2008.10.23

Ж.Энхбаяр: УМХГ байснаараа монголын төр хүчтэй байж, ард түмэн эрхээ хамгаалж чадна

-Сүүлийн үед УМХГ-ыг эрхэлэх ажлынх нь хүрээнд яамдад нь хуваарилна гэдэг асуудал яригдах боллоо. Энэ салбарын дэд даргын албыг хашиж байсан хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол төрийн хараа хурц, чих сонор байх үүднээс УИХ-аас батлан гарч байгаа хууль тогтоомж нийтийг дагаж биелүүлэх дүрэм журмын хэрэгжилтийг хэрхэн биелүүлдгийг хянах үүрэг нь мэргэжлийн хяналтын газарт байдаг. 1990 оны эхээр Ардын хянан шалгах хороо гэж хүчирхэг том хяналтын байгууллагатай байсан ч үгүй болсон. Үр дүнд 70 гаруй жилийн түүхэнд бий болгосон өмчийн асуудлыг замбараагүй хяналтгүй зарцуулсан. Ард иргэдийн хувьцаа үнэт цаас үнэгүйтсэн гээд онохоосоо алдах нь ихсэж хяналтын системээ монгол улс алдсан. Миний бие хууль хяналтын байгууллагад найман жил удирдах ажил хийснээс гурван жилийг дээрх салбарт удирдах албан тушаал хашсан.

Итгэл үнэмшил маань монголын төр хүчтэй байхын тулд хяналтын байгууллага зайлшгүй гээд бүх л салбарын асуудлыг өөр дээрээ овооруулж болохгүй л дээ. Жишээ нь хувийн хэвшил мэргэжлийн байгууллагуудад нь шилжүүлэн өгөх бололцоотой хяналтын дүгнэлт гаргадаг функцууд ч байна. Цэвэр зах зээлийн журмын дагуу хувийн хэвшилд өгч тухайн салбарын мэргэжлийн байгууллагуудыг бий болгоно. Нэг хэсэг нь иргэний хяналтын систем рүү шилжүүлэхэд төр нь зайлшгүй өдөр тутам мэдэж байх ёстой. Ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллагуудын цаашдын чиг үүрэг төрд байхаасаа илүү УИХ-ын дэргэдэх байгууллагад оршин тогтнох юм бол илүү хүчтэй.

УИХ-ын батлан гаргасан хууль тогтоомжийг хянах гол боломж шүү дээ. Тэр нөхцөлийг улам шинэчлэн хөгжүүлнэ үү гэхээс биш дөнгөж байгуулагдаад таван жил болж байгаа хяналтынхаа бүтцийг татан буулгана гэж байгааг хэрхэвч зөвшөөрч чадахгүй. Монгол улсын эрх ашгийн үүндээс зайлшгүй хяналтын байгууллага төрд байх ёстой. Ялангуяа өнөөдөр бүх шүүх прокурор мөрдөн байцаах хууль хяналтын байгууллагын процедурт мэргэжлийн хяналтын үүрэг роль асар өссөн.

Өнөөдөр Эрүүгийн гэхээс илүү иргэний, арилжааны санхүү мөнгөний холбоотой маргаанууд гээд мэргэжлийн асуудлууд олон. Шүүгч хяналт тавьж байгаа прокурорт мэргэжлийн экспертүүдийн үг эцсийн шийд гарахад нь чухал болдог. Дээрээс нь энэ байгууллага олон түмэнд хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчдийн эрх ашгийн өмнөөс дуугарч эхэлсэн. Хэрэглэгч буюу ард түмний эрх ашгийг хамгаалах зах зээлийн нийгэм харилцаанд эцсийн байгууллага бол мэргэжлийн хяналтын байгууллага. Долоон хоногт 700-900 өргөдөл гомдол шийдвэрлүүлэх асуудал ирдэг. Ингээд үзэхэд ийм ачаалалтай ард түмний эрх ашгийг хамгаалж дуугардаг байгууллага монголд лав байхгүй. Тэр талаас нь бодож энэ байгууллагыг улам бэхжүүлэх ёстой.

-Урьд нь яамдуудынхаа харьяанд байсан УМХГ-ыг нүсэр бүтэцтэй  гэдэг үүднээс нь задлах гээд байгаа юм биш үү?

