УИХ-ын гишүүн Л.Болд” Баянхонгорын хүндэт иргэн” болжээ
“Хүндэт иргэн” цол нь улс, тив, дэлхийд нэрээ гаргасан цөөхөн алдартанд олгож байсан юм.
2014.10.30

УИХ-ын гишүүн Л.Болд” Баянхонгорын хүндэт иргэн” болжээ

УИХ-ын гишүүн Л.Болд “давхар дээлээ” тайлснаасаа хойш анх удаа хөдөө тийш хөлгийн жолоо залж, аян замын томилолтоор аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймагт ажиллажээ.

Тус аймагт нэлээд эртнээс хөрөнгө оруулалт хийж, соёл урлаг, боловсролын байгууллагыг дэмжин ажилладаг түүнийг орон нутгийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авсан байна. Тэрээр Баянхонгор аймагт “Лувсанвандан сан”-гийн шугамаар төдийгүй УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийхээ хувиар ямагт бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж ирснийг аймгийн удирдлагууд онцолдог юм байна.

Тухайлбал, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үедээ Баянхонгор аймагт барилгын цэргийн анги байгуулах шийдвэр гаргасан нь өнөөдөр аймгийн бүтээн байгуулалтын гол хүчин болж байгаа, түүнчлэн Гадаад харилцааны сайдаар ажиллах хугацаандаа тус аймагт байнгын ажиллагаатай хилийн боомт нээх асуудалд анхаарал хандуулж ирсэн зэрэгт нь орон нутгийнхан Л.Болдод ам сайтай, талархалтай ханддаг аж. Харин энэ үүнийхээ илэрхийлэл болгон түүнд “Баянхонгор аймгийн хүндэт иргэн” цол олгожээ.

Баянхонгор аймгийнхны хувьд “Хүндэт иргэн” цол нь улс, тив, дэлхийд нэрээ гаргасан цөөхөн алдартанд олгож байсан нэлээн нэр хүндтэй шагнал нь юм байна.