн хэвшил арилжааны банкнаас хараат бус байх хоёрдох зах зээлийн эх үүсвэртэй болох бололцоо нээгдэнэ. Одоо байгаа хөрөнгөө барьцаалаад олон улсын зах зээлд гаргах боломж ч бүрдэнэ. Бидний өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй орхисан, зайлшгүй үгүйлэгдээд байсан тулгуур хууль гэж бодож байна.
Д.Мягмар:/ЗТБХБЯ-ны Барилга орон сууц,нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга/ 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 37500 айлын орон сууц баригдсан. Орон сууцжуулах хөтөлбөр нь арилжааны банкны санхүүжилтээр баригдсан учир борлуулалт зах зээлийн зарчмаар шийдэгдсэн. Төрийн албан хаагчдын орон сууцаар хангах зорилгоор 60 тэрбум төгрөгийн бонд гаргаад 32 тэрбум нь арилжаалагдсан. Харьцангуй хямд үнэтэй байх бөгөөд метр квадрат нь 550-650 мянган төгрөгний хооронд байхаар тооцсон гэлээ.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд ‘’Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай’’ хуулийн төслийн талаархи ажлын хэсгийн найруулгын санал болон дээрх төсөлтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлт орж байгаа хуулиудын төслийн талаархи саналын томъёоллыг санал нэгтэй батлав.