А.Бакей: УИХ-ын тогтоолыг хуульд нийцүүлж байгаа юм
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.11.10

А.Бакей: УИХ-ын тогтоолыг хуульд нийцүүлж байгаа юм

Өнгөрсөн баасан гаригт “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэнэ. Хурлаар саяхан Ерөнхий сайдын ажлаа Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэж өгсөн Н.Алтанхуягийн асуудлыг хэлэлцэнэ. Шинэ Ерөнхий сайд томилогдохоос өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр эргүүлэн томилох нь” гэсэн мэдээлэл түгсэн. Энэхүү мэдээлэл ортой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд нотолсон бөгөөд тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болохыг хүсэж байгаа бололтой” хэмээн мэдэгдсэн юм. Үйл явдал юунаас эхтэй болохыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.

-Баасан гаригт таны удирддаг Байнгын хороо хуралдаж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилох гэж байгаа тухай мэдээлэл түгсэн. Энэ хурал болсон уу. Огцорсон Ерөнхий сайдын асуудал яагаад дахин хөндөгдөв?

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын 68 дугаар тогтоол нь өөрөө хуулийн зүйлчлэлийн хувьд буруу гарсан гэх асуудал хөндөгдсөн. Энэ асуудлаар Байнгын хороо хуралдах байсан ч хойшилсон. УИХ Н.Алтанхуягийг огцруулах тухай 68 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.3 дахь заалтыг үндэслэл болгосон байгаа.

Өөрөөр хэлбэл, “Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ” гэдэг заалтаар чөлөөлсөн байгаа.

Харин Үндсэн хуулийн 40.2 дугаар зүйлд “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэж заасан байгаа энэ хоёр заалт зөрчилдсөн учраас асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь гарч ирсэн.

-Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг хэн бэлдсэн юм бэ. Ийм зөрчил үүсэхийг олж хараагүй хэрэг үү?

-Энэ зүйлчлэл УИХ-ын Тамгын газраас орж ирсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх өдөр манай Төрийн байгуулалтын байнгын хороо ачаалал ихтэй ажилласан л даа. Байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргамагц асуудлыг шууд УИХ хэлэлцсэн.

Угтаа бол Ерөнхий сайдыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.1 буюу “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд энэ нь УИХ тэдгээрийг томилсноор эхэлж, Ерөнхий сайд болон Засгийн газрын тухайн гишүүнийг шинээр томилсноор дуусгавар болно” гэх үндэслэлээр чөлөөлөх ёстой юм билээ.

-Хууль тогтоох дээд байгууллагаас гарсан шийдвэр шүү дээ. Сайн хянаагүй юм уу. Энэ нь Н.Алтанхуяг гэдэг хүн сандал ширээтэйгээ зууралдаад байгаа юм шиг харагдуулсан?

Анхнаасаа сайн хянаагүй юм билээ. Харин энэ асуудлыг УИХ-ын зарим гишүүн хөндсөн учраас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын чуулганд оруулах ёстой гэж үзэж байна.

Энэ нь хэн нэгэн хүн сандал ширээтэй зууралдаагүй, УИХ-ын тогтоолыг хуульд нийцүүлж байна гэж ойлгох хэрэгтэй.