- Хяналт шалгалт давхардал, чирэгдэл нэг аж ахуйн нэгж дээр ихсэж үндсэндээ 64 салбар чиглэлийн хяналтыг мэргэжлийн хяналтын газар нэгтгэж байна. Үүнийг задлах юм бол 300 гаруй чиглэлийн хяналтууд нэг газарт төвлөрдөг байсныг цэгцлэх зорилгоор системтэй шалгалт хийсэн.
Тухайн асуудлыг олон талаас нь харж шалгалт хийлээ гэхэд тухайн аймаг орон нутгийн талаар цогц дүгнэлтийг мэргэжлийн экспертүүд гаргаж өгч чаддаг. Ингэснээр бодлого төлөвлөж асуудал төлөвлөхөд илүү олон талаас нь харж асуудлыг зөв шийдэх тал руугаа явна. Тиймээс хуучны олон давхардлыг таван жилийн дотор арилгасан. Хамгийн гол нь эсэргүүцдэг хүмүүс нь өөрөө төсвөө захиран зарцуулдаг салбарын сайдууд, улс төрчид хөндлөнгийн хяналтад дургүйцсэн санаагаар уг асуудлыг байнга ярьдаг. Бизнесийн байгууллагад ч энэ асуудал нэлээн том тавигддаг. Хэрэглэгчдийн хувьд энэ байгууллага байх ёстой.

-Гэхдээ хэрэглэгчид болсон иргэдээс тус байгууллагын талаарх санал гомдол тасрахгүй байдаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Монгол улсын 21 аймаг, хилийн 23 боомтын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Бүхий л салбарын нийтээр дагах мөрдөж дүрэм журам, хуулийн  хэрэгжилтэд хяналт тавьж түүнийг дагаад янз бүрийн асуудал гарах нь ойлгомжтой шүү дээ. Харин ийм тийм гэхээсээ илүү нэг байгууллагыг улам л төгөлдөржүүлээд явах ёстой болохоос татан буулгаж тараадаг асуудал байж болохгүй.
Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд нийт мэргэжлийн хяналтын гүйцэтгэж байгаа чиг үүргийн 30-40 орчим хувийг хувийн хэвшил мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэх бололцоотой харагддаг. 60 орчим хувьд нь төр зайлшгүй хянаж байх нь улс орны эрх ашгийн үүднээс хэрэгтэй. Иргэний хяналтын систем рүү нь хөгжих бололцоог нээж өгөөд шинэчлэлийн үе шат руугаа явна. Түүнээс хүрсэн түвшингээсээ ухраад анх 1990 оны яам яаманд байсан шиг хувилбар руу шилжих нь хөгжил дэвшил биш.

-УМХГ-ыхан хяналт шалгалт нэрийн дор тодорхой бизнес болгоод байгаа талаар иргэд ярьдаг асуудлыг юу гэж тайлбарлах вэ? -Жишээ нь: -Архины зөвшөөрөл олгодог асуудал байна?

-Иргэд нэг зүйл дээр андуурах юм. УМХГ нэг ч ширхэг лиценз зөвшөөрөл олгодоггүй. Олгогдсон зөвшөөрөл лицензийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Лиценз олгогдсон архи тамхи, импортлох, худалдан борлуулах зөвшөөрөл лицензийг хуучнаар Үйлдвэр худалдааны яам олгодог. Түүний хэрэгжилтэд монгол улсад даган мөрдөгдөж байгаа бүхий л хууль тогтоомж дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавьдаг.
Түүнээс бодлого тодорхойлдог байгууллага биш. Яамдын тодорхойлоод амьдралд явуулаад байгаа салбарын бодлого нь зөв байна уу буруу байна уу гэдэгт л хөндлөнгөөс шалгадаг. Тэгээд л энэ зөвшөөрөл лиценз, ашигт малтмал, химийн бодисын аюулгүй байдал чинь болохгүй байна гэдэг мэдээг УМХГ өгдөг юм. УМХГ-аас маш олон асуудлыг эрүүгийн байгууллагад хандаж байгаагаас харахад үйл ажиллагаа нь үр дүнтэй ч байна. Үр дүнгүй нь ч байна. Энэ байгууллага байснаараа монголын төр хүчтэй, ард түмэн эрх ашгаа хамгаалуулж чадаж байна гэсэн үг.

-Үнэхээр ард түмний эрх ашгийг хамгаалж чадаж байна уу?

-Үндсэн чиг үүргээ гүйцэтгэж байгаа. Үүнийг улам төгөлдөршүүлж сайжруулах хэрэгтэй.

-Яаж?

-Эхний ээлжид 30-40 хувийг нь иргэний нийгмийн мэргэжлийн байгууллагад нь хандуулах ёстой. Дахин хэлэхэд яамдад биш шүү.

-Иргэний байгууллагуудын хяналт гэдэг ?

