Италийн төр, мафи хоёрын нөхөрлөл
Джорджо Наполитано шүүхэд дуудагдсан Итаийн анхны ерөнхийлөгч болов. Фото: Thomas Peter / Reuters
2014.11.06

Италийн төр, мафи хоёрын нөхөрлөл

Италийн түүхэнд ховорхон тохиол болж Италийн ерөнхийлөгч Джорджо Наполитано эрх баригчид мафитай хуйвалдсан хэрэгтэй холбоотой шүүхэд мэдүүлэг өгөв. Италийн хойгийн хувьд төрийн түшмэл, гэмт хэрэгтэн хоёр ялтны сандалд зэрэгцэн суух нь цөөнгүй байдаг. Ерөнхийлөгч мэдүүлэг өгөх болсон нь Итали улс болон түүний нэр хүндэд муугаар нөлөөлж болох ч Прокурорын газар 1990-иэд онд төр, мафи хоёр ямар холбоотой байсныг илрүүлэх зорилгоор Ерөнхийлөгчөөсөө мэдүүлэг авахаар шийджээ.

Ерөнхийлөгчийн мэдүүлэг

Ерөнхийлөгчийн мэдүүлгийг сонсохоор 40 орчим хүн Ромд иржээ. Эхний хуралдаан Ерөнхийлөгчийн ордонд хаалттай хаалганы цаана гурван цаг үргэлжлэв. Ерөнхийлөгчийн тамгын газрын шаардлагаар  хуралдаанд гар утас, зөөврийн компьютертай ирэхийг хориглов.

Өнөөг хүртэл Наполитано нэг ч удаа шүүхэд дуудагдаж байсангүй. “Хуримын генералууд” гэгддэг өмнөх ерөнхийлөгчдөөс ялгаатай нь Наполитано улс орныхоо амьдралд чухал үүрэг гүйцэтгэхийг хичээж найман жилийн дотор гурван удаа Италийг улс төрийн хямралаас аварчээ.

Төрийн тэргүүнийг шүүхэд дуудах болсон шалтгаан нь мафиуд төрд дайн зарлаж байсан Италийн түүхийн хар хуудсуудыг сөхөх оролдлого эхэлсэнтэй холбоотой юм. 1992 онд ерөнхий сайд асан Джулио Андреоттийн найз, улс төрийн нэрт зүтгэлтэн Сальваторе Лимийн амийг хөнөөсний дараа аймшигт аллагууд нийгмийг цочроосон юм. Лимийн аллага бол Андреотти шоронгоос хэд хэдэн том гэмт хэрэгтнийг гаргаагүйн төлөө мафиудын хийсэн өшөө авалт байсан юм. Удалгүй Джованни Фальконе, Паоло Борселлино гэсэн хоёр төрийн зүтгэлтэн алуурчдыг шоронд хийснийхээ төлөө амиа алдав.

Cosa Nostra (“бидний үйл хэрэг”) хэмээх мафийн бүлэг, эрх баригчдын хоорондох дайнд энгийн иргэд ч бас үхэж байв.  Мафийнхан Ром, Милан, Болонь болон Флоринцийн Уффицийн галерейд бөмбөг дэлбэлж үр 10 хүн амь эрсдэж, олон арван хүн шархдав. Флоринцид нялх хүүхэд бөмбөгт өртөж, хэд хэдэн үнэт зураг сүйтгэгдэв.

Сицилийн мафийн толгойлогч Сальваторе «Тото» Риино

Мафийнхнаас гадна тэдэнтэй хуйвалдсан төрийн ажилтнууд шалгагдаж эхэллээ. Прокурорын газрын үзэж буйгаар 20 жилийн өмнө эрх баригчид аллагыг зогсоохын тулд шоронд хоригдож байсан Cosa Nostra-гийн 300 гишүүний амьдрах нөхцлийг сайжруулж, мафиудыг мөрдөхөө багасгасан гэж үзэж байна.

Тухайлбал Дотоод хэргийн сайд асан Никола Манчино, экс сенатор Марчелло дель Утри болон хүчний байгууллагын өндөр албан тушаалтнуудыг сэжигтнээр татав. Тэдэнтэй зэрэгцэн 80, 90-иэд оны мафиудын “толгойлогчдын толгойлогч” болох Сальвааторе «Тото» Риино шүүгдэж байна.

Рииног залгамжилсан Бернардо Провенцано бараг арван таван жил “баривчилж болохгүй хүн” гэсэн эрхтэй байв. Цагдаа нар түүнийг Сицилийн Корлеоно хотод байгаа гэдгийг мэдэж байсан ч юу ч хийсэнгүй өдий хүрчээ. Палермогийн прокурорын газар цагдаа нар юу ч хийгээгүй нь эрх баригчид мафиудтай хуйвалдсантай холбоотой гэж үзэж байна.

