Ц.Оюундарь: ҮЗХ-г ойрын хугацаанд хуралдуулна
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.11.05

Ц.Оюундарь: ҮЗХ-г ойрын хугацаанд хуралдуулна

Улс төрийн нөхцөл байдал эгзэгтэй, Ерөнхий сайдыг огцруулах асуудал хүлээлт үүсгээд байгаа энэ үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

АН-ын бүлэг өнөөдөр /өчигдөр/ хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй. Сэтгүүлчид бүлгийн хурлаар Ерөнхий сайдын асуудлаар нэгдсэн шийдэлд хүрсэн эсэхэд хариулт хүлээж байлаа?

Бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногт хуралдаад МАН-ын тавьсан шаардлагад үндэслэн Ерөнхий сайдаа огцруулахгүй гэдэг дээр санал нэгдсэн 

Оролцоогүй гишүүдээ оролцуулж энэ асуудлыг ярихаар болсон байгаа. Бүрэн ирцтэй оролцуулах гэж байгаа. Өнөөдөр ирц бас л хангалтгүй байсан учраас төсвөө яриад, Ерөнхий сайдын асуудлаа хойшлуулсан. Маргааш /өнөөдөр/ байнгын хороодын хуралдааны дараа бүлэг хуралдах зар ирсэн.

-Өнгөрсөн амралтын өдөр болсон АН-ын удирдах ажилтны зөвлөгөөнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат эвдрэлцвэл ялагдана гэж хэлсэн. Зөвлөгөөнд оролцогчид ч гэсэн засаг төрөө тогтвортой байлгах хэрэгтэй гэж ярьцгааж байна. Тогтвортой байлгах хэрэгтэй гэдэг дээр олонх санал нэгдэж чадаж байна уу?

Хавраас эхлээд анхан шатны нэгжүүд дээрээ ажиллах шийдэл гаргаад бүх аймаг, суманд очиж ажилласан. Нэг аймагт дөрвөн баг гараад ойролцоо сумдын нэг сумдад цуглуулаад 84 суманд 10-аад мянган гишүүнийг хамруулсан сургалт хийсэн. Ингээд явж байхад манай анхан шатны нэгжид ажиллаж байгаа гишүүд засаг төрөө тогтвортой байлгах хэрэгтэй гэж байна.

1996-2004 онуудад дандаа дээгүүрээ хагаралдсан, анхан шатны нэгжүүдэд ажиллаж байгаа хүмүүсийнхээ саналыг авахгүйгээр шийдвэрээ гаргаад засаг төр  өөрчлөгдөөд явсан. Түүний төлөөсийг орон нутгийнхан бид үүрсэн. Том дарга нар бүгд гадагшаа гараад явсан. Хөдөөгийнхөн бид МАН-ын хаанчлалд ад үзэгдэж, хэдэн үеэрээ ажил төрөлгүй байлаа гэж учирлаж байна.

Намар үлдсэн 10 аймагтаа ажиллах үеэр Ерөнхий сайдын асуудал бас яригдаж байсан.

Орон нутгийнхан өөр болсон байна, эмзэг байна гэдгийг ойлгоосой гэдэг үүднээс гишүүдээс гарсан саналыг нэгтгээд товхимол гаргаад намынхаа удирдлагад хүргүүлсэн. Бид дамжуулж хэлэхээр гишүүд сайн ойлгохгүй байх шиг байна.

Намар үлдсэн 10 аймагтаа ажиллах үеэр Ерөнхий сайдын асуудал бас яригдаж байсан. Үүнд анхан, дунд шатны гишүүд маань эмзэглээд ерөөсөө нүүр нүүрээ харж ярилцах санал тавьсан. Ингээд Засгийн газрыг огцруулах асуудал энэ сарын 1 гэхэд шийдэгдчих байх гэж төлөвлөөд Удирдах ажилтны зөвлөгөөнөө хийсэн юм.

Харамсалтай нь энэ асуудал шийдэгдээгүй, хэрхэх нь тодорхойгүй байна. Ийм цаг үе таарсан учраас Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, бүтээн байгуулалтын туршлага зэрэг чухал асуудлаа ярилцаж чадсангүй. Улс төрийн нөхцөл байдал ярьсаар байгаад зөвлөгөөн дууссан.