-Олон улсын түвшинд гэхэд нийтийн хоолны үйлчилгээний салбарт мэргэжлийн хяналтын байгууллагаас илүү тухайн салбарын холбоод төрийн бус байгууллагууд хяналт тавиад дүгнэлтээ өгөөд зэрэглэл тогтоогоод сайн муугаар нь үнэлдэг. Тэдний ажиллах зөвшөөрөл ажлын байрны дүгнэлт зэрэгтэй мэргэжлийн хяналтын байгууллага зууралдаад байх шаардлагагүй. Стандартын асуудлын хэрэгжилт хяналтан дээр монголд мөрдөгдөж байгаа 3600 гаруй стандарт бий. Тэр мэтчилэн үүрэг ачаалал маань ихдэж байгаа. Нөгөө талаар төрийн албыг цомхон боловсронгуй болгох шаардлага тавьж байна. Энэ ажлын хүрээнд цөөлж өгөх нь зөв. Гол тодорхой салбарууд байна. Өнөөдөр тулгараад байгаа ашигт малтмал байгаль орчин, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудал зэрэг хэд хэдэн нарийн зүйл дээрээ гол хүч төвлөрлөө хаяад зарим хүрээгээ суллаад явчихвал болно.

-Чуулганы хуралдаан дээр Суруга Монгол компанийн талаарх хийсэн мэдээлэл чинь анхаарал татлаа.Энэ талаар тодруулахгүй юу?

-Суруга компанийг энэ жил дампуурсан гэдэг мэдээлэл бий. Нэлээд олон ЗУУН   тэрбумын асуудалтайгаар үйл ажиллагаа нь дампуурч байгаа гэсэн. Тэгээд ч миний мэдэхийн Суруга гэдэг компани байшин барина гээд 10 гаруй жил болж байна. Хамгийн анх гольфийн талбай авсаар өнөөдрийг хүртэл тодорхой хийсэн зүйлгүй их хэмжээний газрыг эргэлтэд оруулахгүй байж л байгаа. Тиймээс энэ тал дээр эргэж хараасай гэдэг үүднээс холбогдох хүмүүст нь мэдээлэл өгсөн. Жишээлбэл тэдний монгол дахь салбар компани дампуурлын хуулийн дагуу компанийн харъяанд байгаа бүх өмч хөрөнгө эзэмших болон ашиглах бүх эрх үнэлэгдэж цаашид өр төлбөрийн асуудал яригдана.

Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Улаанбаатар хотод байгаа А зэрэглэлийн нэлээн хэдэн га талбай тухайн өр зээлийн асуудалд явчих вий гэдэгт санаа зовниж байна. Гэтэл нөгөө талаасаа олон улсын өмнө хүлээсэн монгол улсын үүрэг байна. Олон улсын элчин сайд дипломат төлөөлөгч консулын байрны асуудал орж ирж байхад газар байхгүй гэдэг асуудлыг ярьж болохгүй. Ийм зүйлүүдийг эргэж хараасай гэдэг талаас нь хол богдох хүмүүст мэдээлэл өгсөн. Мөн хүүхдийн паркийн асуудал байна. Бид сайхан парктай болно гээд гурван жилийн өмнө үйл ажиллагааг нь зогсоосон ч хэвээрээ л байна.

Түрүүчээсээ хүүхдийн паркийн наад талаас цөмлөөд өөр зориулалтаар байгууллагуудад газар нь шилжих боллоо. Паркгүй хүүхдийн баяраа хийгээд явж байна. УМХГ-т ажиллаж байхад тухайн үйл ажиллагаанд нь хяналт шалгалт тавихад Японы Иточу компани албан ёсоор оролцоогүй гэдгээ илэрхийлсэн. Бид Иточу компани санал болгож цогцолбор хийнэ гэж ойлгож байсан ч "но"-той асуудал болсон. Үүнийг эргэж харах ёстой. Нэг бол хүүхдийн паркаа хий. Эсвэл буцаагаад дахин төлөлтөнд оруулж зориулалтаар нь ашиглах ёстой болохоос биш хэн нэгэн хүн аж ахуйн нэгж Улаанбаатар хотын төвд 30-40 га талбайг гурван жил хашаад бусдад зарж эрхийг нь шилжүүлээд байж болохгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээдэггүй гэдэг үүднээс нэг компанийн эрх ашигт халдсан үг хэлсэн юм биш биз дээ?

-Бодит байдал тэр. Арван хэдэн жил болоход ажил нь явагдсангүй. Япон дахь компани нь дампуурсан. Монгол Суруга компанийн үүсгэн байгуулагч нь Япон Суруга. Япондоо хуулийн этгээд биш болж байгаа учраас өмчлөлийн асуудлыг дагаад дахин асуудал босно шүү дээ. Дипломат төлөөлөгчийн газар Суруга компаниас 7 га газрыг нь дахин хуваарилж шийдэх гэж байна. Тиймээс нэг мөсөн анхаарч асуудлыг бодож бясалгаж үзээч ээ гэж байгаа юм. Баримт нотолгооны хувьд интернэт рүү ороод хайхад бүх зүйл тодорхой байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.