Шүүх ажиллагаа 2017 оноос өмнө дуусах ёстой аж. Буруутгагч  болон хамгаалагч талынхан нийлээд нийт 1788 хүн шүүхэд дуудагдав. Харин 1992-1994 онд Италийн парламентын доод танхимын Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан ерөнхийлөгч Наполитано олон гэрчүүдийн нэг болов. Түүнчлэн хуучин прокурор, эдүгээ Сенатын хурлын дарга Пьетро Грассо ч бас гэрчээр дуудагдав.

Берлускони мафийнханд мөнгө төлдөг байжээ

Сильвио Берлускони шүүхэд дуудагдах эсэх нь сонирхолтой байна. Мафиуд Италийн олон төрийн зүтгэлтнийг айлгаж байсны дотор Сильвио Берлускони байв. Тэр 1970-аад онд дээрэмчдэд багагүй мөнгө төлж байжээ. 

Өмнө нь мафийн толгойлогчид Берлускониг жижиг гар хэмээн үздэг байв.

“Толгойлогчдын толгойлогч” Риино хүртэл Берлусконитой холбоотой байснаа албан бусаар мэдэгдсэн. Түүний ярьснаар Берлускони мафиудад жил болгон хагас сая лир төлдөг байжээ. Түүчнлэн Берлускониг дуулгавартай болгохын тулд Катани дахь түүний хэдэн супермаркетыг шатаахаас өөр аргагүй болсон аж. Риино өөрөө Берлусконитай уулзаж байгаагүй бөгөөд түүнийг “жижиг гар” гэж үздэг байв. Харин Берлускониг 1994 онд Ерөнхий сайд болоход Риино шоронд орчихсон байлаа.

Ер нь Италид мафиуд “томчуудын” гэр бүлийг хамгаалсныхаа хариуд их мөнгө авдаг практик бий. Энэ жишгээр Берлускони Риинод мөнгө төлдөг байв. Берлускони болон түүний хоёр хүүхэд, анхны эхнэрийн аюулгүй байдлыг Витторио Мангано хариуцдаг байсан бөгөөд хожим нь аллагын хэргээр баригджээ.

Түүнчлэн Италид киднеппинг буюу “чухал хүн” хулгайлах бизнес цэцэглэсэн. Иймэрхүү ажлыг Италийн Өмнөдөөс ирсэн дээрэмчид аж үйлдвэр хөгжсөн Умардад очиж хийдэг.

Үүний нэг тод жишээ нь 1973 онд Ндрангета хэмээх мафийн бүлгийн хийсэн хэрэг юм. Газрын тосны магнатын 16 настай ач хүүг хулгайлж таван сар хорьжээ. Мафиуд хүүгийн төлөө 17 сая доллар шаардсан ч эцэст нь хоёр саяыг аваад суллажээ. Хүүгийн өвөө Джон болсон үйл явдлаас болж хар тамхичин болов. Улмаар найман жилийн дараа сохорч, ярьж чадахаа байж, үлдсэн амьдралаа тахир дутуу өнгөрөөжээ.

Гандан буурахгүй “Джулио ах”

Джулио Андреотти

Засгийн газар, мафи хоёрын хуйвалдаан мафиудын “Джулио ах” хэмээн нэрлэдэг Джулио Андреотти Италийн Сайдуудын зөвлөлийг толгойлж байх үед ид цэцэглэж байв. 1993 онд эхэлсэн мөрдөх ажиллагаагаар эдүгээ насан туршийн сенатор болсон Андреоттигийн удирдлаган дор Сицилийн ардчилсан хүчний лидер, Европын парламентын гишүүн, Палермо хотын захирагч  Сальваторе Лима нь мафийн боссуудтай хэлэлцээр хийдэг байсан нь илэрчээ.

Анх 1994 онд Палермогийн шүүх түүний эсрэг хэрэг үүсгэснээр түүний нүглийг хэлэлцэх болов. Италид “зууны хэрэг” гэж нэрлэсэн Андреоттигийн хэргийг шүүх ажиллагаа 1999 онд дуусчээ. Шүүхийн зүгээс “хангалттай баримт байхгүй учраас Джулио Андреоттиг гэм буруугүйд тооцов” гэсэн шийдвэр гаргажээ.

Гэвч 2002 онд “Джулио ахын” эсрэг шинэ хэрэг үүсэв. Түүнийг кино урлагийн нэрт зүтгэлтэн Пекореллигийн аллагын хэрэгт буруутгав. Шүүх түүнд 24 жилийн  хорих ял оноосон ч Андреотти эрх чөлөөтэй үлдэв.