Ингээд орон нутгаас ирсэн гишүүд маань Засаг төрийн нөхцөл  байдал шийдэгдтэл явахгүй, нам дээр суулт хийнэ, гишүүд уриад байхад яагаад ирдэггүй юм гээд сууж байна.

-АН-ын  орон нутгийн төлөөлөл зөвлөгөөний үеэр бухимдалтай байх шиг санагдсан?

Дахиад хагарчих вий, бутарчих вий гэдэг болгоомжлол орон нутгийн бүх гишүүнд байна. Тэр бухимдлаа гаргасан байх. Хэвлэл мэдээллээр дандаа л хагарах гэж байна, хэдэн хүмүүс засгаа унагаах гэж байна гэж мэдээлж байгаа. Энэ бүхнийг их эмзэг хүлээн авдаг юм байна.

-Ж.Батзандан  гишүүнийг намаас хөөх хэрэгтэй гэж орон нутгийнхан мэдэгдээд байгаа. Гэтэл бүлгийн дарга Д.Эрдэнэбат намаас хөөх дүрмийн зөрчил байхгүй гэсэн. Ж.Батзандан гишүүн намаас хөөгдөх  хэмжээний зөрчил гаргаагүй гэжүү?

АН-ын дүрэмд байгуулсан Засгийн газрынхаа эсрэг санал өгч, түүний үр дүнгээр Засгийн газар огцорсон бол намаас хөөнө гэж заасан.

Одоогийн байдлаар Засгийн газар огцроогүй. Ерөнхий сайдыг огцруулах тогтоол дээр л гарын үсгээ зурсан байгаа. Энэ нь нөгөө талаас гишүүний намдаа үзүүлж байгаа  шахалт ч байж болно. УИХ-дээр асуудлыг хэлэлцэх үед аль кнопыг дарахаас л  шалтгаална.

Манай намынхан 25 жил чөлөөтэй яриад сурчихсан. Гэтэл эрх баригчдын хэлж ярьж байгаа бүхэн  эмзэг тусч байна. Үүнийг манайхан мэдрэхгүй, ухамсарлахгүй байгаа тал бий. Эрх баригч хүчний хэлж байгаа бүхэн олон нийтэд соргогоор тусч, тэр нь шийдвэр болж магадгүй учраас эмзэг хүлээж авдаг.

Д.Эрдэнэбат дарга дүрмээ мэдэж байгаа учир тэгэж хэлсэн байх. Үнэхээр эсрэг санал өгөөд засгаа унагаачихвал энэ нь бүх гишүүнд хамаатай. Дүрмээрээ зөрчил болно.

-Р.Бурмаа гишүүн өмнө нь Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг зурж байсан. Энэ удаа ч намынхаа эсрэг байгаа. УИХ-д жагсаалтаар сонгогдсон хүн намынхаа эсрэг  хоёр ч удаа шийдвэр гаргалаа шүү дээ?

Одоогийн эрх зүйн зохицуулалтаар тойргийн, жагсаалтын гэдэг зохицуулалт байхгүй  учраас ялгаатай авч үзэх боломжгүй. Өмнө нь гарын үсэг зурсан ч Засгийн газар унаагүй учраас дүрмийн зөрчил тооцоогүй.

-АН-ын ҮЗХ 2012 оноос хойш хуралдаагүй. Харин саяхнаас хуралдах гэж байна гэдэг шуум  гарч эхэллээ.  Одоо үүсээд байгаа нөхцөл байдал ҮЗХ-г хуралдуулах шаардлага болж чадах уу?

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хүмүүсийн зарим нэгээс нь “Хэрэв огцрууллаа гэхэд ямар гарц байгаа вэ” гэж асуухаар МАН-ыг засагт оруулж, том эвсэл байгуулж, асуудлаа шийдэхгүй бол намуудын талцлаар  явахаар олон чухал ажил хоцрогдох гээд байна гэдэг зүйлийг ярьдаг.

Сөрөг хүчин гэхээр сөрөг л байх ёстой гэдэг байр суурьнаас асуудалд хандаж байна. Ийм байдалтай байхаар хөгжлийн том төсөл төлөвлөгөө явахгүй байна. Тиймээс эдийн засгийн энэ нөхцлөө хараад  бүгдээрээ нийлээд  том эвсэл байгуулъя гээд байгаа.

Үүнийг  манай намын гишүүд огт  хүлээн зөвшөөрөхгүй байгаа л даа. Хэрэв МАН засагт орвол эргээд орон нутагт ноёлж байсан хаанчлал сэргэнэ гэцгээж  байна.  Орон нутаг дахь МАН гэдэг бол төвд байгаа МАН-тай харьцуулшгүй эрх дархтай. Тиймээс л жирийн гишүүд эсэргүүцээд байгаа юм.

Үүнээс үүдээд хэрэв МАН-ыг засагт оруулахыг бүлгийн гишүүдийн олонх нь дэмжвэл ҮЗХ зайлшгүй хуралдана. 2012 онд хуралдсан ҮЗХ-оор “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай эвсэх тухай шийдвэр гаргасан. Үүнийг өөрчлөх шийдвэр  нь ҮЗХ-оос гарах учиртай.

-МАН-ын зарим нэг гишүүнээс  зөвшилцөх хэрэгтэй, ширээний ард суумаар  байна гэдэг зүйлийг ярьж эхэллээ?

МАН-ынхны зөвшилцөл хийхийг дэмжээд байгаагийн цаана их буруу ойлголт явж байгаа Засагт орж, эрх мэдэлтэй байвал улс орныхоо төлөө ажиллаж болох юм шиг.  Хоёр жил бойкотоллоо.Сүүлдээ аргаа бараад  МАН-ыг оруулж шийдье гэдэг зүйл ярьж байгаа нь алдаа. МАН хоёр жилд зургаан удаа Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж, УИХ-ын тал цагийг авлаа.

Үнэхээр улс орныхоо хөгжлийн төлөө гэсэн үнэн нүүр царай нь энэ үү.

-ҮЗХ –ны 228 гишүүний тал нь төрийн албан хаагч, өнгөрсөн хоёр жилд  төрийн албан хаагч болсон гишүүнийхээ оронд шинэ хүн томилоогүй гэдэг хэр бодитой мэдээлэл вэ?

Хүмүүс тийм зүйл ярьж байгаа. Гэхдээ нам дээр  байгаа судалгаагаар 228 гишүүний 46 нь тангараг өргөсөн, төрийн алба хашиж байгаа хүмүүс байна. Тэгэхээр үлдсэн гишүүд нь хангалттай ирц учраас заавал шинээр х

үн сонгох шаардлагагүй. Нам хэвтээ тогтолцоотой учраас аймгийн намын хороод эрх мэдлийнхээ хүрээнд хурлаа хийгээд ҮЗХ-ны гишүүдээ шинээр томилсон, нөхөн сонгосон  тохиолдол байгаа.

-АН, МАХН-ын гэрээний асуудал сөхөгдөхөд ҮЗХ эрх мэдлээ Гүйцэтгэх зөвлөлдөө шилжүүлсэн гэдэг зүйл бас яригдсан. Гүйцэтгэх зөвлөл тавдугаар сарын 28-нд хуралдаад МАХН-тай гэрээ хийхийг зөвшөөрсөн ч гэдэг мэдээлэл байсан. Үнэхээр гүйцэтгэх зөвлөл нь асуудлаа шийдэх эрхтэй байсан бол гэрээг буцаахгүй биз дээ?
Үнэхээр улс орныхоо хөгжлийн төлөө гэсэн үнэн нүүр царай нь энэ үү.

2012 оны сонгуулийн өмнө хуралдсан ҮЗХ цаашдаа тодорхой эрх үүргээ  Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлэх шийдвэр гаргасан. Гүйцэтгэх зөвлөл эрх мэдлээ авсан учраас гэрээ байгуулъя гээд явсан. Гэтэл Гүйцэтгэх зөвлөлд өөр намтай гэрээ байгуулах асуудлыг шийдэх эрх өгөөгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн.

Тиймээс намын дарга гэрээгээ эргэж хараад буцаахаар боллоо. Гүйцэтгэх зөвлөл дээр гэрээний асуудал яригдахад С.Баярцогт гишүүн бид хоёр эсрэг саналтай байсан.

-Гэрээний асуудлыг их хурлаараа шийдэх нь зөв гэж үзэх хүмүүс бас байсан?

Их хурлаа хуралдуулж шийдэх ёстой гэдэг саналыг  аймаг, сумын дарга нар тавьж байгаа. Намынхаа дүрмийг баримтлахгүй байх зэрэг асуудал гарч  байна. Ер нь бүлгийн шийдвэр Ерөнхий сайдаа огцруулахгүй гэж гарчихаад байхад огцруулна гээд байгаа цөөнх шийдвэрийг нь дагахгүй байгаа нь буруу. 

Цаашдаа дүрмээр шийдэж болохгүй асуудал гарах магадлал байгаа учраас их хурлаа хуралдуулж намын дүрмээ шинэчлэх нь зөв гэдэг шаардлага гарсан. Ойрын үед ҮЗХ юмуу намын их хурал хуралдах байх.

-АН дотор олон фракц байна. Тэд намынхаа төлөө яваагүй гэдэг нь Э.Бат-Үүл даргын мэдэгдлээс л харагдаж эхэллээ. Яагаад  намынхаа үнэт зүйлийг хамгаалахын эсрэг ажиллаад байна вэ?

Эрх ашгийн эрэмбэ гэж бий. Эхлээд улс орны, намын, фракц бүлэглэл, тэгээд хувь хүний эрх ашиг байна. Улс орны эрх ашиг бол төр тогтвортой байх. Эдийн засаг хүнд байхад Засгийн газраа огцруулж төрөө бужигнуулж болохгүй. Намын эрх ашиг байна. Эсрэг саналтай  хүмүүс дараагийн сонгуулиар саналын хуудасны ард МОАХ гэж лав бичихгүй.

Тэр хүмүүсийн нэрний ард одоо балбаад байгаа АН-ын нэр л  бичигдэнэ шүү дээ. М.Зоригт гишүүнийг хар. Твитерээр байнга  л засгаа муулж бичнэ.

Тэгсэн мөртлөө Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил, замын нээлтэд очоод  тууз хайчлаад, Шинэчлэлийн Засгийн газар ийм  бүтээн байгуулалт хийлээ, энэ бол хөгжлийн зам гэх зэргээр гоё зүйл яриад явах  юм.  Үг үйлдэл нь зөрөөд байдаг ийм хүмүүсийг  ойлгохгүй байна.

-Нэгдмэл зорилготой нэг намд фракциуд байх шаардлагагүй юм биш үү?
Эрх ашгийн эрэмбэ гэж бий. Эхлээд улс орны, намын, фракц бүлэглэл, тэгээд хувь хүний эрх ашиг байна. 

Маркс Энгельсийн коммунизмын тухай онолыг уншсан барууны эрдэмтэн “Энэ бол гайхалтай онол байна. Гэхдээ хүн бурхан  шиг болсон цагт л хэрэгжих онол байна” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр гоё идеал байх, тэр нь амьдралд хэрэгжих хоёр  өөр. АН-ын дүрэм гэхэд Үндсэн хуулиас эхтэй. Гэтэл Үндсэн хууль нь Засгийн газар, Ерөнхий сайддаа эрх мэдлээ өгөөгүй.

УИХ-ын гишүүн болгон лоббидож байгаад хүнээ Засагт оруулдаг. Чиний төлөө кноп дарсан учраас намайг дэмжинэ, миний ажлыг бүтээж өгнө гэдэг байдлаар явж байна. Энэ боломжийг Үндсэн хууль олгочихож. Сонгодог парламенттай улсуудад хэзээ ч ийм зүйл байдаггүй. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, тэр байтугай тараах эрх мэдэл ч бий.

Гэтэл  Ерөнхий сайд, сайдууд нь УИХ-аас томилж байгаа учир адил тэгш эрхийг олгож байна. Үндсэн хуульд өөрчлөлт  оруулах  шаардлага байгааг манай УИХ-ын гишүүд олоод харчихсан яваа. Энэ бүхэн аль ч нам гарсан ялгаагүй үргэлжилнэ,  хямарна. МАН дотор ч ийм бүлэглэл олон байсан.

Бүлэглэлийн ашиг сонирхол нь туйлдаа хүрээд л өнөөдөр хоёр нам болж хуваагдаад байна шүү дээ. Ил гардаггүй мөртлөө, салах хэмжээний хүртлээ зөрчил үүссэн байжээ гэж хэлж болохоор  байна.

-Тэгвэл АН анхнаасаа энд тэндээс урваж шарвасан, гудамжны улс төр хийж байсан хүмүүсийг намаасаа дэвшүүлж алдаа гаргасан юм биш үү?

Тухайн  намын дүрмийг зөвшөөрч байгаа хэн ч хэзээ намд элсэхэд нээлттэй. Ялгавартай хандах боломжгүй. Намаас нэр дэвшүүлэхдээ тухайн хүний ялах магадлалыг илүү харгалздаг. Санал асуулга явуулаад рейтинг гайгүй хүмүүсээ дэвшүүлдэг. Би хувьдаа Х.Баттулга гишүүнийг том төслөө явуулах үүднээс асуудалд хандаж байна гэж ойлгож байгаа.  Энэ бол намыг хагалах гэсэн зүйл биш. 

-Одоо хүмүүсийн нэг л зүйлийг хүлээж байна. Ерөнхий сайдыг огцруулах уу  авч үлдэх үү гэж?

Нам дээр яригдсан нэг зүйлийг хэлмээр байна. Ерөнхий сайд хэн байх нь хамаагүй, тогтвортой байдлыг л хүсч байгаа. Түүнээс  Н.Алтанхуягийг өмөөрөөгүй гэж ярьсан. МАН анх удаа сөрөг хүчин боллоо.

Хуучин төрийн дээр байсан  бүтцэд нь өөрчлөгдөөгүй нам. Төр шиг байсан энэ том институт чинь тэр чинээгээрээ өргөн сүлжээгээр засгийг муулах, алдаа дутагдлыг олж илрүүлэх ажлыг төрийг удирдаж байгаа юм шиг системтэй хийж байна.

Тэгэхээр Ерөнхий сайдаар мундаг нэр хүндтэй Э.Бат-Үүл, Х.Баттулга хэн ч очсон яг л Н.Алтанхуяг шиг болно. Авгай хүүхэд, ойр тойрны хүмүүсийг нь тойрч байгаад ямар нэг алдаа дутагдал олоод тал талаас нь шаваад дараагийн нэг аймшгийн амьтан болж хувирна. Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалж ийм юм болно. Тийм учраас Ерөнхий сайдаа авч үлдэх хэрэгтэй гэж ярьцгааж байна.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?

-Юм хийж байгаа хүн л алдаа гаргадаг. Энэ жишгээр л Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг элдвээр муучилж байгаа. 1992 оны П.Жасрай гуайн Засгийн газар нэг л дүмбэгэр, их сайхан тогтвортой  байсныг санадаг.  Ингээд 1996 онд 72 хүний суудалтай байсан эрх баригч нам  25 гишүүнтэй болж байсан шүү дээ. Өөгүй, алдаа гаргахгүй байх нь сайн ажиллаж байгаа хэрэг биш.

Зам тавьчихсан байхад хүртэл шүүмжилдэг. Шүүмжлэлийн  байх болох үндэс нь ажил хийж байгаатай л холбоотой. Гэхдээ Засгийн газрын сайдууд алдаа гаргаж байсныг бол тухайн үедээ эсэргүүцээд хэлээд явсан. Өнгөрсөн аравдугаар сард найман аймаг, зургаан дүүргийг хамарсан рейтингийн суурь судалгааг хөндлөнгийн гурван компаниар хийлгэсэн.

Энэ судалгаагаар Засгийн газрын ажлыг дангаар нь биш өмнөх гурван Засгийн газартай  харьцуулсан байдлаар дүгнэсэн юм.  Энэ харьцуулалтаар Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн өндөр хувьтай гарсан байна лээ. Судалгааны дүгнэлтээр “Шинэчлэлийн Засгийн газар хатуу дэмжигчтэй, хатуу эсэргүүцэгчтэй, хамгийн нэр нэр хүнд бүхий, хамгийн их эсэргүүцэл бүхий Засгийн газар” гэсэн байгаа.